Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) нэгдсэн хуралдаанаа энэ сарын 19-21-ний өдрүүдэд Парис хотноо хийлээ.
Энэ удаагийн хуралдаанаар Турк, Йордан, Мали улсыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнууд буюу “Саарал жагсаалт”-д оруулсан бол Ботсвана, Маврики улсыг жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ.
Харин Пакистаныг тус жагсаалтад хэвээр үлдээсэн байна. Тус улс 2018 оны зургаадугаар сараас хойш “Саарал жагсаалт”-д байгаа юм.
Ингэснээр одоогийн байдлаар ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д 39 улс багтаад байна.
ФАТФ-ын ерөнхийлөгч Маркус Плейер хэвлэлийн хурлаар мэдээлэл өгөхдөө Пакистан улс тус байгууллагын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч, тодорхой ахиц гарч байгааг онцоллоо.
Харин Турк улсын талаар хэлэхдээ “Туркийн Засгийн газар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулахын тулд хүчин чармайлт гаргана гэдэг амлалт өгсөн. Тэднийг энэхүү амлалтаа ажил хэрэг болгохыг уриалж байна" гэв.
Гэхдээ тэрбээр Турк улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний стратеги боловсруулж, хууль бусаар мөнгөний урсгалыг хумих чиглэлд ахиц дэвшил гаргаж буйг хүлээн зөвшөөрсөн байна.
Эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрч, инфляцын өсөлт 20 хувиар хэмжигдэж буй Турк улс ийнхүү “Саарал жагсаалт”-д орлоо.
Цар тахал, хорио цээрээс шалтгаалан дэлхийн улс орнууд эдийн засгийн хямрал, дарамттай нүүр тулсан ч, улс орнууд ФАТФ-ын стандартыг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлж, гэмт хэрэгтнүүд болон террорист этгээдүүдэд боломж олгохгүй байх ёстой талаар хуралдаанд онцолжээ.
Тухайлбал, Пандорагийн баримтууд нь улс орнууд гэмт хэрэгтнүүдийг оффшор банк болон нарийн бүтэцтэй корпораци ашиглаж хууль бус хөрөнгө, үйл ажиллагаагаа нуухаас урьдчилан сэргийлж чадахгүй байгааг дахин нотолсон хэрэг боллоо хэмээн ФАТФ-аас дүгнэжээ. Тиймээс улс орнуудаас эцсийн өмчлөгчийн бүртгэлийг бий болгох, эсхүл тэдний талаар мэдээлэл авах боломжтой систем ашиглахыг шаардах зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
ФАТФ-ын нэгдсэн хуралдаанд гишүүн 206 орны төлөөлөгчдөөс гадна Олон улсын валютын сан, НҮБ, Дэлхийн банк, Санхүүгийн мэдээллийн албадын бүлэг болох Эгмонт бүлэг зэрэг олон улсын байгууллагууд ажиглагчаар оролцжээ. Ковид цар тахлын улмаас нэгдсэн хуралдаан нь таван удаа цахимаар явсан бол энэ удаа цахим, биет хосолсон хэлбэрээр болжээ.
Хуралдаанаар хил дамнасан төлбөр тооцоонд ФАТФ-ын стандартыг хэрэгжүүлэх судалгааны үр дүнгийн талаарх тайланг эцэслэн баталсан байна. Зөвлөмж 24 буюу эцсийн өмчлөгчийн ил тод байдалтай холбоотой стандартыг сайжруулахын тулд цаашид авах шаардлагатай үйл ажиллагааг хэлэлцжээ.
Мөн ФАТФ-аас виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх удирдамжийг шинэчлэн боловсруулж, энэ сарын 28-ны өдөр нийтлэхээр шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )