Засгийн газрын өнөөдрийн /2021.10.20/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар салбарын сайд нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байна. Тухайлбал, УУХҮ-ийн сайд Г.Ёндон Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн талаар засгийн хурлаар хэлэлцсэнийг мэдээллээ.
Тэрбээр “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын тухай хуулийн 3.7.5-т Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах талаар заасан байдаг.
Дахин нөхөгдөшгүй газрын баялаг иргэн бүрийн баялаг гэсэн үг. Тиймээс Эрдэс баялгийн биржийн тухай хууль үеийн үед яригддаг байсан. 2013 онд суурь судалгаа нь хийгдэж байсан. Харин одоо улс төрийн нөхцөл байдал энэ хуулийн төслийг өргөн барихыг бүх талаас нь дэмжиж байгаа” гэлээ.
Шатахууны нийлүүлэлт БНХАУ-ын тал хилээ хаасантай холбоотойгоор тасалдсан уу гэдэгт “БНХАУ хилээ хаасан. Гэхдээ төмөр замын тээвэр хэвийн явагдаж байгаа. Өнгөрсөн шөнө 2500 орчим тонн түлш Замын-Үүд рүү орж ирсэн” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )