Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үед дэлхийн улс орнууд олон сорилттой тулгарч байна. Тулгарсан дараах сорилтуудыг даван туулахын тулд улс орнууд олон төрлийн халамж, тэтгэмж, татаас, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэрэг төсвийн шинжтэй олон төрлийн арга хэмжээг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүллээ.
СОРИЛТУУД:
ОУВС-гийн тооцсоноор 2020 онд дэлхийн хэмжээнд төсвийн алдагдал ДНБ-ий -10.8 хувьд хүрч цар тахлын өмнөх үеэс гурав дахин өссөн бол Өр/ДНБ-ий харьцаа 83.7 хувиас 97.3 хувьд хүрч нэмэгджээ. Цар тахлын үед улс орнуудын хэрэгжүүлж буй төсвийн арга хэмжээг дүгнэхэд эхний ээлжинд эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалт, урсгал зардлыг санхүүжүүлэх, эмзэг бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалахад зориулж татаас олгох, зээлийн баталгаа гаргах болон бусад төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэн эдийн засагт хөрвөх чадварыг нэмэгдүүлжээ.
Бусад орнуудын адилаар Монгол Улсын Засгийн Газраас өрхийн орлогыг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн халамжийн нэмэгдлийн нөлөөгөөр татаас, урсгал шилжүүлгийн зардал 2020 онд 50 хувь, 2021 онд дахин 44 хувиар нэмэгджээ. Тодруулбал, цар тахлын үед иргэн бүрт 300.0 мянган төгрөгийн нэг удаагийн тусламж, вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд 50.0 мянган төгрөгийн урамшуулал олгож, хүүхдэд олгох сар бүрийн мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөг болгох, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авсныг ирэх онд төрөөс баримтлах Мөнгөний бодлогын төсөлд дурдсан байна.
Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудын санхүүгийн чадавхи өндөр тул төсвийн хариу арга хэмжээг илүү хурдтай авч хэрэгжүүлж байна. Улс орнуудын Засгийн газраас хэрэгжүүлж буй нэмэлт арга хэмжээний нөлөөгөөр 2020 онд дэлхийн эдийн засгийн уналт 2 нэгж хувиар багассан гэх судалгааны үр дүн гарчээ.
ОУВС-гийн тайлангаас харахад өндөр хөгжилтэй орнууд төсвийн алдагдлыг 2022 оноос эхлэн хурдтай бууруулж, Өр/ДНБ харьцааг цаашид тогтмол түвшинд хадгалах хүлээлттэй байгаа бол хөгжиж буй орнуудын хувьд төсвийн алдагдал 2026 он хүртэл харьцангуй удаан буурч, өрийн хэмжээ үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )