Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.15/ Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдрийн байдлаар 273 000 хүн халдвар авсан байна. Улсын хэмжээнд 20700 орыг дэлгэж, тусламж үзүүлж байна. Нийт 40 000 хүнийг гэрийн хяналтад авч, эмчилгээ үзүүлж байна. Халдвар авсан 3275 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Улсын хэмжээнд маш хүнд оноштой 315 хүн байна. Вакцинжуулалтыг гуравдугаар тунгийн хамрагдалт 213 000 хүн буюу 11 хувь нь хамргадлаа. Засгийн газрын хуралдаанаас гурав дахь тунг эрчимжүүлэх чиглэл өглөө. Нийт 983 хүн халдвараар нас бараад байна. Манай улс халдварын нас баралтыг харьцангуй бага түвшинд барьж явж байгаа орны тоонд орж байна. Дэлхийд 12-т орж байна. Энэ бол эмнэлгийн тусламж, үйлчилгээ ард иргэддээ хүрч байгаагийн илрэл юм" гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн өчигдөр /2021.9.14/ цахим сүлжээнд халдвар авсан өндөр настан цусаар бөөлжиж, эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ хэвтэж байна гэх мэдээлэл, бичлэг түгсэн. Үүнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өгсөн юм. Тэрбээр "Тэр хүн бол суурь өвчтэй хүн байна билээ. Элэгний хатууралтай. Түүнээсээ болоод цус алдсан юм билээ. Өрхийн эмчийн хяналтад байсан. Хоёр удаа ирж үзүүлсэн. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан. Гэрээр эмчилгээ өгч, дараагийн ээлжинд эмнэлэгт хэвтүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтүүлсэн гэх мэдээллийг надад өгсөн" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )