Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн  77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан бөгөөд сонгон шалгаруулах Ажлын хэсгийн үйл ажиллагаа нээлттэй явагдаж байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29, Сахилгын хорооны шүүгч бус гишүүний орон тоонд 24 хүн нэрээ дэвшүүлсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 11-р зүйлд заасны дагуу Ажлын хэсэг нэр дэвшигч тус бүртэй ярилцлага зохион байгуулах тов гарсан байна. Энэхүү ажлын хэсгийн ярилцлага 2021 оны 10 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдахаар тогтжээ. 

Ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нарыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top