УБТЗ-ын нэр хүндэд халдсан үйлдэл бүрийг ШАЛГУУЛНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамт олны шаргуу хөдөлмөрийн үр дүнд төмөр замын тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа билээ.

Тэр тусмаа халдварт цар тахлын хүнд үед улс орны нэн хэрэгцээт ачаа барааг шуурхай тээвэрлэх хариуцлагатай ажлыг УБТЗ-ын хамт олон 24 цагийн турш амжилттай гүйцэтгэж байгаа юм.

Зөвхөн сүүлийн ганц жишээ гэхэд, Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход “Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарал хандуулан, хөрш төмөр замуудтай холбогдон, шатахууны тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулсныг дурдаж болно.

Ийнхүү төмөр замчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд УБТЗ-ын эхний есөн сарын төлөвлөгөө өнгөрсөн жилийн мөн үеэс давж, 23,7 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Энэ бүх ажлыг удирдан зохион байгуулж, гардан гүйцэтгэж байгаа УБТЗ-ын удирдлага, хамт олны ажлыг зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллага, сошиал орчныг ашиглан санаатайгаар харлуулах, гүтгэн гүжирдэх явдал сүүлийн үед дахин идэвхжсэнд УБТЗ-ын хамт олон шүүмжлэлтэй хандаж байна. 

Тодруулбал, УБТЗ-ын удирдлага, хамт олны нэр хүндэд тодорхой зорилготой халдаж байгаа эдгээр үйлдэл бүрт хуулийн дагуу хариуцлага тооцож шалгуулахаар “Улаанбаатар төмөр зам” ХНН хуулийн байгууллагад ханджээ.  

      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top