“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагаа хэтэрхий удаашралтай явагдаж байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулах болсон. Үүнтэй холбоотойгоор
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан олон нийтэд хандан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр компанийн үйл ажиллагаа удаашралтай
явагдаж байгаа шалтгааныг ашиг хонжоо хайсан улс төрийн бүлэглэлүүд хөндлөнгөөс нөлөөлж буйтай холбон тайлбарлав. Иймээс Ерөнхийлөгч, Ерөнхий
сайд, УИХ-д албан шаардлага хүргүүлжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-“Эрдэнэс Таван Толгой”-н оператор компаниудыг долдугаар сард сонгон шалгаруулж дуусна гэж байсан. Энэ юу болсон бэ?
-Оператор компани, хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалтыг ТУЗ-д орсон цагаасаа хойш зургаан сар асууж байна. Намайг сонгон шалгаруулалт хэзээ дуусах вэ гэхээр “Удахгүй ээ, энэ сард дуусна” гэдэг юм. Энэ сонгон шалгаруулалтын асуудал надаас өмнө буюу бүтэн жил яригдсан. Гэтэл дахиад жилийн хугацаа өнгөрчихөөд байхад юу ч шийдэгдсэнгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ асуудлыг ТӨХ-нд тавихад ирэх долдугаар сард дуусна гэж байсан. Харин сая асуухад наймдугаар сард дуусах болж хойшлогдож байх шиг байна. Иймэрхүү байдалтай яваад байвал энэ компанийн үйл ажиллагаа ямар ч үр дүнд хүрэхгүй. Тийм учраас би ард түмнийхээ өмнөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-д албан шаардлагыг хүргүүлж байгаа юм.
-“Эрдэнэс Таван Толгой”-н бүх лиценз “Эрдэнэс МGL” компанийн мэдэлд байсаар байна. Лиценз шилжүүлэх асуудал удаашрахад яг юу нөлөөлөөд байна вэ?
-“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ “Эрдэнэс МGL”-д зургаан удаа лиценз шилжүүлэх шаардлага хүргүүлсэн боловч бүтсэнгүй. Аргаа бараад ард иргэдэд хандаж, улс төрчид энэ баялгийг чинь хувааж идэх гээд байна шүү гэдгийг хэлэхээр ирсэн юм. Хамгийн гол нь үүний ард улс төрийн бүлэглэлүүд компанийн үйл ажиллагааг санаатайгаар гацаагаад байна шүү дээ.
Яг үнэндээ ”Эрдэнэс Таван Толгой”, “Эрдэнэс МGL” гэдэг хоёр компани хоорондоо ялгагдахаа байсан. Энэ хоёр компанийг нэг хүн удирдаж, компанийн удирдлага ТУЗ нь хоорондоо холилдчихоод байна. Иймэрхүү байдалтай өвөр түрийндээ орчихсон болохоор ард түмний талд үйлчлэх ёстой үйл ажиллагаа нь урагш ахихаа больчихож. Тиймээс үүнийг бид өөрсдөө засах хэрэгтэй.
-“Эрдэнэс МGL”-ын удирдлага, ТУЗ-ийн гишүүн болчихсон гэхээр гүйцэтгэх захирал Б.Энэбишийг хэлээд байна уу?
-Үүнийг та бүхэнд таавар болгоод үлдээчихье.
-Таны ярьж байгаагаар “Эрдэнэс МGL” энэ асуудлын гол буруутан болж таарч байх шиг байна. Тэгэхээр “Эрдэнэс МGL” УИХ-ын тогтоолыг зөрчиж байна гэж ойлгож болох уу?
-Энэ том төслийг УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 10 дугаар сарын 12-ны 272 дугаар тогтоолоор тус тус баталсан. Компани байгуулсны дараа Таван толгойн 10 хувийг иргэдэд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд, 30 хүртэлх хувийг нь гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд заръя гэсэн зорилготой байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл лицензүүд нь “Эрдэнэс Таван Толгой” компанид шилжиж ирээгүй л байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 272 дугаар тогтоол хэрэгжсэнгүй. Лицензгүй, өмчгүй компани ямар ч үнэлгээгүй. Тийм учраас энэ компанийн үйл ажиллагаа 0 гэсэн үнэлгээтэй байна. Ингэснээр “Эрдэнэс Таван Толгой” ХК тодорхой өмчгүй, албан ёсны үнэлгээгүй, ард түмэнд олгож буй хувьцаа нь эрх зүйн болон өмчийн ямар ч баталгаагүй болж хувирлаа.
Хэрэв лиценз компанийн мэдэлд шилжвэл газрын хэвлийн баялаг бодитоор үнэлэгдэнэ. Иргэдийн гар дээр байгаа 536 ширхэг хувьцаа үнэтэй болно. Би ТУЗ-ийн хараат бус гишүүний хувьд, Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбооны тэргүүний хувьд энэ хувьцааг үнэд хүргэхийн тулд ажиллана.
-Иргэдийн ихэнх нь 536 ширхэг хувьцаатай болчих л юм бол амьжиргаа дээшилнэ гэсэн ойлголттой байгаа. Төр засаг ч гэсэн ийм л ойлголт төрүүлсэн. Гэтэл энэ хувьцааны үнэ ханш одоо хүртэл тодорхойгүй байна?
-536 хувьцааны үнийг тодорхой болго гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Бас л алга байна.
-“Эрдэнэс Таван толгой” ХК нэлээд их хэмжээний зээл авч байгаа гэсэн. Юунд зарцуулах вэ?
-Банкнаас 20 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан гэж байсан. Үүнийг хаана, юунд зарцуулж байгаагаа яаралтай ТУЗ-д танилцуул гэдэг үүргийг өгсөн. Танилцуулгыг авсны дараа мэдээлнэ. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг ТУЗ нь биш, Засгийн газар хүчээр удирддаг. Одоо дахин 333 тэрбум төгрөгийн зээл авах асуудал яригдаж байна. Зээлийг “Эрдэнэс Таван Толгой”-н лицензийг барьцаалж, гаднаас авах юм байх. Засгийн газар “Эрдэнэс Таван Толгой” төслийн үйл ажиллагааг эхлүүлээ ч үгүй байж ийм асуудал ярьж байгаа нь дэндүү эрсдэлтэй. Хэрэв лиценз барьцаалж зээл авах юм бол Таван толгойн хувьцааг гадагш нь гаргах ямар ч боломжгүй болно. Нүүрсээ барьцаалаад зээл авчихаар яаж хувьцаа нь арилжигдах юм. Энэ мэтээр “Эрдэнэс Таван Толгой”-той холбоотой бүхий л том шийдвэрт Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг гэх улс төрийн бүлэглэлийнхэн нөлөөлж байна. Тэнд томоохон асуудлууд гацаж, улс төрийн бүлэглэлийнхэн маргалдсаар өдийг хүрлээ. Харин иргэд ядуу чигээрээ л байна. Энэ бол улс төрчид ажлаа л дүгнүүлж байгаа явдал.
Тиймээс иргэдийн амьжиргаанд хамгийн ихээр нөлөөлөх “Эрдэнэс Таван толгой” төслийг хурдан эргэлтэд оруулаач гэдэг шаардлагыг тавьсан. Энэ компанийн үйл ажиллагаа бизнесийн зарчмаар л явах ёстой. Гэтэл улс төрчид үүнд гар хөлөө дүрчихээд ажилд нь саад учруулаад байна.
-Оператор компаниудыг сонгох ажлын хэсэгт “Эрдэнэс Таван Толгой”-н ТУЗ-өөс төлөөлөл бий юу?
-Байхгүй шүү дээ. Өөрсдөө сонгоод үйл ажиллагаа явуулж байгаа нэрээр “Эрдэнэс Таван Толгой”-н ажилд саад болж байна. Улс төрчид үүнтэй зууралдчихсан болохоор оператор компаниудыг сонгон шалгаруулж чадахгүй байна.
-“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж бүтээв?
-ТУЗ таван удаа хуралдаж, таван шийдвэр батлан гаргасан. Тухайлбал, “Эрдэнэс Таван Толгой”-н өнгөрсөн жилийн төсвийг баталсан. Уг нь ТУЗ орж ирсэн асуудал бүрийг дэмжиж, ажлаа хурдан эхлүүлэх хүсэлтэй байгаа. Гэсэн ч харамсалтай нь ажил явахгүй байна. Үүний хамгийн том жишээ нь шилжүүлэхгүй байгаа лиценз. Үүнээс болж “Эрдэнэс Таван толгой” зүгээр тоглоомын талбай болж хувирлаа.
Тиймээс энэ асуудлыг есдүгээр сарын 1-ний дотор шийдэж “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг хэвийн гольдролд нь оруул гэдэг шаардлагыг төр засагт тавьж байна. Хэрэв энэ шаардлагыг хүлээж авахгүй бол би ТУЗ-ийн гишүүнээс татгалзаж, улс төрийн бүлэглэлүүдтэй улс төрийн арга замаар тэмцэх болно.
Үүнийг ганц би биш “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа ард түмэн хийнэ. Хүсээд байгаа бол тэр жагсаал цуглааныг нь хийе. “Эрдэнэс Таван Толгой” гэдэг компанийг хувьдаа завших гээд байгаа улс төрчдөд хариуцлага тооцно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )