ПЕРМИЙН ХАЛДЛАГА: Хэрэгтэн тахир дутуу болсон ч ялаас мултарч чадахгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

ОХУ-ын Пермь хотын их сургууль дээр өнгөрсөн даваа гарагт болсон халдлагын үеэр зургаан хүн амиа алдаж, 43 хүн шархадсан билээ.

Амиа алдсан хүмүүстэй салах ёс гүйцэтгэж, Пермийн хязгаар гашуудлын байдалтай байна.

Шархадсан хүмүүсээс 7 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд тэднийг Москва руу ОХУ-ын Онцгой байдлын яамны тусгай онгоцоор хүргэжээ.
 

 

Хэрэгтний хөлийг тайрчээ

Халдлага үйлдсэн этгээд цагдаа нар руу гал нээсэн учир түүнийг буудан шархдуулсан юм. Баривчлагдах үеэрээ гэдэс, хөлөндөө шархадсан Тимур Бекмансуровын биеийн байдал хамгийн хүнд байгаа аж. Түүний амийг аврахын тулд хөлийг нь өвдөгний хэсгээр тайрах мэс засал хийсэн байна.

Гал нээсэн Тимур Бекмансуров нь Пермийн үндэсний судалгааны их сургуулийн Хуульзүйн факультетийн нэгдүгээр курсийн оюутан юм. Тэрбээр ангийн буу эзэмших эрхийг өнгөрсөн тавдугаар сард хуулийн дагуу авсан байсан талаар Росгвардаас мэдээлжээ.

Тимур Бекмансуров шарх болон мэс заслын дараа амьд үлдэж чадвал тахир дутуу болох юм. Гэсэн ч түүнд бүх насаар нь хорих ял төлөвлөж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болсон нь ялаас мулталж чадахгүй гэж хүний эрхийн мэргэжилтнүүд ярьжээ. Ял авсныхаа дараа тэр бүх насаараа хоригдох ялтнуудын колонид хоригдох аж. Гэхдээ тахир дутуу хүмүүст цай, тамхи өгөх зэргээр бусад хоригдлуудаас арай илүү нөхцөлд байлгадаг талаар хүний эрхийн мэргэжилтэн Меркачева ярьсан байна.

Хэрэгтнийг сэтгэцийн эмчийн бүрэн оношилгоонд оруулах аж.

 

Пермийн их сургуулийг хамгаалсаар байна

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо Пермийн халдлагад хэд хэдэн заалтаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Их сургууль дээр аюулгүй байдал дутуу хангагдсан эсэхийг шалгаж, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл байдлыг судалж байгаа аж.

Пермийн үндэсний судалгааны их сургуулийн гадаа цагдаа нар хамгаалалтад гарсан хэвээр байна. Их сургуулийн хоёр дотуур байрны хүүхдүүдийг онцын шалтгаангүйгээр гадагш гарахыг хоригложээ. Мөн их сургуулийг есдүгээр сарын 27-ны өдөр хүртэл хаасан талаар Пермийн үндэсний судалгааны их сургуулийн захирал Владимир Маланин мэдэгдсэн.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.69.45.136) 2021 оны 09 сарын 28

Нүгэл нүдээрээ гэж энэ дээ. Хохин дээ залуу минь. Өрөөсөн хөлөн дөө буугаа дэвхдээд алхаад байж дээ. Ирээдүйн хуульч гуай. Хахаха. Энийг олж уншдаг ч болоосой.

0  |  0
Top