ЗАСГИЙН ГАЗАР: ААН-үүд түлш, шатахууны 45 хоногийн нөөц бүрдүүлнэ

2021 оны 10 сарын 06

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.1.06) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


 САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА


“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдээр хангах, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж ахална.

“Тавантолгой түлш” ХХК нь нийслэлийн зургаан дүүргийн 57 агуулахад 71,4 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Борлуулалтын 128 цэгээр хоногт дунджаар 956 тн сайжруулсан шахмал түлш борлуулж байгаад энэ сарын 5-наас борлуулалтын цэгийг 371 болгон нэмэгдүүлжээ. Ирэх сарын 1-нээс 300 өрхийн дунд нэг буюу 600 цэгээр сайжруулсан түлшний борлуулалт хийхээр төлөвлөж байна.

Сайжруулсан шахмал түлшний “Нэг өрх-нэг карт” аяныг зохион байгуулж, айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, картын давхардлыг арилган, сайжруулсан түлшийг орон нутаг руу зөөвөрлөхгүй байхад хяналт тавина.


 ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭГҮҮЛЭН ТАТНА


Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татахаар шийдвэрлэлээ.

Газрын тосны дайвар бүтээгдэхүүн импортлон дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжихээс илүүтэй өнөөгийн бодит нөхцөл байдалд Монгол Улсын чанар, стандартын шаардлагыг боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлагын тогтолцоог чангатгах, одоо байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цэгцлэх замаар удирдлага зохицуулалтын арга хэмжээг нэн тэргүүнд авах нь зүйтэй гэж үзжээ.

Иймд хуулийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн импортлох болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг ханган УУХҮЯ-наас авсан компанийн өөрийн үйлдвэрлэлийн зорилгоор импортлох дайвар бүтээгдэхүүн болон керосиныг онцгой татвараас чөлөөлөхөөр боловсруулан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан УИХ-д өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзсэн байна.


 АЖ АХУЙН НЭГЖҮҮД 45 ХОНОГИЙН ТҮЛШ, ШАТАХУУНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ


“Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”-д заасныг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг хавсралтаар баталлаа.

Энэхүү тогтоолын хавсралтад заасан газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний дотор бүрдүүлэх арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт даалгалаа.

Улсын хэмжээнд 2020 оны наймдугаар сараас 2021 оны наймдугаар сар хүртлэх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд 1,538,119.0 тонн түлш, шатахуун импортолсон байгаа нь өмнөх оны мөн үеэс 6,5 хувиар өссөн үзүүлэлт юм. Аж ахуйн нэгжүүдийн дээрх хугацаанд импортолсон түлш, шатахууны хэмжээнд үндэслэн төрөл тус бүрээр хамгийн багадаа 45 хоногийн хэрэглээний компанийн нөөцтэй байхаар тооцжээ. Тогтоолын хавсралтад зааснаар 28 аж ахуйн нэгж нийт 193,500 тонн компанийн нөөц бүрдүүлэх юм байна.
 
ТОВЧ МЭДЭЭ

 

  • Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх олон улсын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс хэвийн горимд шилжүүллээ.
     
  • “Ковид-19”-ийн эсрэг вакцины бүрэн тунд энэ сарын 5-ны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 65.5 хувь, дархлаа дэмжих гуравдугаар тунд 323.940 хүн хамрагджээ. Иргэдийг гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцины цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
     
  • “Эрчис Ойл” ХХК болон “PH-Аэро” компанийн хооронд байгуулах хамтын ажиллагааны гэрээний төслийг эцэслэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг УУХҮ-ийн сайдад даалгав.
     
  • Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
     
  • Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн боловсруулалтын явц, Гашуунсухайт хилийн боомт дахь чингэлэг тээврийн терминалын ажлын явцын талаар Сангийн сайд танилцуулсан байна. Хуулийн төсөл боловсруулж эхэлснээс хойш хувийн хэвшлийн байгууллагаас 257, төрийн байгууллагаас 280 гаруй санал иржээ. Эдгээр саналыг нэгтгэн Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөлд тусгах юм байна.

 
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top