Анхан шатны шүүгч нар ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛЫГ үл тоомсорлож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Аливаа нэг хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хамгийн том аппарат бол Хяналтын шатны шүүх буюу Монгол Улсын Дээд шүүх билээ. Хэрэг маргааныг үнэн зөв шалгасан эсэх, баримтад тулгуурлан бодит шийд гаргасан эсэхийг хяналтын шатны шүүх нарийвчлан хянаж байж эцсийн шийдвэрийг гаргадаг. Гэвч шүүхийн системд байж боломгүй процессын алдаа гарч Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргийг, дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч нар дахин хүлээн авч эхэлсэн байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д зааснаар, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тохиолдолд уг хэргийн талаарх гомдлыг бусад шүүх хүлээн авахаас татгалзах ёстой.

Гэтэл гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, УБТЗ болон иргэн Л.Пүрэвбаатар нарын дунд үүссэн 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий албаны орон сууцны талаарх хэргийг, нийслэлийн Баянгол дүүрэг болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүгч нар дахин хэлэлцэхээр нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажлыг зогсоох шийдвэр гаргажээ.

-ХЭРЭГ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ-

Одоогоос таван жилийн өмнө буюу 2014 арванхоёрдугаар сард төмөр замын удирдах байгууллага буюу ТУЗ-ын шийдвэрээр Л.Пүрэвбаатарыг УБТЗ-ын төмөр замын даргаар томилсон байдаг. Тэрбээр албан тушаалд томилогдсон өдрөө ажил олгогч буюу ерөнхий хороотой контрактын гэрээ байгуулах ёстой байсан ч гэрээгээ байгуулалгүйгээр, тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цогтбаатартай контракт гэрээг хууль бусаар байгуулжээ. Н.Цогтбаатар гэгч нь даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан учир УБТЗ-ыг төлөөлөх эрхгүй этгээд байсан байна. Улмаар уг хууль бус гэрээний дагуу УБТЗ-ын хөрөнгөөр өндөр үнэ бүхий хаус авч өгөх заалт үндэслэн ашиг сонирхол бүхий хувийн барилгын компанитай гэрээ хийн 1.5 тэрбум төгрөгөөр хаус худалдаж авсан байдаг. Ингэхдээ Л.Пүрэвбаатар нь ажлаа хүлээн авснаас ердөө 20 хоногийн дараа өөрийн гарын үсгээр баталгаажуулан худалдах худалдан авах гэрээ хийж, төлбөрийг бэлнээр нэг дор шилжүүлэн авчээ.

Удалгүй Л.Пүрэвбаатарыг ажил үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Тодруулбал, үе үеийн замын дарга нар ерөнхий хороотой контракт гэрээ байгуулдаг бөгөөд энэ гэрээнд заасан хугацаанд тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй дүүрэг, районд тус албан тушаалтныг орон сууцаар хангадаг байна. Улмаар гэрээ дуусахад, албан тушаалтны ажлыг дүгнэж хангалттай дүн авсан тохиолдолд тухайн орон сууцыг өмчлөн авах эрх нээгддэг ажээ. Харин Л.Пүрэвбаатарын тухайд түүний хийсэн ажил ерөнхий хорооноос хангалтгүй гэж дүгнэгдсэн тул орон сууц өмчлөх эрх үүсээгүй байна.

-УБТЗ-ЫН ӨМЧИЙГ Л.ПҮРЭВБААТАР ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГААГ ДЭЭД ШҮҮХ ЭЦЭСЛЭН ТОГТООВ-

Ийнхүү албан тушаалаа өгсөн Л.Пүрэвбаатар орон сууцаа суллаж өгөхөөс татгалзан шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийг хангаж, тус орон сууцыг Л.Пүрэвбаатарын эзэмшлийнх гэдгийг тогтоожээ. Харин дээрх шийдвэрийг УБТЗ-аас эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээс “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, 41\5 тоотод байрлах 370 м.кв талбай бүхий, Ү-2206049413 бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр УБТЗ нийгэмлэг мөн” гэдгийг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Давж заалдах болон, Хяналтын шатны шүүх дээрх хаусыг Улаанбаатар төмөр замын өмч бөгөөд Л.Пүрэвбаатар гэдэг хүн хууль бусаар эзэмшиж байгааг нэг мөр эцэслэн тогтоосон байдаг.

Ийнхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш Л.Пүрэвбаатар нь уг хаусыг суллаж өгөхөөс татгалзаж байсан учраас Л.Пүрэвбаатарын хууль бус эзэмшлээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Гэтэл иргэн Л.Пүрэвбаатар нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “дээрх орон сууцыг битүүмжлэх, тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгаж өгөх” хүсэлтийг дахин гаргажээ. Тус шүүхийн шүүгч Г.Ариунаа, иргэн Л.Пүрэвбаатарын дээрх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу маргааны зүйл болох хаустай холбоотой тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг Улаанбаатар төмөр замд даалган захирамж гаргажээ.

Нэг талаас иргэн Л.Пүрэвбаатар өөрийн хууль бусаар эзэмшиж байгаа хаусыг өөрийн нэр дээр өмчлөн авах тухай нэхэмжлэлийг өмнө нь шүүх хүлээн аваад энэ нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болохыг Нийслэл шүүх магадлалаар, Дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдсэн байхад анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг дахин хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь, одоо хүчин төгөлдөр байгаа дээд шатны шүүхийн шийдвэрүүдийг үгүйсгэж ноцтой хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

Нөгөө талаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид буюу Улаанбаатар төмөр замд шүүхийн шийдвэрийн дагуу хүлээлгэн өгөх, албадан гүйцэтгэх тухай Дээд шүүхийн тогтоол гараад, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байхад, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан захирамж гаргасан нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалт зөрчигдөж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэх үү эсхүл анхан шатны шатны шүүхийн шүүгчийн захирамжаар үйл ажиллагаагаа зогсоох уу гэсэн эрх зүйн маргааны эх үндэс болж хууль ёс гажуудахад хүргэжээ.

-ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ ХҮЧГҮЙДЭЖ, 16 000 АЖИЛТНЫ ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ БАЙНА-

Энэ мэтээр нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс түдгэлзэх, хойшлуулах, биелүүлэхгүй байх хуулийн үндэслэлгүй байхад өнөөдрийг хүртэл шийдвэрийг хуульд заасан шаардлагын хэмжээнд биелүүлэхгүй байгаагаас үүдэн, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 16 000 ажилтны эрх ашиг хөндөгдөж байна.

Учир нь энэхүү 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг Л.Пүрэвбаатарын хууль бус өмчлөлөөс чөлөөлөн авч зах зээлийн үнээр борлуулан Улаанбаатар төмөр замын орон байрны нөхцөл муу алба хаагчдын орон сууцны хөнгөлөлт, урьдчилгаа болгон өгөхийг УБТЗ-ын дарга шийлдвэрлэсэн бөгөөд энэ тохиолдолд 400 орчим айл өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх байсан ч энэ ажил шүүгч нарын хууль зөрчсөн захирамжуудаас үүдэн удааширсаар байгаа юм. 

Нөгөө талаас Монгол Улсын шүүхийн систем, шүүгчийн ёсзүй  хэрхэн уналтад орж, хаана гацаа үүссэнийг дээрх жишээнээс тод харж болохоор байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(202.179.11.230) 2019 оны 04 сарын 16

eruusuu huuliig murduhgui hen mungu ugsund ni huuliig hucheer uilchluulj baina. ingeheer yaj shudarga yos togtoj uls hugjih yum ve? Avilga niigmiig ideed odoo nurah deeree tulaad baina.

0  |  0
зочин (103.57.92.11) 2022 оны 02 сарын 14

шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаататай холбоотой асуудал л байгаа биз дээ хуулиа мэдэхгүй байж худал гарчиг тавихаа болиомоор юм даа

0  |  1
Top