Ерөнхийлөгчийн сонгуулийн АУДИТЫН ТАЙЛАНТАЙ танилц

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны зургаадугаар сарын 09-ний өдөр болсон. Сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж, У.Хүрэлсүх ялалт байгуулсан. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн АУДИТЫН ТАЙЛАНТАЙ танилц.

СУРТАЛЧИЛГААНЫ ТӨЛБӨР БОЛОХ 283,4 САЯ ТӨГРӨГ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА

Төрийн аудитын байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж, дүгнэлтийг олон нийтэд мэдээллээ. Ингэхэд гурван нэр дэвшигчийн дансанд нийт 6 тэрбум 407,1 сая төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 6 тэрбум 690,3 сая төгрөг зарцуулжээ. Төвлөрсөн орлогоос 290 сая төгрөг илүү зарцуулсан ч харилцах дансанд 229.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна.

Гэтэл сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз, цахим орчин ашиглах зардлын үлдэгдэл төлбөр болох 283.4 сая төгрөгийн өр төлбөр тайлагнасан байна.

Сонгуульд нэр дэвшигчдэд 29 хуулийн этгээд 184.4 сая төгрөг, 5401 иргэн 5 тэрбум 400,9 сая төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгсөн байна. Харин нам, эвслүүдээс 621.8 сая, нэр дэвшигч өөрийн хөрөнгөөс 200 сая төгрөгийн орлогыг сонгуулийн зардлын дансанд тус тус төвлөрүүлсэн байна.

Төрийн аудитын байгууллагаас зардлын дээд хэмжээг 8 тэрбум 103.9 сая төгрөг байхаар тогтоосныг нэр дэвшигчид хэтрүүлээгүй байна.

Сонгуулийн зардлын дэлгэрэнгүй мэдээллээс харахад хамгийн их зардлыг сурталчилгааны тээврийн хэрэгсэл ашиглах болон сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараахад зарцуулсан байна.

СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ
 

  • Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал 3 тэрбум 449,2 сая
  • Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараахад 817,4 сая
  • Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байрлуулах зардал 54,3 сая
  • Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх зардал 351,3 сая
  • Ухуулах байр ажиллуулах зардал 404,4 сая
  • Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах 644,2 сая
  • Цахим орчин ашиглах зардал 333,4 сая
  • Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийлүүлэх зардал 30 сая
  • Сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах зардал 606,1 сая

ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ 3,4 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
 

Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу, буцах хаяг тодорхойгүй зэрэг 989 иргэний 177,2 сая төгрөгийн хуулиар зөвшөөрөөгүй хандив тайлагнажээ.

Иймд 328 иргэний 173,1 сая төгрөгийн хандивыг буцааж, 646 иргэний 3,4 сая төгрөгийн хандивыг улсын орлого болгож, 5 иргэний 0.7 сая төгрөгийн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг өр төлбөрөөр тайлагнасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top