ОХУ-ын Пермийн хязгаарт өнгөрсөн есдүгээр сард их сургуулийн оюутан халдлага үйлдсэн аймшигт хэрэг гарсан билээ.
Зургаан хүний аминд хүрч, 40 гаруй хүнийг шархдуулсан залуу баривчлагдах үеэрээ эсэргүүцэл үзүүлсний улмаас хоолой, гэдэс, хөлөндөө шархадсан юм. Эмнэлэгт түүнд хагалгаа хийж, зүүн хөлийг нь тайрахаас өөр аргагүйд хүрсэн.
Хэд хоног комд байсан түүний биеийн байдал сайжирсан бөгөөд энэ сарын 14-нд баривчилж, Пермийн мөрдөн байцаах шатанд тусгаарлах байрны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэсэгт хорьж байна. Пермь дэх Холбооны шийтгэх албанаас мэдээлснээр тус хэсэгт гэмт хэрэгт холбогдсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, тэдний бие муудвал мэдэгдэж, шаардлагатай бол яаралтай тусламж үзүүлдэг. Пермийн үндэсний судалгааны их сургууль дээр халдлага үйлдсэн Тимур Бекмансуров одоогоор биеийн байдлынхаа талаар гомдол мэдүүлээгүй байгаа аж.
Залуу гэм буруугаа бүрэн хүлээсэн байна. Эмч нар түүний бие, сэтгэл санааны байдлыг тогтвортой гэж үзсэн тул мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )