Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.09.17/ зарлиг гаргажээ. Уг зарлиг нь Улсын аварга Э.Оюунболдын цолыг хурааж, зарим бөхчүүдэд цол, чимэг олгохтой холбоотой аж. Энэ талаар албаныхнаас тодруулахад "Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Э.Оюунболд аваргын цолыг хураахаар болсон" гэх тайлбарыг өглөө.
Учир нь, үндэсний бөхийн барилдаанд түрүүлж аварга цол хүртсэн Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн гэх шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шийдвэрийг үндэслэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргажээ.
Улсын Дээд шүүхээс Э.Оюунболд аваргыг сэргээш хэрэглэсэн гэж үзэн аварга цолыг нь хураахаас гадна барилдаж давсан даваа бүрийг нь хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасах шийдвэрийг гаргасан байдаг. Түүнчлэн түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимэг олгох шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Э.Оюунболдын аварга цолыг хурааснаар Монгол Улсын аварга Н.Батсуурь Даян аварга цолыг хүртэж байна. Мөн Э.Оюунболдод наймын даваанд унасан Улсын арслан Ц.Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, зургаагийн даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, тавын даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг авч чимэг нэмэхээр болж байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
Мустафа д баяр хүргэж амжилт хүсье.
uzesgelen goo, uheshgui munkh, hatsar goo hanashgui tachaaltai, geed chimegii ni urgeljluuleeree.
Шүүхийн шийдвэрийг бүх байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. Жинхэнэ шударга шийджээ.