Францын хувраг, шашны зүтгэлтнүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдын тоо 216 мянгыг даваад байна гэж Хараат бус комиссын тэргүүн Жан-Марк Савье мэдэгджээ.
Бэлгийн хүчирхийллийг шалгах хараат бус комиссыг Францын католик сүмийн санаачилгаар 2018 онд байгуулжээ. Комиссын бүрэлдэхүүнд эмч, социологич, түүхч, шашин судлаачид оржээ. Тус комисс 2.5 мянган хуудас тайлан бэлтгэх явцдаа сүмийн болон цагдаагийн архивд судалгаа хийж, гэрч, хохирогчидтой уулзжээ. Хоёр гаруй жилийн хугацаанд шинжээчид 1950 оноос хойших мэдээлэл цуглуулж, 6500 гаруй хүнээс мэдээлэл авчээ. Шалгалтын дүнгээс үзвэл, нийт 330 мянга орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Үүнд шашны сургуулийн сурагчдыг оруулсан байна.
Францын 115 мянган хуврагуудаас гурван мянга орчим нь энэ хэрэгт холбоотой гэнэ. Ингэхдээ энэ тоо бодит байдлаас бага байж болзошгүй гэж тайланд дурджээ.
Католик сүмийн хохирогчдын ихэнх нь өсвөр насанд ч хүрээгүй хүүхдүүд байжээ. Тэдний 60 хувь нь насанд хүрсэн амьдралдаа бэлгийн болон сэтгэцийн эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарч байжээ.
Жан-Марк Савье тайланд дурдсан тоо, баримтыг цочирдуулам гээд өнөөг хүртэл католик сүм хохирогчдод үл тоомсорлосон байдлаар хандаж байсан гэж онцолсон байна.
Энэ оны эхээр Ромын Пап лам Фрэнсис католик сүмийн багц хуульд өөрчлөлт оруулж, бэлгийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох болсон. Гэвч гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хариуцлага хүлээх эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Францын хуулийн дагуу тайланд дурдсан ихэнх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүхээр хэлэлцэх боломжгүй болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
балай христүүт манайхаас холуур