ОХУ-ын Пермийн үндэсний судалгааны их сургууль дээр өчигдөр өглөө /2021.09.20/ тус сургуулийн нэгэн оюутан гал нээж, зургаан хүний аминд хүрсэн юм. Амиа алдсан хүмүүсийн тоог өчигдөр найм гэж зарлаж байсан билээ.
Халдлагын үеэр шархадсан хүмүүсийн тоог гаргаж, амиа алдсан оюутнуудын хэн болохыг тогтоожээ. Шархадсан 28 хүнээс 9-ийнх нь биеийн байдал хүнд байгаа талаар Пермийн хязгаарын эмнэлгээс мэдээлсэн байна.
Гал нээсэн этгээдийг сургуулийн байр руу эхэлж очсон замын эргүүлийн цагдаагийн байцаагч аюулгүй болгожээ. Хэрэгтэн баривчлагдах үеэрээ эсэргүүцэл үзүүлж, шархадсан байна. Түүнийг эмнэлэгт аваачжээ. Мөрдөн шалгах хороо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Пермийн хязгаарын захирагч Дмитрий Махонин есдүгээр сарын 21-ний өдрийг гашуудлын өдөр болгон зарласан байна.
Халдлага хэрхэн болов?
Дээрх хэрэг даваа гарагийн өглөө орон нутгийн цагаар 11:00-д Пермийн их сургуулийн нэгэн корпуст 3000 орчим оюутан байх үеэр болжээ. Сургууль дээр гал нээж эхэлсэн даруйд анги танхимдаа байгаа оюутнуудад дотроосоо түгжихийг, гадна байгаа оюутнуудад явахыг зарлан мэдээлсэн байна. Зарим оюутан цонхоор үсэрч гарч чадсан бөгөөд дараа нь сургуулийн байрнаас оюутнуудыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Хэрэгтэн ангийн буугаар гал нээжээ. Түүнийг аюулгүй болгосон Пермийн хязгаарын замын эргүүлийн цагдаагийн байцаагч, бага дэслэгч Константин Калинин, сургуулийн байрнаас оюутнуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан дэслэгч Владимир Макаров нарыг шагналд нэр дэвшүүлсэн талаар ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Тэднийг зам тээврийн ослын бүртгэл дээр ажиллаж байхад нь нэгэн иргэн гүйн ирж, их сургууль дээр буун дуу гарлаа гэж мэдээлэл өгсөн байна. Гал нээсэн залууг зэвсгээ хаяхыг шаардахад тэрбээр цагдаа руу буудсан тул дэслэгч Константин Калинин түүн рүү гал нээж аюулгүй болгожээ. Дараа нь түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Халдлага үйлдсэн этгээд буу, хутгатай байжээ.
Гал нээсэн оюутан хэн бэ?
ОХУ-ын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар гал нээсэн оюутан мэс засалд орсон бөгөөд амьсгалын аппараттай байгаа гэнэ. Тэрбээр 18 настай Тимур Бекмансуров гэгч оюутан аж. Түүний аав Марат Бекмансуров хүү нь сургууль дээрээ гал нээсэн байж магадгүй гэсэн мэдээ сонсоод цочролд оржээ. Тимурын эцэг, эх нь 2009 онд салж, хүү ээжтэйгээ үлдсэн байна. Аавынх нь ярьснаар Тимур гэртээ компьютерийн ард олон хоног суужээ.
Тимурын ээжийг байцаах үеэр бүсгүй юу ч хэлж чадахааргүй цочролд орсон байсан гэнэ.
Оюутан залуугийн хичээлийн хөтөлбөрт буу угсрах, буудаж сурах хичээл байсан гэсэн албан бус мэдээлэл байгаа аж. Залуу ангийн буу эзэмших эрхийг хуулийн дагуу авсан байжээ.
Гадны оюутны яриа
Иракаас Пермийн их сургуульд ирж суралцсан оюутан Ашраф Камаль Разукийн ярьснаар түүнийг найзтайгаа хамт сургуулийн байрны ойролцоо байхад дээрх хэрэг гарчээ. Бүх зүйл ганцхан минутын дотор болж өнгөрсөн гэнэ. Ирак оюутан “Бид факультет рүүгээ орох гэтэл хүмүүс гүйлдэж эхэлсэн. Найз маань шархадсан ч бид хоёр газар унасан бүсгүйд туслахыг хичээсэн” хэмээн ярьжээ. Залуу эмзүйчээр сурдаг учир шархадсан хүмүүст туслахаар хичээсэн байна.
Оюутан залуу мөн “Бүх зүйл маш хурдан болж, бүх хүн айдаст автаж, тэр залуу учир зүггүй гал нээж байсан” гэж ярьжээ.
Олон улсын төрийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийлсээр байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж “Үр хүүхдээ алдсан гэр бүлүүдэд төдийгүй ОХУ даяар том гарз тохиолоо. Залуу, амьдралаа дөнгөж эхэлж байгаа хүмүүсийг алдсан энэ уй гашуу, шаналлыг ямар ч үг арилгаж чадахгүй гэдгийг сайн ойлгож байна” гэжээ.
Пермийн хязгаарт онц байдал зарлаж, амиа алдсан оюутнуудын гэр бүлд нэг сая рубль, шархадсан хүмүүст 500 мянган рублийн тусламж үзүүлсэн байна. Мөн гэмтэл авсан бүх хүнд 100 мянган рублийн тусламж үзүүлжээ. Пермийн их сургуулиас мөн тусламж үзүүлж, амиа алдагсдын гэр бүлд нэг сая рубль, шархадсан хүмүүст 500 мянган рубль олгосон байна.
Олон улсын төрийн тэргүүнүүд ОХУ-д гарз тохиосонд эмгэнэл илэрхийлсээр байна. Израилийн Ерөнхийлөгч Ицхак Герцог, ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жон Салливан, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко зэрэг олон улсын төр, засгийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )