Бид 1.5 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг л яриад байдаг. Гэтэл далд уурхайг ашиглалтад оруулснаараа бидэнд 100 тэрбум ам.долларын нэмэлт орлого орж ирнэ. Тэрийг хэн ч ярьдаггүй.
Эдийн засагч Ч.Отгочулуутай Оюутолгойн асуудлаар ярилцлаа.
-Оюутолгойн асуудлаар Засгийн газрын байр суурь нэгдмэл бус, тодорхойгүй байна гэж та хэлээд байгаа. Та өөрөө өмнө нь “Оюу Толгой” компанийн ТУЗ-д Монголын Засгийн газрыг төлөөлж байсан хүн. Тодорхой байх ёстой гэж үзэж буй үндэслэлээ та тодорхой тайлбарлаад өгөөч?
-Манай улсын эдийн засаг 11 тэрбум ам.доллар орчимд хэлбэлзээд 10 жил болж байна. Гэтэл Оюутолгой энэ хугацаанд өсөж, томорсоор 10 тэрбум ам.долларын төсөл болж, хүссэн хүсээгүй манай эдийн засагт хамгийн том жин дарах болсон. Нөгөө талаас, дэлхийд геополитикийн асуудал их төвөгтэй болж буй ийм үед манайх шиг жижиг улсын хувьд гуравдагч хөршийн бодлогодоо анхаарах хэрэгтэй. Оюутолгой төслийг санхүүжүүлэгчдийн дотор манай гуравдагч хөршийн томоохон түншүүд байдаг. Тэдэнд Монголыг мөлжөөд, хохироогоод байх сонирхол байхгүй. Харин ч манай улсыг ардчилсан зарчмаараа чөлөөт зах зээлээ хөгжүүлээд, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн байгаасай гэсэн үүднээс л тусалдаг улс орнууд шүү дээ. Манай маш олон оюутныг аваачиж сургаж байна. Манайд янз бүрийн чиглэлээр сургалт хийж байна. Сүүлийн энгийн жишээ хэлэхэд, манай УИХ-ын гишүүдийн тал нь шахуу АНУ-д очоод Монголынхоо ардчиллыг магтаж байгаад л ирлээ. Ерөнхийлөгч НҮБ-д очлоо. Бас л ардчилсан хөгжилдөө үнэнч байна, Ногоон хувьсгалд оролцоно шүү гэдгээ илэрхийлчихээд ирлээ. Тэгэхээр бид ийм чухал төсөл дээрээ хариуцлагатай хандмаар байгаа юм. Хэлэлцээрийн Ажлын хэсэгт хүнд байгааг, зовлонтой байгааг ойлгож байна. Гэхдээ Ажлын хэсгээс өгч байгаа мессежийг нь харахаар манай улс гаднын хөрөнгө оруулагчдад хулхидуулаад, ашиглуулаад байгаа юм шиг яриад байх юм. Төслийг болиулах гээд, зогсоох гээд ч байгаа юм шиг. Тэгсэн мөртөө далд уурхайг аль болох хурдан ашиглалтад оруул гэж шаардаж байгаа ч гэх шиг. Дээр нь Монголбанкнаас УИХ-д өргөн барьсан ирэх оны Мөнгөний бодлого болон Сангийн яамнаас боловсруулсан төсвийн бодлогыг харахад, аль аль нь л зэсийн салбарт ялангуяа Оюутолгойд асар их найдвар тавьж байгаа нь харагдсан.
-Зэсийн салбарт онцгой ач холбогдол өгч байгаа хэр нь зэсийн салбараа дэмжихгүй байна гэж та үзэж байх шиг байна л даа. Ирэх оны төсвийн төсөл дэх тооцооллыг харахад, зэсийн экспортын хэмжээг 1.2 сая тонн буюу энэ оныхтой ижил хэмжээнд л тооцож оруулсан байна?
-Төсвийн төсөл дэх боловсруулалт түүхий юм болов уу гэж би харсан. 1.2 сая тонн баяжмал юм уу гэдэг нь ойлгомжгүй. Хэрэв баяжмал юм бол агуулгаа их багаар авсан юм байна гэж харсан. Хэрэв 1.2 сая тонн цэвэр зэс байх юм бол Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулаад, бүтэн жил бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна гэж ойлгосон. Учир нь төсвийн тухай хуулийн танилцуулгын оршил хэсэгтээ ОТ-н далд уурхайг ашиглалтад оруулна гэж тооцсон гэсэн байна билээ. Яах вэ дээ, дөнгөж өргөн барьсан төслийн хувилбар учраас цаашид дөрвөн хэлэлцүүлэг дамнаад, тодорхой болох байх. Ер нь үнийг нэлээд өндрөөр тооцсон, төсвийн орлогод эзлэх хувь нэлээд өндөр юм болов уу даа гэж харж байгаа. Оюутолгой дээр маргаан үргэлжлээд, төсөл зогсох юм бол улсын төсвийн орлого сох дутах эрсдэлтэй. Оюутолгой, Эрдэнэт хоёрын нэг онцлог байдаг. Төсөвт тусгасан тооцооллоор төсөвт 20 орчим хувийн шууд нөлөөлөл үзүүлдэг. Гэтэл энэ хоёр компанид ханган нийлүүлдэг олон бизнесүүд байдаг. Эдийн засагт шууд бусаар үзүүлж байгаа нөлөө нь шууд нөлөөллөөсөө дутахааргүй их хэмжээтэй байдаг. Тэгэхээр зөвхөн зэсийн биет хэмжээг харгалзаад, олон улсын үнээр үржүүлж тооцох нь асуудлыг бүхлээр нь харж чадахгүй байгаагийн л илэрхийлэл л дээ.
-Тусгай хороо далд уурхайн асуудлаарх тайлан, дүгнэлтээ хоёр сарын өмнө гаргасан. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ТУЗ төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”-гоос бүрэн дүүрэн, баталгаа, нотолгоотой тайлбар сонсож чадаагүй байх шиг байна. Далд уурхайг есдүгээр сард эхлүүлэх ёстой гэсэн манай Засгийн газрын шаардлага ч тэр, зардлын хэтрэлтийг “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-өөр батлуулах гэсэн “Рио Тинто”-гийн хүсэлт ч тэр, аль аль нь гацчихлаа л даа?
-Энэ яриа хэлэлцээ их нууц байдалд явж байгаа. Тэгэхээр би хэвлэлийн мэдээтэй байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, УИХ-д оруулж байгаа төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёрыг харахаар манай Монголбанк, Сангийн яамны байр суурь маш тодорхой байгаа. Оюутолгой тогтвортой байснаар манай төсвийн орлого бүрдэнэ. Оюутолгой тогтвортой байснаар гаднын хөрөнгө оруулалт орж ирж, манай төлбөрийн тэнцэл ашигтай гарна, төгрөгийн ханш тогтвортой байна гэдгийг бүр тэнэг хүн ойлгохоор тодорхой биччихсэн байна лээ. Тэр шинжээчид гээд байгаа хүмүүс бол Оюутолгойгоос хөөгдчихсөн хүмүүс юм байна лээ л дээ.
-Далд уурхайн зардал хэтэрсэн нь менежментийн алдаатай холбоотой гэсэн дүгнэлт гаргасан хүмүүсийг та хэлж байна уу?
-Тийм. Тэд болохоор менежментийн буруугаас болж зардал хэтэрсэн гэх гээд байх шиг байгаа юм. Гэтэл нөгөө тал нь хөрсний хатуулаг анх тооцсоноосоо өөр байсан учраас нэмэлт бэхжүүлэлт хийхийн тулд нэмэлт зардал гараад байна гэсэн тайлбар хэлээд байгаа. Байж болох л тайлбарууд. Гэхдээ энэ бол Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дээр, эсвэл “Оюу Толгой” компанийн ТУЗ дээр, бизнесийн юм уу, мэргэжлийнхний дунд явдаг маргаан. Гэтэл одоо манай ХЗДХ-ийн сайд нь өөрөө нэг бичиг гаргаж ирээд, эсвэл өөрөө үе үе мэдэгдэл хийгээд, “Рио Тинто”-гийнхоо захирал руу захидал бичээд л, тэгснээ тэр нууц гээд байгаа мэдээллээс нь заримыг нь гаргаж ирж, сэвээд л. Үнэхээр улс эх орны эрх ашгийн төлөө Оюутолгой төслийг ашигтай болгох гээд байгаа юм уу. Эсвэл 2024 оны сонгуулиа бодоод, өөртөө улс төрийн оноо авах гээд байгаа юм уу, гэдэг нь их ойлгомжгүй. Оюутолгой төсөл зөвхөн энэ Засгийн газрын өмч биш, ард түмний төсөл. Макро эдийн засагт маш чухал төсөл. Энэ талаар асуудал дэвшүүлсэн хүн бүрийг хардаад, хөлсний сайтууд, тролл армиараа дамжуулан гаднын тагнуул, гар хөл гээд байдаг нь ямар учиртай юм, мэдэхгүй.
-Хараат бус шинжээчдээс бүрдсэн Тусгай хороо “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр байгуулагдсан шүү дээ. Тэд далд уурхайн зардал хэтрэлт дээр санхүүгийн нарийвчилсан аудит хийхийг зөвлөсөн. Гэтэл аудит хийх эсэхийг ТУЗ хурлаараа хэлэлцээгүй л байх шиг байна?
Ийм олон тэрбум ам.долларын төслийн хараат бус үнэлгээг нэр хүндтэй том компаниуд хийдэг. Санхүүгийн аудитын чадавхтай, геотехнологийн өндөр мэргэшил бүхий, туршлагтай, чадавхтай том компаниуд хийдэг.
-Ер нь “Рио Тинто”-той ашиг сонирхлын зөрчилгүй компани олоход амаргүй байдаг гэсэн тайлбарыг Ажлын хэсгээс өгөөд байдаг?
-Хэцүү л байх л даа. Гэхдээ цөөхөн хэдэн хүмүүс энэ том төсөл дээр дүгнэлт хийгээд, гаргана гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Яагаад гэвэл ийм хэмжээний ТЭЗҮ-ийн тодотгол хийхэд асар олон мэргэжлийн компаниуд ордог, санхүүгийн, хүний нөөцийн чадавхтай компаниуд орж ирдэг. Дээр нь олон улсын стандартын дагуу судалгаа шинжилгээ хийх эрх бүхий сертификат авсан хүмүүс оролцдог л доо. Гэтэл тэдгээр шинжээчид нь эдгээр шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй байна. Энэ тал дээр надад мэдээлэл байхгүй учраас олон юм яриад яах вэ. Гэхдээ уул уурхайн төсөл, томоохон хөрөнгө оруулалт дээр ажиллаж байсан хүмүүс ер нь ямар, ямар том хөндлөнгийн шинжээч компаниуд байдгийг ерөнхийдөө мэднэ. Тэр хүмүүсийг бол тэдгээр газруудад ажиллаж байсан гэдгийг би лав сонсоогүй.
...Гэхдээ уул уурхайн төсөл, томоохон хөрөнгө оруулалт дээр ажиллаж байсан хүмүүс ер нь ямар, ямар том хөндлөнгийн шинжээч компаниуд байдгийг ерөнхийдөө мэднэ. Тэр хүмүүсийг бол тэдгээр газруудад ажиллаж байсан гэдгийг би лав сонсоогүй.
-Тусгай хорооны дүгнэлт гарснаас хойш “Оюу Толгой”-н ТУЗ-ийн хурал хэд хэдэн удаа хойшилсон. “Рио Тинто” ТУЗ-д тайлбар өгөхөөс татгалзаад байна гэж л ойлгогдоод байгаа. Ер нь таныг ТУЗ-д байхад хурлын тов ингэж удаа дараа хойшлох, хэлэлцэх асуудлууд сунжрах явдлууд гардаг байсан уу?
-Хурал хойшлох тохиолдлууд гарна л даа. Хувь нийлүүлэгчдийн түвшинд шийдэх асуудлыг хүлээгээд хойшлох явдал бол гардаг. Намайг ТУЗ-ийн гишүүн байх үеийн тухайд бол зардал хэтрэлтийн асуудлыг эхэлж шийдье гээд бид төсвийг нь бараг баталж өгдөггүй байсан шүү дээ. Манай ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо 2013 онд зардал хэтрээд, 2015 онд хүлээн зөвшөөрсөн гээд их буруу мэдээлэл өгч байгаа харагдсан. Тэгж ярих бол их буруу. Яагаад гэвэл тэр үеийн зардлын хэтрэлт 2010-2012 онд гарсан. Ялангуяа 2010, 2011 онд дийлэнх нь гарч, ТЭЗҮ-ээсээ хэтэрсэн байсан. Гэтэл ТЭЗҮ гэдэг бол эрх зүйн хувьд санхүүгийн тайлангаас өөр баримт бичиг. Тэр үед Ч.Улаан сайдын гаргасан нэг журам байв. Тэр нь юу гэхээр тайлан балансаа эхэлж цахимаар өгөх ёстой, дараа нь цаасаар тулган баталгаажуулах ёстой. Хэрвээ зургаан улирал дараалж тулган баталгаажуулахгүй бол тухайн аж ахуйн нэгжийн гэрчилгээг хүчингүй болгодог, татан буулгадаг журам байсан. Тэгэхээр тэр журмаар “Оюу Толгой”-г татан буулгавал 34 хувийг эзэмшиж байгаа Засгийн газар маш хүнд байдалд орно шүү дээ. Сангийн яам өөрсдөө тийм журам гаргачхаад, улс төрөөс айгаад тайлан балансыг нь хүлээж авахгүй байсан. Энэ асуудлыг Дубайн төлөвлөгөөгөөр шийдвэрлэсэн. Ямар ч байсан санхүүгийн тайлан балансыг нь хүлээж авъя аа. Энэ нь зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш шүү гэдэг утгаар тохирч, хүлээж авсан байдаг. Гэтэл Б.Солонгоо дарга маань ерөөсөө мэдээлэлгүй байна билээ. Уул уурхайн том төсөл гэдэг бол зүгээр нэг гадаадад хуулийн сургууль төгсөөд ирсэн хүний хийдэг ажил биш.
- Тэгээд өнөөдөр үүнийг хийх хүмүүс хэн гэж та хэлэх гээд байна вэ?
- Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл гэж бий. Тэднийгээ ерөөсөө оролцуулахгүй байна гэж харагдаад байгаа.
- Та нарын үед тэд ямар оролцоотой байсан бэ?
-Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл маш чухал оролцоотой байсан. Шинжээч томилно, нөөцөө хэлэлцэнэ, ТЭЗҮ-ийн тодотгол хэлэлцэнэ гээд маш чухал оролцоотой байсан. Мөн “Эрдэнэс Оюу Толгой” гээд хорь, гучин хүнтэй компани бий. “Эрдэнэс Монгол” гээд 100 орчим хүнтэй компани байна. Эд нар яагаад ажлаа хийхгүй байхад Засгийн газар дундуур нь орж ирж улс төр болгоод байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ чинь гадагшаа Монгол Улсыг их муухай харагдуулж байна. Гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй болохоор эцсийн дүндээ хэн хохирох вэ гэхээр ард түмэн л хохирно шүү дээ. Би үүнийг айлгахын тулд хэлж байгаа юм биш шүү, бодит нөхцөл байдлыг л харж хэлж байгаа юм.
-Манай эдийн засагт далд уурхайг эхлүүлэх шаардлага байгааг бид харж байна л даа. Гэтэл нөгөө талаас харахаар зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөх шаардлага бидэнд тулгараад байна. Урт хугацаанд үргэлжлэх төсөлд зардлын асуудал цаашид ч гарах байх. Тиймээс асуудал одоо ингэж өндөр авч яригдаж байгаа дээр зардалтай холбоотой зохицуулалтын арга хэмжээнүүд авч болохгүй юу?
-Ер нь бид яах гэж 34 хувиа эзэмшсэн юм. Анх бол 34 хувиа цоожилно гэж байсан юм байна лээ. Сүүлд Сү.Батболдын үед Хувь нийлүүлэгчдийн гэрээнд том өөрчлөлт орсон. Нимгэн капиталжуулалт гэж сонин юм оруулж ирсэн. Зардал хэтрэхээр санхүүжилтийг хоёр тал гаргана, зээлээр гаргаж болно. Манай улс 34 хувиа хадгалж үлдэхийн тулд мөнгө нэмж гаргах ёстой. Тэгэхээр манай өр нэмэгдээд байх цоорхойг гаргачихсан байдаг юм. 2009, 2011 онд гэрээ хийсэн хүмүүс алдаа гэмээр зүйл цөөнгүй хийсэн байдаг. Тэрийгээ коммунист аргаар 2015 оны хаа хамаагүй Дубайн гэрээ рүү чихээд байгаа. Үүнийг нь гаднынхан харж байгаа. Манайхан хүүхэд шиг өөрсдийгөө хуурсан гэнэн тоглолт хийгээд байна. АН-ыг муухай харагдуулахын тулд Монгол төрийг өөрсдөө их муухай харагдуулаад байна. Монгол төр ийм муухай болохоор гаднынхан орж ирэхгүй. Ингэхээр “Алсын хараа 2050” ч биелэхгүй, мод тарих нь ч биелэхгүй, ажилгүйдэл, ядууралтай тэмцэх гол зорилго нь ч биелэхгүй.
-Уул уурхайн аливаа төсөл дээр зардлын хөдөлгөөн байх нь дамжиггүй. Гэхдээ зардал хэтрэлт хэд хэчнээн хувьд хүрэхэд бид илүү нухацтай авч үзэх ёстой вэ гэдэг талаас авч үзэх ёстой байх?
-Тийм. 20 хувь дээш, доош хэлбэлзэж болно гэсэн жишиг бий. ОТ-н анхан шатны бүтээн байгуулалтын хувьд 15 хувиар хэтэрч байсан гэж үздэг. Дубайн төлөвлөгөөнд Зардлын хэтрэлтийг шалгадаг Аудитын хороо байгуулна гэж шинэ заалт орсон. Зардлын 6 хувийг менежментийн төлбөр гэж авдаг байсныг 3 хувь болгож бууруулсан. Одоо үүнийг тэглэх боломжтой. Тийм жишиг Дубайгаар тогтоочихсон. Хоёрт, анхны ТЭЗҮ-ээр энэ төсөл 120 тэрбум ам.долларын орлого олно, 60 тэрбум ам.долларын зарлага гаргана, манайд ирэх ногдол ашиг нь 9 тэрбум ам.доллар байна гэж тооцсон байсан. Тэгвэл Дубайн төлөвлөгөөний явцад нийт орлогыг 350 тэрбум ам.доллар болгож, хоёр дахин өсгөсөн. Тэрийг хэн ч ярьдаггүй юм.
-Монгол Улсад үлдэх өгөөжийг хэрхэн тооцсон байдаг вэ?
-50 хувь нь манайд үлдэх ёстой шүү дээ. Тэрийг бид өөрсдөө хийх ёстой. Цахилгаан станцаа, төмөр замаа барих ёстой. Монгол ажиллагсад тэнд ажиллах ёстой. Одоо “Оюу Толгой” компани жилд 1 тэрбум ам.долларын экспортын орлого хийж байгаагаас, 300 сая ам.доллар нь улсын төсөвт ямар нэг хэлбэрээр орж байгаа. 200 сая ам.доллар нь цалин, хөлс хэлбэрээр шууд болон шууд бусаар ажиллаж байгаа хүмүүст очиж байгаа. Ингэхээр одоогоор 2 ам.доллар тутмын нэг нь Монголд үлдэж байна. Бид 1.5 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг л яриад байдаг. Гэтэл далд уурхайг ашиглалтад оруулснаараа бидэнд 100 тэрбум ам.долларын нэмэлт орлого орж ирнэ. Тэрийг хэн ч ярьдаггүй.
-Тэр 100 тэрбум ам.доллароос бидэнд ногдох ирээдүйн ашиг буурах гээд байна, алга болох гээд байна гэж Засгийн газрын Ажлын хэсэг яриад байгаа юм биш үү?
-22 тэрбум ам.доллар энэ тэр гээд ярьж байна. Тэнэг хүн биш л бол үүнийг чинь ТУЗ-ийн түвшинд юм уу, Хувь нийлүүлэгчдийн түвшинд яриад ойлголцчих юм. Үүнийгээ огт ойлгоогүй УИХ, Засгийн газар тролл армитай орж ирээд, худлаа хийрхэл явуулаад, худлаа төсөөлөл бий болгоод, тэрнээсээ буцахаар гаднынханд худалдагдсан болчих гээд. Ичсэн хүн хүн ална гэдэг болоод байна.
Татварын байцаагч нар болон Сангийн яамны байр суурийг харахаар олон улсын гэрээ биш, Монгол Улсын хуулийн дагуу явах ёстой гээд байдаг. ЗГХЭГ, ХЗДХЯ нь болохоор Лондонд очоод заргалдаад нэхэмжлэл гаргачхаж байгаа үйлдлээс нь харахад олон улсын гэрээ мөн гээд хүлээн зөвшөөрчхөөд байгаа юм.
- “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ээс Засгийн газарт захидал ирүүлсэн. Захидалдаа манай талтай ойлголцох хэд хэдэн асуудал дурдсаны нэг нь татварын маргаан гэж ойлгосон. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол үндсэндээ татвар тогтворжуулах гэрээ юм. 2011 онд манайх ААНОАТ-таа өөрчлөлт оруулсан. Ер нь дөрвөн хуульд өөрчлөлт оруулсан. Тэгээд тэр шинэ хуулиараа татвар авах уу, анхны гэрээгээрээ татвар авах уу? гэдэг маргаан бий, бас.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ олон улсын гэрээ мөн юм уу, биш юм уу гэдэг дээр Засгийн газрын байр суурь ойлгомжгүй байгаа. Татварын байцаагч нар болон Сангийн яамны байр суурийг харахаар олон улсын гэрээ биш, Монгол Улсын хуулийн дагуу явах ёстой гээд байдаг. ЗГХЭГ, ХЗДХЯ нь болохоор Лондонд очоод заргалдаад нэхэмжлэл гаргачихаж байгаа үйлдлээс нь харахад олон улсын гэрээ мөн гээд хүлээн зөвшөөрчихөөд байгаа юм.
-Лондоны Арбитрт Засгийн газраас гаргасан сөрөг нэхэмжлэлийг царцааж өгөөч гэсэн хүсэлтийг “Рио Тинто” тавьсан байсан шүү дээ?
-Тэр талаар нарийн мэдээлэл алга. Засгийн газрын улс төржсөн пропаганда-д бол итгэх арга алга. Ер нь дахиж хэлэхэд НҮБ-ын дэргэдэх Арбитрын журмаар зохицуулагдаж байгаа гэрээ гэдэг бол Олон улсын гэрээ мөн гэсэн үг. Тэгэхээр энэ гэрээний дагуу үүссэн харилцаанд өөрсдөө гүйгээд оччихож байгаа юм. Үйлдлээрээ буюу хийж байгаа ажлаараа Олон улсын гэрээ мөн гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Тэгэхээр барахгүй сөрөг нэхэмжлэл гаргачхаад байгаа.
-Монгол Улсын Татварын албанаас гаргасан актуудаас зөрсөн үйлдлийг Засгийн газар хийсэн гэж та хэлэх гээд байна уу?
-Зөрсөн яваад байгаа. Хэрвээ Монгол Улсын хуулиараа явах ёстой бол хуулиараа л яв л даа. Заавал Лондонд олон улсын шүүх дээр зэрэг үзэж яах гээд байгаа юм? Хоёр нүүр гаргаад байна шүү дээ.
-Тэдний нэхэмжлэлд хариуцагчаар оролцохгүй гэх боломж байсан гэж үү?
-Боломжтой шүү дээ. Энэ чинь манай Монгол Улсын хуулийн асуудал гэх боломжтой байсан. Одоо тэгээд Арбитр дээр ялагдвал яах юм. Их сонин асуудал үүсчхэж байгаа юм. Ер нь тэгээд ялагдсан ч бай, ялсан ч бай, Арбитр дээр очоод, нэхэмжлэлийг нь хүлээж аваад, заргалдаад, хариу нэхэмжлэл гаргасан нь өөрөө Олон улсын гэрээ мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон. Ингээд жишиг тогтоочихож байгаа юм. Одоо больё гэхээр муухай харагдана. Бид буруу татвар тавьсан юм байна гэсэн зүйл болчихно.
Тийм учраас би энэ Засгийн газрыг нэг байр суурьтай, ойлгомжтой байгаач ээ гээд байгаа юм. Гаднаас зээл аваад төсвийн өндөр алдагдлаа хаах болохоороо Оюутолгой шиг сайхан юм байхгүй гэж байгаад л өчнөөн олон бонд гаргачихсан. Оюутолгой байгаагүй бол Century бонд тэгж хямдхан гарахгүй шүү дээ. Дотоод сонгууль болохоор Оюутолгой шиг муухай юм байхгүй. Ийм ойлгомжгүй байдлаасаа гараач ээ л гээд байгаа юм. Тэртээ тэргүй “Эрдэнэс Оюу Толгой”, “Эрдэнэс Монгол, Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл гээд өчнөөн олон хүнтэй газар байна. Тэд нарыгаа ажиллуулаач ээ. Тэгэхгүй улстөрчид орчихоод, өөрсдөө өндөр авхуулчихсан. Намайг бага байхад “илжигдэх” гээд тоглоом тоглодог байв. Тэгээд бас “баасан дээрээ халтирна” гэж ярьдаг байсан. Өнөөдрийн засгийн газар яг тийм л юм болчихоод байна. Хүн хуурах гэж байгаад өөрсдөө шаварт уначихсан. Өөрсдийнхөө нэр нүүрийг авч гарахын тулд макро эдийн засгийнхаа боломжийг хааж болохгүй. Өчнөөн олон хүн гаднаас хөрөнгө оруулалт татмаар байна. Хөрөнгө оруулагчид Оюутолгойг хараад сууж байдаг. Тэгэхээр манай Засгийн газар эх оронч байх ёстой. Эх оронч байна гэдэг чинь өөрийнхөө популист нүүрийг авч гарахын тулд арьсаа хамгаалсан бэртэгчин байхын нэр биш. Өөр дээрээ гал дуудаад ч хамаагүй бусдадаа боломж олго л доо. Ажилгүйдэл, өр зээл ямар их байна.
- "Рио Тинто”, “Туркойз хилл” манайд ногдол ашгаас урьдчилсан байдлаар өгөх санал тавьсан байгаа. Бид урьдчилж мөнгө авах нь хэр оновчтой вэ?
-Эдийн засаг хүнд байгаа энэ үед төлөх ёстой ирээдүйн татвараа урьдчилаад төлчихье л гэсэн юм шиг байна лээ. Тэр талаар надад мэдээлэл байхгүй байна. Тэр бол цэвэр хэлэлцээний тактик байх. Миний хувийн бодлоор 34 хувиасаа татгалзаад, өсөн нэмэгдэх роялтигаар орлуулах хэрэгтэй. 10-хан тэрбум ам.долларын ногдол ашиг авах гэж хөөцөлдөж байгаад 22 тэрбум ам.долларын өрөнд орох юм уу, эсвэл огт хувь эзэмшихгүй байж байгаад нэмэлт, тусгай роялтигаар 20, 30 тэрбум ам.доллар авах юм уу гэдгээ л бодох ёстой. Тэр чинь ядаж эрсдэлгүй орж ирнэ шүү дээ. Тэгээд энэ далд уурхайн технологи дэлхий дээр туршигдсан нь маш цөөхөн. Бид үүнийг хянаж чадахгүй шүү дээ.
ТУЗ дахь цөөнхийн төлөөлөл ямар ч мэдээлэлтэй танилцах эрхтэй. Хэрвээ Оросуудаас, Хятадуудаас, Япончуудаас нуух ёстой нарийн технологийн юм байвал нууцлалын гэрээн дээр гарын үсэг зураад танилцаж болдог. Гол нь танилцсан мэдээллээ ил зарлаад байж болдоггүй юм.
-“Оюу Толгой”-н ТУЗ дахь Засгийн газрын төлөөлөл бусад гишүүдтэй харьцуулахад мэдээллээр дутмаг байж өдийг хүрсэн гээд байдаг. Цаашид ТУЗ дахь оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэж Ажлын хэсгээс мэдээлэл өгч байсан. Үнэхээр тийм оролцоо муу байдаг юм уу?
-Тэр бол худлаа шүү. Цөөнхийн төлөөлөл ямар ч мэдээлэлтэй танилцах эрхтэй. Хэрвээ Оросуудаас, Хятадуудаас, Япончуудаас нуух ёстой нарийн технологийн юм байвал нууцлалын гэрээн дээр гарын үсэг зураад танилцаж болдог. Гол нь танилцсан мэдээллээ ил зарлаад байж болдоггүй юм. Жишээлбэл, “Оюу Толгой”, “Эрдэнэт” хоёр чинь өрсөлдөгчид гэж үздэг. Энэ хоёр хоорондоо үгсэн хуйвалдах юм бол тэр мэдээллийг задруулсан хүн олон улсад гэмт хэрэгтэн болно гэсэн үг.
-Танилцсан асуудалтай санал нийлэхгүй байлаа гэхэд ТУЗ-ийн хуралдаанд тэр асуудлаа оруулах, хэлэлцүүлэх эрх бий биз дээ?
-Болно. Гол нь нууц хадгалах гэрээг дагах ёстой. Та бизнес эрхлэгч байлаа гэхэд өрсөлдөгчдийнхөө өмнө ил гаргахгүй байх шаардлагатай мэдээллүүдийг чинь төрийн нэг нөхөр төрийн эрх мэдлээрээ далайлгаж авчихаад, дэлхийгээр нэг цацаад байвал яах вэ. Ийм л зохицуулалттай байдаг. Манайх НҮБ-ын гишүүн орон. Бизнесийн нууцыг хадгалах тал дээр манай улс үүрэг хүлээсэн. Олон улстай харьцдаг компаниудын ТУЗ ч тэр жишгийн дагуу л ажилладаг.
Эцэст нь хэлэхэд, би “Оюу Толгой” компанийг өмөөрөөд байгаа юм биш шүү. Өмөөрөх сонирхол надад огт байхгүй. Тэд надаар өмөөрүүлэх хэмжээний жижиг компани ч бас биш. Гол нь манай макро эдийн засгийн тогтвортой байдал, геополитик талаасаа чухал төсөл юм гэдгийг нэг ч гэсэн хүнд ойлгуулах санаатай яриад байгаа юм.
-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш тасралтгүй 13 дахь жилдээ “Оюутолгой” гол сэдвүүдийн нэг байлаа. Энэ төсөл цаашид саадгүй, хэвийн үргэлжлэх гарц бидний хувьд юу вэ гэдгийг та хэлээч?
-34 хувиасаа татгалзаад оронд нь роялтигаа л өсгөчих. Одоо 5 хувийн роялти авч байгаа бол тэрийгээ өсгөчих. Тэгээд л болоо.
-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 10 )
Чи ТУЗ-ийн гишүүн байхдаа энэ асуудлаа шийдэхгүй яасан юм бэ. Тийм боломж Да.Ганболд та хоёрт байсан биз дээ. Чамайг гайгүй Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй хүн гэж бодож байсан юмсан. Гэтэл тийм биш байж. Халаг гэж...
Залуу хүний битгий ингэж бай та нар
Монголыг хорлогчийн нэг байна шүү дээ энэ Отгочулуу гэгч чинь.
Манайхан ойлгохгүй, мэдлэгтэй хүмүүсийг нам харгалзахгүй ажиллуулах хэрэгтэй. Цүнх баригч долоогч нар хэзээ ч ил асуудлыг ойлгохгүй, боловсрол үгүй, хэл үгүй ссүг ойёиод идэх уухаа л бодох, хошного долоохоо л бодох нь гутамшигтай байна шүү дэн
“Оюу Толгой”-н ТУЗ дахь 3 хүн юугаа хийж байсан юмбэ? тэр багабанди чинь хэлгүй бодчихсон юмуу? яагаад ганц үг дуугардаггүй амьтан бэ?
Иймэрхүү хагас хугас боловсролтой, тал эрдэмтэнцэр хоол өгсөн хүнийхээ төлөө юу ч хамаагүй боргох юм даа...
маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг.
Ene nusgai galzuu, soliotoi amitan. 3oiriin ireeduid zesiin une mashi ikheer usnu.
УИХ-ын 92 р тогтоолоор 34 хувиа нэмэлт роялти эсвэл бүтээгдэхүүн хуваах гэрээ болго гэсэн. Бүтээгдэхүн хуваах гэрээ болгох боломж муу. Зэс дээр байдаггүй. Нэгэнт олдсон баялаг тул БХГ хэрэггүй. Зэсийн орон Чили, Перу -д нэмэлт роялти авдаг Тэр хэмжээнд байж болох. Бид 34 хувийн төлбөрийг хөнгөлүүлэх, орлуулах, тэглүүлэх боломжтой. Хэлэлцээр хийх чадвараас хамаарна. Улмаар 51 хувиа авах нь дээр. Аргуудыг нь би энэ хавар фейс дээрээ бичсэн \n
Энэ лларыг Сайханбилэг гошного байна гэж хар