NEW 76 | “Женко”-гийн бэлтгэсэн мал аж ахуйн “Инженер”

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Сүүлийн үед “Женко”-гийн бэлтгэсэн нэг тооны багш мал аж ахуй, газар тариалан гээд бүлтэрч суух болж. Хүн мэдэхгүй юмаа ярих нь дэндүү утгагүй. Тэр тусмаа өөрийнхөө гараар “сүйтгэсэн” зүйлээ нурж унаж байна гэж худлаа халаглаж, бурууг бусдад тохох нь бүр ч зохисгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүн Н.Ганибал гэх нөхөр ямар замаар явж мал аж ахуйн салбарын “инженер” болсон талаар цухас өгүүлэх хэрэг гарна. Ямартай ч бүхэл бүтэн улсын амьдралыг нуруун дээрээ үүрч дүүрч ирсэн мал аж ахуй, газар тариалангийн салбар нэг тооны багшийн худлаа цэцэрхэлээр дутахгүй нь лавтай.

Тухайлбал, тэрбээр “Малчдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнийг өсгөх хэрэгтэй”, “Боловсруулж борлуулаад мөнгө болгох ёстой бүтээгдэхүүнээ зүгээр хог болгоод хаячихаж байна” гэх зэргээр хэнэг ч үгүй ярих юм. Тэр уг нь 2012 онд Х.Баттулгыг ХХААХҮ-ийн сайд болоход тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллахаар Сүхбаатар аймгаас ирсэн юм. Ирсэн ч юу байхав, тухайн үеийн аймгийн Засаг дарга Ж.Батсуурь түлхэж, “Женко” Х.Баттулга тосож авсан юм. Эрх биш, хөдөөний хүүхэд ишиг хурга ялгахтайгаа яаманд ирсэн байх. Түүнээс энэ салбарт бодлого барих хүн бол яавч биш. Энэ цаг үед мал аж ахуйн салбар бүхэлдээ уналтын байдалд орсон байсныг хэн ч санах байх. Хонины нэхийг шууд л хог дээр хаяхаас өөр сонголтгүй байв. Тэгвэл 2016 оноос хойш хонины нэхий үнэтэй болж, аажмаар бага ч гэсэн тасралтгүй өссөөр байгаагийн зэрэгцээ Дархан-Уул аймагт арьс шир боловсруулах үйлдвэр хүртэл баригдаж байна.

Ерөөсөө Х.Баттулгыг салбар тэргүүлж байхад, Н.Ганибалыг газрын дарга байхад мал аж ахуйн салбар бүхэлдээ унасан гэдэгтэй би лав санал нийлнэ. Яахав, Х.Баттулгын үед улаан буудайныхаа хэрэгцээг дотоодоо хангаж байсан үе ч бий, ОХУ-аас дэмжлэг авч байсан үе ч бий. Аливаа зүйл гэрэл сүүдэртэй л байдаг. Харин Х.Баттулга Р.Бурмаад тамга шилжүүлэх мөчид ОХУ-аас лавтай ихээхэн хэмжээний будаа оруулж ирж байсан юм. Энэ нь Р.Бурмаад хаяглагдаж үлдсэн болохоос бус үнэн хэрэгтээ Х.Баттулгын ажлын үзүүлэлт хэдхэн сарын дараа илэрсэн нь тэр байх. Энэ үеэр экспортын маханд олгодог зөвшөөрөл тойрсон наймаа галзуурч, энэ төрлийн ченжүүд яамаар дүүрсэн тухай яриа ч бий. Махны салбар мөнгөтэй хятадуудын гарт орчихсон байсныг хэвлэлийн салбарынхан бүгд бичиж байв. Гэхдээ үүнийг Н.Ганибалыг бий болгосон гэж хэлж байгаа юм биш, энэ үед алба хашиж байсныг л дурдсан хэрэг.

Н.Ганибал ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуульд Математикийн багш, Компьютерын ухааны секторын эрхлэгчээр ажиллаж байхдаа тухайн үеийн Засаг дарга Ж.Батсуурийн таалалд нийцсэн учраас зөвлөхөөр ажиллаж, их улс төрд хөл тавьсан түүхтэй. Үүнээс улбаалан АН доторх хүчирхэг мандаж байсан МоАХ-г түшээд авсан нь Х.Баттулгатай холбогдох шалтгаан болов. АН гэхээсээ илүүтэй орон нутагт МоАХ-ны сүр хүчийг ч Ж.Батсуурьтай хамт өргөсөн байх. Тиймдээ ч МоАХ-ны эзэн Х.Баттулгад таалагдсан учраас төрд ажилласан туршлагагүй нэг багшийг ХХААХҮЯ-ны гол алба болох Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилсон юм. Яамны ч юу байхав, ерөөсөө Монгол Улсын гол салбар шүү дээ. Ийнхүү тариа будаа зарж байснаас ургуулж байгаагүй сайд, мах идэж байснаас мал мэдэхгүй газрын дарга хоёр салбар самрахаас өөр юу гийгүүлэх билээ гэж санагдана. Н.Ганибал ХХААХҮЯ-нд 2015 он хүртэл ажиллаад А.Гансүхийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд болоход тус яаманд газрын даргаар томилогдсон нь аанай л Х.Баттулгын дэмжлэг байв. А.Гансүх сайд нэртэй байсан болохоос бус Х.Баттулга удирдаж байсан л даа. Ил далд удирдаж байсан энэ багийн Монгол Улсад тарьсан балаг багдаагүй. “Төмөр замын” гэх хэрэг хуулийн байгууллагынхны ширээнд түр зуур далд байгаа болохоос бус устаж алга болоогүй нь лав.

Н.Ганибал хүнс хөдөө аж ахуйн салбараас өөрийн дураар ч явсан хэрэг биш, шинэхэн сайд Р.Бурмаа шаардлага хангаагүй газар, хэлтсийн дарга нараа явуулахад хомрогонд нь орсон болов уу. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар талбай дээр болсон өлсгөлөнд тэрээр хамгийн идэвх зүтгэл гарган, “Дөрвөн килограмм жин хассан” гээд байгааг анзаарсан байх. Яагаад гэвэл Х.Баттулгын шууд бус удирдлага дор болж байгаа өлсгөлөн байв шүү дээ. Баруун зүүнээ мэдэхгүй хөдөөний багшийг хүрээнд суурьшуулж, хоёр ч яам дамжуулан газрын даргаар ажиллуулж, өдгөө парламентад суулгаж, өөрийн гэсэн өмчтэй болоход онцгой нөлөөлсөн хүний төлөө дөрөв бүү хэл 40 килограмм жин хассан ч бэлэн байсан биз. За энэ ч дүүрсэн хэрэг. Улс төрд ямар нэгэн улс төр хийхгүй бол өөр юу хийх билээ.

Өөрийн гэсэн өмч гэснээс Сүхбаатар аймагт “Диамонд” гэх нэртэй орон сууцны хороолол бариулсан төдийгүй өөрийг нь дэмждэг Чинтөмөр гэх найзтайгаа хамтран 16 давхар “Дарьганга” нэртэй зочид буудал бариулсан гэдгийг нутгийнхан хэлдэг. Ингэхдээ газар чөлөөлөх нэрээр 400 сая төгрөг төсвөөс гаргуулчихсан гэх яриа байдаг ч би баримт сэлт олж харсангүй.

Орон сууцны чиглэлд ажиллаж байхдаа аймгийн захиргааны хоёрдугаар байр нэрээр төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө гаргуулсан ч гэх юм билээ. Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дунд л найруулсан ажиллагаа бололтой юм. Үүнийг өнөөдөртөө ухаж төнхөх шаардлаггүй ч “Олны үг ортой” л гэдэг учраас дурдав.

Хамгийн гол нь боловсролын салбарт ажиллаж байсан түүнд хурааж цуглуулсан хөрөнгө зоорь, эрхэлж байсан бизнес гэж үгүй гэх. Гэнэт л орон сууцны хороолол гэх том бизнес рүү хөл тавьсан нь ямар шалтгаантайг надаар хэлүүлэх юун. Товчхондоо Н.Ганибал хэрвээ багшаар ажиллаж байсан бол орон сууцны хороолол бариулах уу, найз нь түүнтэй хамтран зочид буудал босгох уу гэдэгт л асуудал байна. Улс төрд богино хугацаанд өндөр авсны ашиг тус ийнхүү барилга байшингаар үргэлжилж байгаа юм.

Гэхдээ тэр багш байлаа гээд хүрээлэлгүй нэгэн байгаагүй байх. Учир нь Сангийн сайд Б.Жавхлан, Сүхбаатар аймгийн Засаг дарга асан А.Энхтөр, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нартай хамт математикийн сонгоны ангид суралцаж байсан гэхээр энэ хэрээр хүрээлэл байсан байхыг үгүйсгэхгүй.

Сурагч ахуй, оюутан цагтаа бол ангидаа төдийгүй сургуульдаа тэргүүн эгнээнд бичигдэх сурлагтнуудын нэг байсан гэдэг. Ажлын талбар дээр гараад ч шаггүй сайн багш хэмээн үнэлэгдэж байсан ч Ж.Батсуурь гэдэг нөхөр толгой сийрэг нөхрийг ашиглах зорилгоор дэргэдээ авч өөр зүгт төөрүүлсэн байж болох юм. Зөв буруу эсэхийг өнөөдөр тодруулах аргагүй. Магадгүй боловсролын салбарт нэг сайн багшийг Х.Баттулга, Ж.Батсуурь нар ийн төөрүүлж орхисон болов уу. Энэ мэт суурь байсан учраас ус нутгаасаа УИХ-д сонгогдсон байх. Нөгөө талаар Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул тэрбээр нутаг зондоо нэр нүүрээ бараагүй гэдэг нь харагдана. Харин мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярьж, бизнес төр хоёрыг хутгаад байвал тал нутгийнхан таатай хандахгүй л байх.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top