Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж зарим шийдвэр гаргажээ. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тус ажлын хэсгийг Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах аж. Түүнчлэн Ерөнхий сайд эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, эргэлтийг сайжруулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болгожээ. Мөн Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Осорын Сэрдарын нэрэмжит болгожээ. Хурандаа О.Сэрдар нь зэвсэгт хүчний хөгжил дэвшил, зэвсэглэлийн төв баазыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, зэвсгийн мэргэжлийн шинэ боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж, Пуужинт-артиллерийн зэвсэглэлийн удирдлагын баримт бичгийг анхлан боловсруулсан төдийгүй Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг олон жил удирдан ажиллаж байсан цэргийн зэвсгийн шилдэг мэргэжилтэн, багш, манлайлагч байжээ. Үүнээс гадна олон улсын түвшинд сургалтын чанараар хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний хэмжээнд тэргүүлэх их сургуулиудыг бий болгох зорилгоор нэн тэргүүнд төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт үе шаттайгаар хөгжүүлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймагт ХААИС, ШУТИС, АШУҮИС-ийн салбаруудыг байгуулах ажлыг судлах юм байна.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тухай хууль, дагалдах хуулийн төслүүдийн танилцуулга хийсэн байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “2022 онд эдийн засгийн сэргэлт ирнэ гэсэн төсөөллөөр төсвөө хийлээ. Төсвийн шинэчлэл цаашид үргэлжилнэ. Хамгийн эхэнд эдийн засгаа сэргээх нь чухал байна. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлыг багасгах, дэд бүтцийн салбаруудаар дамжуулж бизнесийн салбарын хөгжлийг дэмжих хэлбэр рүү шилжинэ. Төсвийн урсгал зардал бүр төвийн үйлчилгээг санхүүжүүлнэ. Өнгөрсөн дөрвөн жил утаатай тэмцсэн бол энэ дөрвөн жил түгжрэлтэй тэмцэнэ. Төсвийн байгууллагуудын бүтцийн өөрчлөлт үргэлжилнэ. Тухайлбал, энэ жил эрүүл мэндийн салбарт үр дүн, чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт рүү шилжсэн. Ирэх онд боловсрол, соёл урлаг, нийгмийн халамжийн салбарт дээрх жишгээр явна. 198 мянган төрийн албан хаагч байна. Энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна. Хог, дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үргэлжлүүлэхгүй. Хүүхдийн мөнгийг ирэх оны эхний зургаан сард энэ хэвээр нь үргэлжлүүлнэ. Хүүхдийн мөнгийг бид ирээдүйн өв сангаар баталгаажуулна гэж тооцсон. Хөрвөх чадваруудыг гаргаж, халамжаас нь хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг шууд хэрэглээнд үрэх биш хуримтлал руу шилжүүлнэ гэсэн үг. Хүүхдийн мөнгийг ирээдүйн өв сангаар баталгаажуулвал 18 нас хүртэл нь 19-20 сая төгрөг болно. Энэ нь хуримтлалыг дэмжиж байгаа. Ирэх жил төрийн байгууллагуудын байшин барилга, машинд зардал тавихгүй. Засгийн газар аравдугаар сарын 1-н гэхэд төсвийн танилцуулгыг эцэслээд УИХ-д өргөн барина. Улмаар арваннэгдүгээр сарын 15-нд эцсийн байдлаар УИХ дээр төсөв батлагдах юм” гэжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )