УБТЗ ХНН-ийн түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раштай Улаанбаатар төмөр замын түүхийн талаар ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Энэ оны зургадугаар сарын 6-нд УБТЗ ХНН байгуулагдсаны 75 жилийн ой тохиолоо. Монгол Улсад төмөр зам байгуулах талаар хоёр улсын гэрээ хэлэлцээрүүд 1949 оноос өмнө яригдаж байсан гэдэг шүү дээ?
-1938 онд Налайхын нарийн төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсад төмөр замын тээвэр анх үүссэн түүхтэй. Энэ нарийн төмөр зам бол Налайхын уурхай- Аж үйлдвэрийн комбинат хоёрын хооронд нүүрс тээвэрлэж, Монгол Улсад маш их ашиг тусаа өгсөн түүхэн ач холбогдолтой төмөр зам байсан юм. Цаашлаад зүүн хязгаар нутагт цэрэг дайны зориулалттай төмөр замууд болох Халхын гол болон Баянтүмэний төмөр замуудыг тавьснаар өргөн төмөр зам орж ирсэн түүхтэй. Ардын тээвэр хийж улсыг хөгжүүлэх эдийн засгийн зам байгуулах тухай асуудлыг 1940 онд Маршал Х.Чойбалсан И.В.Сталинтай уулзаж үндсэндээ тохиролцсон байдаг. Гэтэл 1941 онд Дэлхийн II дайн эхэлснээр энэ ажил зогссон. Харин өмнө нь амжиж Улаан-Үд-Новосибирскийн төмөр зам 1940 оны есдүгээр сард ашиглалтад орж, галт тэрэг явж эхэлсэн байдаг. УБТЗ-ын хувьд яриа хэлэлцээр үргэлжилсээр дайн дууссаны дараа 1949 оны зургадугаар сарын 06-ны өдөр хоёр тал гарын үсэг зурж алдарт хэлэлцээрээ байгуулсан. Энэ нь өнөөдрийг хүртэл олон улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа том бичиг баримт шүү дээ. Дайн дууссаны дараа 1946 онд Засгийн газар хоорондын хэлэлцээр явж байсан тэр үед Монгол малчдын төлөөлөлтэй И.В.Сталин уулзсан. Тэр уулзалтад өндөр ач холбогдол өгч хүлээж авсан юм билээ. Малчид ч асар их баярласан гэдэг. Үнэхээр ч 1941 онд дайн эхлэхэд анхны үнэнч холбоотон бол БНМАУ байсан. 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд маргааш нь л Засгийн газрын онц хуралдаан болж, “Бүхнийг фронтод” гэсэн уриа гаргаж, дайны эцсийн өдрийг хүртэл тусламжийн гараа сунгаж юу байгаагаа өгч, агт морьдоо уяж, амбан шар, атан тэмээ, сэрх ямаа цаашлаад ам билэг, алтан бурхнаа хүртэл ялалтын төлөө өргөж байсан ард түмэн юм. Үүнийг Оросын тал асар өндрөөр үнэлэн ойлгож харилцан туслалцаж ирсний нэг нь төмөр зам. Улмаар, 1974 онд Улс хувьсгалын 50 жилийн ойгоор Л.И.Брежнев дарга манай улсад хоёр дахь удаагаа айлчилсан. Тэрээр баярын хурал дээр хэлсэн үгэндээ “Зөвлөлтийн хүнд бэрх дайны он жилүүдэд Монголын ард түмэн шиг тусалсан халуун сэтгэлтэн байгаагүй. Үүнийг Зөвлөлтийн ард түмэн хэзээ ч мартахгүй, мартах ч ёсгүй” гэж хэлсэн байдаг. Үүнээс үндэслэн Монгол Улсад ч онцгойлон хандаж байсан. Төмөр замыг барихаар маш их яаравчилсан. ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол ч гарсан. Тогтоолд гарын үсэг зурахдаа И.В.Сталин урд талд нь “За Сталина” гэж улаан харандаагаар томоор бичсэн байсан юм гэнэ лээ. Тэр нь юу гэсэн тухай би сайн мэдэхгүй ч энэ замд өндөр ач холбогдол өгч байнаа гэсэн санаа байх. Зөвлөлтийн тал тухайн үед БАМ-ын бүтээн байгуулалтын төмөр замаасаа ч хагаслаж бүхий л хүн хүч, зам барилга, зам төмөр, дэр мод, замын техник, ажил мэргэжлийн хүмүүсээ бүгдийг нь нааш Монгол руу татсан байдаг. Дутсан хөрөнгө оруулалтыг улсынхаа нөөц хөрөнгөнөөс гаргасан. ЗХУ-ын Дотоод явдлын яамны сайд С.Н.Круглов гэж хүний маш нарийвчилсан судалгаа тооцоотой, гутал хувцас, зүү утастай нь шахуу нарийн тооцсон 37 заалттай тушаал байсан гэдэг. Тэр тушаал батлагдаж И.В.Сталинд өгснөөр тэрээр хатуу хяналт тавьж онцгой анхаарч ажилласан.
Эрэл хайгуулын ажил 1947 оноос эхэлсэн. Сэлэнгийн экспедици хайгуул шинжилгээний анги эрчимтэй сайн ажиллаж, зураг төслийн ажил бэлэн болсноор барьж байгуулах ажил хамтдаа явсан юм билээ. Ингээд хоёр жилийн дотор л УБТЗ-ыг барьсан. Энэ зам бол үнэхээр чанартай сайн зам болсныг ЗХУ болон БНМАУ-ын талаас хүлээн зөвшөөрсөн. Тэгээд нээх зөвшөөрлийг өгсөн. 1949 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14.00 цагийн орчимд Сүхбаатараас нааш анхны галт тэрэг хөдөлсөн. Тэр орой том хүлээн авалт болж байсан тухай дурдсан түүх бий. Оросын 505 дугаар арми буюу үндсэндээ хоригдлуудын арми гол хүч болж ажилласан. Улмаар, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Монгол –Зөвлөлтийн хамтарсан төмөр зам байгуулж, УБТЗ гэж нэрлэсэн. Хэлэлцээрээр манай тал 49 хувь, оросын тал 51 хувийг эзэмшихээр тусгасан. 49 хувьдаа хөрөнгө оруулах асуудлаар Зөвлөлтийн талаас зээл авсан байдаг. Тэр зээлийн үнэ цэн 80 тонн алттай тэнцэх хэмжээний рублийн зээл байсан. Энэ зээлээр Монголын талын хөрөнгөө бүрдүүлсэн байдаг. Тэр зээл 50 жилийн хугацаатай, эхний 10 жилд нь нэг хувийн хүү буюу хүүгүй шахуу, 1958 оноос эхэлж хүү тооцсон юм байна лээ. Тэр үед Манайхаас Сангийн сайд Д.Моломжамц, ЗХУ-аас Сангийн сайд н.Жибиурюв нар ажиллаж байсан. /Энэ тухай сэтгүүлч Л.Сэнгээ бид хоёр түүхэн баримт олсон/ Ингээд л 1949 оны 11 дүгээр сарын 07 –ны өдөр 11.00 цагийн үеийн орчимд анхны галт тэрэг орж ирсэн. Тэгэхэд Маршал Х.Чойбалсан Москвагаас нааш суудлын галт тэргэнд сууж ирсэн гэдэг. Улаанбаатарт Г.Бумцэнд, Ю.Цэдэнбал тэргүүтэй манай удирдлагууд тоссон байгаа юм. Анхны галт тэрэг тоссон баярын цуглааныг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд гуай нээж, дараа нь МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, ЗСБНХУ-аас БНМАУ-д элчин сайд нар үг хэлсэн байдаг. Тэгэхэд Г.Бумцэнд гуай төмөр замчдад паравозны түлхүүр гардуулж, баяр хүргэжээ. Тэр паравозны түлхүүрийг бид шинэчилсэн хувилбар байдлаар нь сүүлд олсон, одоо байгаа. Энэ түүх бол Монголчуудын аугаа том бүтээн байгуулалт, цаашлаад Монгол Улсад соёл, хөгжлийг авчирсан ган зам байсныг илтгэсэн баримт юм. Зөвлөлт улс тэр их дайны хөлд явсан ч Монгол нөхдийн хүсэлтээр найрамдлын замыг босгож өгснийг Монголын ард түмэн хэзээ ч мартах ёсгүй юм. Түүнээс хойш Хятадын талтай яриад БНХАУ-ын Ерөнхий сайд Жоу Эньлай, БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал нар Москвад очиж хэлэлцээр хийж, УБТЗ-ыг урагш сунгаж, Монгол-Хятадын хил оруулж холбохоор болж, 1953 оны нэгдүгээр сарын 03-нд анхны галт тэрэг Замын-Үүдэд очсон байдаг. Яг хилийн зурвас дээр зам төмөр хоёр талаасаа нийлэхэд нь мөнгөн хадаасаар хадсан гэж УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан С.Дамбадаржаа гуай дурссан байдаг. Хүлээн авах комисст МАХН-ын Төв Хорооны гишүүн С.Лувсан гуай, УБТЗ-ын орлогч дарга С.Дамбадаржаа, гуай нар багтаж ган хадаасаар хадаж, зандан ивүүрээр ивсэн /Зандан ивүүрээр ивсэн гэдгийг нь би бодож олсон. Энэ тухай таван жилийн өмнө “Ган зам” сонинд өгсөн ярилцлага байгаа. Тэгээд өнөөдөр УБТЗ ХНН үүсэн байгуулагдсан түүхт ойгоо утга төгөлдөр тэмдэглэж байгаа нь агуулгаараа Монгол–Оросын найрамдлыг хөгжүүлэхэд том шат болж байна. Өнөөдөр төмөр замаас өөр Оростой хамтарч байгаа байгууллага бараг үгүй болж дээ.
-УБТЗ-ыг байгуулахад таван маршрут санал болгож байсан гэдэг. Одоогийн маршрутыг ямар үндэслэлээр сонгосон юм бол?
-Их том маршрут хийсэн юм байна лээ. Тэгээд таван маршрут сонгож танилцуулсан байна. Хөрөнгө оруулалт, тээврийн хэмжээ, ашиглалтын зардал гэхчлэн хувилбарыг сонгодог эдийн засгийн томьёо байна л даа. Тэгэхээр хамгийн үр ашигтай, ашиглалтын зардал багатай, хөрөнгө оруулалт нь гайгүй, их хэмжээний тээвэр явах боломжтой сонголтыг хийсэн нь одоогийн манай маршрут юм. УБТЗ анхнаасаа шинжлэх ухааны гүнзгий үндэслэлтэй, тооцоо судалгаатай мэргэжлийн түвшинд хийгдсэн зам юм шүү. Одоо манай УБТЗ-ын Зураг төслийн албанд үндсэн баримт нь байгаа. Бид гадагшаа л годгонож давхиад байгаа юм. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг эдний материалыг түшиглээд би ярьж байна.
-Нэгэнт хоёулаа 1949 оны хэлэлцээрийн талаар ярьж байгаагийнх, энэ хэлэлцээрийн талаар янз бүрийн олон үзэл бодолтой хүмүүс байдаг. Цаг үед нь тохируулж шинэчлэх шаардлагатай гэх нэгэн байхад олон улсын гэрээг бид хөндөх ёсгүй гэх хэсэг ч байна. Энэ тал дээр таны бодлыг сонсъё.
- Өөрчлөх юм бас бий. Өөрчлөх хэрэгтэй. Намайг УБТЗ-ын даргаар ажиллаж байхад Засгийн газар маань дэмжээд Оросын талтай 11 удаа уулзсан. Манай гишүүдийн бүрэлдэхүүнд тухайн үеийн Сангийн сайд Э.Бямбажав гуай, МАХН-ын Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, дараа нь ЗХУ-д Элчин сайдаар томилогдсон Н.Мишигдорж, манай УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга Комаров нар багтаж их дэмждэг байлаа. Хамгийн сүүлийн уулзалт Эрхүүд болсон. Тэр хурлаар бид үндсэндээ тохиролцсон юм. Ерөөс энэ болохгүй гэгдэж байгаа, хугацаагүй гэрээг хугацаатай болгоно оо, гэрээгээр Монголын тал татвар төлөхгүй гэж байсныг янз бүрийн зардлууд нийгмийнхээ асуудлыг шийдвэрлэх замаар, Оросын талаас тавьж байгаа шаардлагуудтай нийцүүлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр улсад татвар төлдөг болно гэдгээр шийдсэн. Иймэрхүү маягаар яригдаж байсан зүйлүүдийг шийдүүлсэн. Төмөр замын даргаар Монгол хүн байна мөн Монголын тал 51 хувийг, Оросын тал 49 хувийг эзэмшинэ гэдэг дээр ярилцаад тохиролцож чадсан. Гэвч 2004 он болоход хөөцөлдөх эзэнгүй болсон. Одоо ч тэр байдлаараа зогсонги байгаа.
Монголын Засгийн газар мэргэжлийн төмөр замчин гээд намайг явуулна, би чинь хоёр эзний нэг зарц. Оросын талд очоод юм ярихаар тэндээсээ орлогч сайд л ярианд оролцоно. Ийм байдлыг би ойлгодгийн хувьд Зам тээврийн яаманд очсон хойноо нэг тушаал гаргасан. Улмаар ХЗДХЯ-аар толгойлуулж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан Монголын талын комисс байгуулж, Засгийн газрын шийдвэр, протокол гаргуулж байсан. Тэгж явуулахгүй бол бас болдоггүй юм байна. Засгийн газар хоорондын том хэлэлцээр явагдах үеэр хийхгүй бол цүнхээ ганзагалаад Москвад очиж хийх, эсвэл манайд ирж хийх нь явц муутай байсан. Одоогийнхоо хийх хэлэлцээрт нийгэмлэгт гурав дахь этгээдийг оруулах тухай заалтыг хүчээр хийх л хэрэгтэй байгаа юм даа. Тэгэхгүй бол бас зовлон байна аа. Харин манай урд талын шинэ төмөр зам дандаа шинэ орчин үеийн техник технологитой боллоо. Эд нараасаа туршлагаар бол бид, шинэ техник технологиор шинэ замууд минь овоо болж байна. Тэднийхээ оруулж ирсэн техник технологийг бид гөжөөд байж таарахгүй. Ингэж төмөр замынхаа үр ашгийг дээшлүүлж, тээврийнхээ тасралтгүй үйл ажиллагааг сайхан хангаж ард түмний хүсэн хүлээсэн үйлчилгээг бид үзүүлэх ёстой. Тэгэхгүй ердөө ганцхан Оросоос авна, хэвээрээ явна гэж зүтгэвэл бүтэхгүй. Тэр жилийн Японоос авсан зээл тусламж, Дэлхийн банкны Зүүнхараад үзүүлсэн зээл тусламж ямар их хэрэг болсныг бид мартах ёсгүй. Шилэн кабель, үер уснаас хамгаалах гүүр хоолойнууд, Замын-Үүдийн Шилжүүлэн ачих байгууламж, Зүтгүүрийн депод ажиллаж байгаа 46 тоног төхөөрөмж, Dash тэрэгнүүд тэр чинь хөгжөөд “2 Загал” гэж 10 хос илчит тэрэг бүтээсэн. Манай Л.Ганбаатар тэргүүтэй монгол инженерүүд үнэхээр мундаг ажилласан. Зүүнхараагийн депо сайн ажиллаж байна. Хэдэн жилийн өмнө таван вагон угсарч гаргасан гэдэг чинь үйлдвэрлэсэн л гэсэн үг шүү дээ. Хос дугуйн цех ашиглалтад орсноор гадагшаа явалгүй дотооддоо дугуйгаа угсардаг болчихлоо. Энэ мэтчилэн УБТЗ маань хөгжиж байна аа.
- 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулах боломж ойрын ирээдүйд бий болов уу?
-Хугацаа заах жаахан хэцүү. Одоогоор Монгол-Оросын харилцаа сайн явж байна. Ингэж явахаас ч өөр аргагүй. Бид чинь бүх л юмаараа хоёр талаасаа уяатай, хамааралтай. Монголын оруулж байгаа хувь нэмэр ч их байгаа. Үүнийг дэлхий ойлгоно. Энэ асуудлыг эвийг нь тааруулж байгаад зүтгүүлэх л хэрэгтэй. Засгийн газар хоорондын комисс жил болгон хуралддаг шүү дээ. Оросын талаас нэлээд өндөр түвшний Засгийн газрын орлогч нь, манайхаас Засгийн газрын Шадар сайд энэ комиссыг толгойлж байсан. Сая Оросын Засгийн газрын бүтцэд сүрхий өөрчлөлт орлоо. Тэнд хэнийг нь Монголын комиссыг ахлуулах юм байгаа юм, тэгэхээр Оросын талаас нэг шийдвэр гараад ирэх байх аа. Энэ комисст хэлэлцэх асуудлаа л хүчтэй оруулж тавьж явах ёстой.
-Бид Эрдэнэтийг Монголын талд авсан жишгээр УБТЗ-ыг авах боломж байдаг болов уу?
- И.В.Сталин төмөр замын бичиг баримтыг судалж ажиллаж байх үедээ УБТЗ-д анхны галт тэрэг явснаас хойш 75 жилийн дараа элэгдэл хорогдлын асуудлыг Оросын талтай ярина. Ингээд Монголын талд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөөрэй гэж хэлсэн байдаг юм байна лээ. Одоо тэр 75 жил нь болчихжээ. Энэ тухай би өнгөрсөн өвөл нэг хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ нэг сөхсөн. Дээшээ ч бичиж явуулсан. Надад хариу ирээгүй байна.
-Энэ асуудлыг бариад хөөцөлдөөд явах боломж хэр байдаг юм бол? Биеллээ олж чадах болов уу?
-И.В.Сталин нэгэн үе дэлхийг удирдаж байсан шахуу том удирдагч. Тэр хүн тухайн үедээ тэгээд биччихсэн л байгаа юм. Бүр томьёолчихсон. Их гоё томьёолсон. Тэгээд тэрийг нь би бичээд, би өөрөө томьёолсон ухаантай юм аа. Хүмүүс тусалсаан. Вагоны Ганбаатар гэх мэт хүмүүс туслаад хийсэн. Нэг ийм юм байгаа юм шүү. Транзит тээврийг Монголын нутгаар их хэмжээгээр явуулъя гэсэн Оросын бодлого байгаа учраас хамтарсан чигээр байвал “Монголын чих зөөлөн байна” гэсэн бодлого байгаа л байх. Гэхдээ дэлхийн зарчим бол нөгөө л үндсэн баримт бичигт юу гэж бичсэн байна гэдгийг л эх үндэс болгодог ёстой л доо. Би тэгж л мунхаглан бодож явдаг. Тэглээ гээд бид Орос нөхдөө эвгүй харж, харьцаагаа өөрчлөх нь огтхон ч зөв биш. Манай мэргэжилтнүүд бидэнд тусалдгаараа л тусална. Намайг 1990 онд ирээд, 1991 онд Замын дарга болоход Зөвлөлтийн 300 гаруй мэргэжилтэн байсан. Одоо 16 л болсон л доо. Би хөөгөөгүй. УБТЗ-ыг барьж байгуулах бүх ажлыг тэр үеийн Орос мэргэжилтнүүд чин сэтгэлээсээ хийсэн. Тэр тусыг монголчууд өнөө хэр мартаагүй мартах ч учиргүй юм. Үндэсний төмөр зам байхад бидэнд давуу тал олон гарна аа. Ойлгомжтой шүү дээ. Монголчууд төмөр замаа бүрэн аваад явах чадвар чадалтай. Нэг явган яриа гарсан. 1990-ээд онд Оросууд “Та нар энэ төмөр замаа ав аа” гэхэд нь Р.Раш “Үгүй ээ, бид хамтарсан чигээрээ явна” гэсэн гэж. Ямар золиг байхав дээ. Тэгэж хэлээ ч үгүй.
