Өнгөрсөн жилийн аравдугаар сард эхлэсэн Өмнөд Солонгосын Пентхаус (SBS) цуврал дууслаа.
Hera Palace-д амьдардаг улсуудын хорон санаа, шуналын талаар өгүүлсэн энэ цувралын эхний хэсэг үзэгчдийн 28,8 хувь гэсэн өндөр чансаатай байлаа. Өөрөөр хэлбэл тухайн үед ТВ үзэж байсан хүмүүсийн 28,8 хувь нь Пентхауст сувгаа тааруулсан гэсэн үг. Хоёрдугаар хэсэг үзэгчдийн хүлээлт их байсных уу, ямар ч гэсэн 29,2 хувиар эхний хэсгээ даван гарсан. Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт дууссан Пентхаус-3 19,1 хувьтай өндөрлөлөө. Хэдий эхний хоёр хэсгээ гүйцээгүй ч Баасан гарагт гарч байсан бүх кино, цувралаас илүү чансаатай байв.
Пентхаусын сүүлийн хэсгийн сүүлийн ангид гурван гол баатар нь ээлж дараалан амиа алдаж, үзэгчдийг шоконд орууллаа.
Мөн зургаан гол баатар гуравдахь хэсгийн дундуур алуулсан. Гэхдээ энэхүү үхсэн баатрууд яаж ийж байгаад дахин сэргээд байсан нь үзэгчдийн уурыг хүргэсэн. Маш гэнэтийн, итгэхийн аргагүй үхлүүд киноны нэр хүндийг унагаалаа гэсэн шүүмжлэл ч гарсан. Ер нь шинэ хэсэг, анги гарах тусам үйл явдал нь замбараагүй болж байгааг олон хүн хэлсэн байна.
Пентхаус-ын гурван хэсгийн турш үзэгчдээс нийт 831 гомдол ирсэн. Ихэнх нь хэт харгис, аймшигтай байна гэж бичсэн бол нэг хэсэгт нь гуравдугаар хэсэгт кинотой огт хамаагүй бодит үйл явдлын баримтат зураг оруулсан нь таалагдсангүй.
Жишээ нь, 17 хүний амийг авч одсон Кванджугийн барилга нурсан кадр, 2017 оны Пхоханы газар хөдлөлтийн дүрс багтжээ.
Үзэгчид Пентхаус амжилт олсноор харгис кино бүтээх давлагаа үүснэ гэж болгоомжилж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )