2021.10.20 | Засгийн газрын хуралдааны нэгдсэн мэдээлэл

2021 оны 10 сарын 20

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална.

Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулах юм.

Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд
сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ

Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх

-Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах

-Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт, зээл олгох асуудлыг холбогдох журамд өөрчлөлт оруулж, төсвийн хүрээнд санхүүжүүлэх, мөн багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох, хөнгөлөлттэй зээлд хамруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болголоо.

“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
тендерийг энэ долоо хоногт зарлана

“Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа.

Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

Тендерийг амжилттай зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна.

Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих
төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна

Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан байна.

Дулааны III цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд хотын дулааны шугам сүлжээний хамгийн оновчтой байршилтай боловч станцын үндсэн тоноглолуудын насжилт өндөр болж ашиглалтын хугацаа дууссан, эрсдэлтэй нөхцөлд байна.

Монгол Улс, ОХУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох Интер РАО-Экспорт компани, Монгол Улсын “ДЦС-3” ТӨХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлын эзлэхүүнийг тохиролцжээ. Интер РАО-Экспорт компани төслийн ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан Монголын талд ирүүлэхээр тохиролцжээ.

ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн талаарх асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахаар төлөвлөж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай
хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Эрдэс баялгийн бирж байгуулах тухай асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, үүнтэй холбоотойгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улсын үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын дорх баялгаас хүртэх үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлэн, түүнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, борлуулалт, орлогод хяналт тавих зорилгоор эрдэс баялгийн биржийг байгуулахаар ажиллаж байна.

Хуулийн төсөлд өгсөн гол саналуудаас дурдвал, биржийн өмчлөлийн байдал, биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанарын хяналт, ногдох татварын асуудлыг хөндсөн байна.

Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний
хангамж, нөөцийн талаар танилцуулав

Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний ачаа тээвэрт үүссэн асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж, цаашид ачих, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт, импортын гол нэрийн хүнсний нөөцийг байнга хянаж, нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгалаа.

Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүр, импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад цагаан будаа 42, элсэн чихэр 20, ургамлын тос 22 хоногийн нөөцтэй байна.

Иргэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургаа
цахимаар авч байна

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийж, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд хийж буй ажлын талаар онцолж мэдээллээ.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг иргэн хуулийн этгээдэд үнэ төлбөргүй цахимаар олгох ажлыг эхлүүлснээр 2021 оны аравдугаар сарын 1-17-нд 2983 иргэн, хуулийн этгээд цахим гэрчилгээ, кадастрын зургийг хэвлэж авсан бөгөөд нийт 58 сая 147 мянган төгрөг хэмнэсэн байна.

Товч мэдээ

- “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

- ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Сверчук энэ сарын 21, 22-нд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монголын талын баримтлах удирдамжийг баталлаа.

- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн баригдах нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулав. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, богино хугацаанд олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлаар жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгав.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top