“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Эрхэм генерал, офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч, ажилтнууд аа.

Эрхэм Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үе үеийн дарга нар, ахмад буурлууд аа.

Улс эх орон, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг төлөөлөн энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа алба хаагчид аа.

Та бүхэнд орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Ардын Намын Төв Хороо, Түр Засгийн газрын шийдвэрээр Ардын журамт цэрэг, Зөвлөлт оросын улаан цэргийн хамт 1921 оны 07 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд нийслэл хүрээг бүрэн чөлөөлж, энэ тухай 07 дугаар сарын 11-ний өдөр нийт ард түмэн, дэлхий дахинд зарлан мэдээлжээ.

Түр Засгийн газар нь Ардын засгийн газраа байгуулж, цэрэг, дотоод, шүүх, гадаад, сангийн зэрэг таван яамдыг байгуулж, хувьсгал ялсаны найм дахь хоног дээр хувьсгалт шинэ ёс журмыг хэрэгжүүлэх, улс орон, нийслэл хүрээний амгалан тайван байдлыг сахиулах зорилгоор Засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлаар “Цагдаагийн тухай” асуудлыг хэлэлцээд “Сэргийлэх цэрэг”-ийг цэргийн яамны бүрэлдэхүүнд байгуулснаар орчин цагийн цагдаагийн байгууллага тулгын чулуугаа тавьсан түүхтэй.

Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь улс, эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа болж, эрх чөлөөт ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг өнө мөнхөд батлан хамгаалж, нийгмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлст үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж байгаа билээ.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний дотроос эрдэм боловсрол, авьяас, чадвараараа олноо алдаршсан төрийн зүтгэлтнүүд, гавьяат хуульчид, эрэлхэг зориг, мэргэжлийн ур чадвараараа нэр алдраа дуурсгасан алдар цуутнууд олноор төрөн гарсанд төр засаг, ард түмэн бахархан омогшиж байдаг.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага ололт амжилтаа бататган, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үүргээ бүрэн хэрэгжүүлж, ард иргэдээ амар амгалан байлгахын төлөө идэвх, санаачилга гаргаж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэл төгс байна.

Цагдаа, дотоодын цэргийн ойн баярын энэ өдөр хань ижлийнхээ амжилт, ололт бүрийг сэтгэл догдлон дэмжиж байдаг цагдаагийн албан хаагчдын ар гэрийнхэн та бүхэнд тусгайлан баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол төрийн цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top