-Олон улсын санхүүжилт зээл тусламж аваад хэрэгжүүлэх гэхээр Оросууд дургүйцээд байдаг. УБТЗ-д гурав дахь талын хөрөнгө оруулалт авах сонирхол Оросуудад байдаггүй ээ гэсэн яриа байдаг. Өнөөгийн цаг үеийн байдалтай холбоотой оросуудыг харлуулах үзэл үү, аль эсвэл...?
- Явуулж байгаа үйл ажиллагаа оросуудын өөрсдийнх нь асуудал. Бид хөндлөнгөөс тэдний зөв, буруу гэдгийг ярихгүй. Манайх Орос-Монголын хамтарсан байгууллага. Өнөөдөр олон талын харилцаагаа судалж хөгжүүлэх шаардлага бидэнд байна шүү дээ. Япон, Солонгос, Турк, Казахстан гээд ялгаагүй л хамтарч ажилламаар байна. Якут автономит улс. Төмөр зам нь Якут-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг гэж явдаг юм байна лээ. Гэтэл Якутууд Америкаас таван илчит тэрэг аваад ашиглаж болоод байна. Тэгвэл Монгол яагаад болдоггүй юм гэж бодогддог. Би Замын I орлогч даргад энэ тухай хэлж байсан. Энд ажиллаж байгаа Орос нөхөд маань ч энд иймэрхүү юм болж байгааг хойшоо хэлж дуулгадаг л байх. Гэхдээ одоогоор дутуугаа нөхөж дундуураа дүүргэж, их л сайхан харилцаатай байгаа. Урд хөрш үсрэнгүй хөгжиж байна. Бид хүссэн хүсээгүй тэдэнтэй хамтарч ажиллаж таарна шүү дээ. Тэр өндөр хөгжлөөс нь чимхэж ч болов авахгүй бол, ганцхан улс хараад л суугаад байх юм бол хэцүү.
-Сая таны ярианаас нэг юм бодогдлоо. Орос Хятадын харилцаа түүхэндээ хамгийн сайхан үе дээрээ явж байна. Тэдний хооронд хийж байгаа худалдаа арилжаа нэмэгдэж байна. Стратегийн түншлэл гэрээ эрх зүйн баримт бичгүүд олон төрлөөр хийгдэж байна. Хоёр хөрш маань харилцаа сайн байгаад ирэхээр дунд нь байгаа жижиг улсад халгаатай гэж судлаачид үздэг.
-Тийм яриа байдаг аа байдаг. Тэр бол яриа шүү дээ.
- Сонирхолтой сайхан ярилцсан танд их баярлалаа.
- Баярлалаа. Төмөр замынхаа хөгжил дэвшлийг ч өнөөгийн хүндрэлийг сурталчилж, нийтэлж, олны анхаарлын төвд хүргэж, төмөр замын хөгжлийн төлөө дуугарч буйд баярлалаа. Ган замчдадаа түүхт ойн мэндийг хүргээд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгүүлч Б.Мөрөн
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Өөрсдийн төмөр замаа хөгжүүлэх тал дээрээ түлхүү анхаарах хэрэгтэй .УБТөмөр зам байдгаараа байна л биз.Урд хилийн цаахан талд баруун руу чиглэсэн төмөр замын сүлжээ байна,үүнд УБТөмөр замыг харалгүйгээр уг сүлжээнд Монголын төмөр замаа холбох талаар хүчин зүтгэл гаргах шаардлага маш их байна!,
Төмөр замыг Монголд 100% авах боломжийг огт мэдэрч, харж, авч чадаагүй МАн гуу амьтан. Насаараа ард түмний хараал иднэ дээ чи.