Өмнийн говьд гуравдагч боомт нээхийг санаархагчдыг ИЛЧЛЭХ БАРИМТУУД

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

-"Тооройн төгөл” тоосонд дарагдах гунигт тавилан ба өмнийн говьд гуравдагч боомт нээхийг санаархагчдыг илчлэх баримтууд-

Говийн унаган ургамал тооройн талаар сонсоогүй дуулаагүй хүн ховор биз ээ. Элсэн манхныг дагаж, сухай загтай хослон ногоон төгөл ойг үүсгэх энэ л ургамал Монголын говь нутагт ховорхон тааралдана.

Тэр тусмаа Өмнөговь аймагт “Тооройн төгөл” тун цөөхөн бөгөөд Номгон сумын Ингэний усны Баянгол, Цагаан дэрст, Баяндалай сумын Жааханшанд, Мухарын аманд ургасан байдаг. Угийн ховор тоорой модыг тойроод улаан цагаан гоёо, цулхир, арц, зээргэнэ, лидэр, чихэр өвс, алтан болон мөнх харгана, загсгал зэрэг нэн ховор эмийн ургамлууд ургадаг тухай нутгийн малчид өгүүлдэг. Захгүй говийн бүс нутагт торойж ургадаг “Тооройн төгөл” өдгөө цадиггүй нөхдүүдийн “зам”-д нэрвэгдэхэд ойрхон болжээ.

Номгон сумаас баруун урагш чигт “Орвог гашууны бор толгой” орох замд 150 километрийн зайд байрлах тус “Тооройн төгөл” Өмнөговьд гуравдагч хилийн боомт нээгдвэл хамгийн түрүүнд хөлд нь устах байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм.Тиймээс ч төрсөн нутаг, төрөлх эх орон, онгон дагшин уул усаа хамгаалахаар зорилго нэгдсэн Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн, Ханхонгор сумдын малчид өчигдөр “Ажнай” талбай дээрээ цуглаж, нутгийн ордныхоо өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.

Тэд “Цагаандэл уул-Өлзий” нэртэй боомтыг нээхээр санаархаж буй этгээдүүдийн үйлдлийг илчилж, Аймгийн удирдлагуудыг гуравдагч боомт нээлгэхгүй байхыг шаардсан юм.

Хэрвээ “Цагаандэл уул-Өлзий” хилийн боомт нээгдээд эхэлбэл зам дагасан уурхайн жижиг ордууд “амь орж”, онгон дагшин уул, усыг аюулд хүргэх нь тодорхой юм. Шинээр баригдах энэхүү хилийн боомтын бүс нутагт Өмнөговь аймгийн Хүрмэн, Номгон, Ханхонгор сумдын газар нутгийн  байгалийн гайхамшигт зүйлс байрладаг ба энэ бүгд устах аюулд орохыг ч үгүйсгэхгүй. Дээр өгүүлсэн “Тооройн төгөл”-өөс гадна  энэ л бүс нутаг өөрөө дэлхийд ховор, цөлийн 33 зүйл хөхтөн амьтны өлгий нутаг гэдгээрээ  алдартай билээ. Тус бүс нутгийн хойноос  урагшаа 225 кв.км сунаж байрласан талбайд Хөндөс, Цагаан уул, Цохио, Цахир, Их, бага аргалант, Зүүнсайхан, Өлзийт, Хэвтээ Босоо зэрэг хэц, уул  нурууд хөндлөн байрладаг байна. Тэр дундаа Улаан хүрээ, Хаяа Гурван бөгтий, Сүмбэр, Суудал, Зүрх хайрхан, Сэнжит, Гозон Дөшийн тойром, Бичигт зэрэг улс аймагтаа алдартай  байгалийн үзэсгэлэнт газар юм.
 


Мөн Батмөнх даян хааны унаж төрсөн нутаг Хулгар цагаан Дэрсний хөшөө дурсгал, эртний дээдсийн хиргис булш зэрэг түүх дурсгалын газруудтайг түүхч, газарзүйч нарын ном товхимолд тэмдэглэсэн байдаг. Үүнээс гадна зөвхөн говийн зөөлөн хөрсний шимээр л ургадаг бүх ургамал уурхайн хөлд нэрвэгдэх аюул ойрхон байгаа юм. Улмаар дээрх ургамлаар идээшилж амьдардаг  дархан цаазат аргаль, янгир, хулан, хар сүүлт  гэх мэт найман төрлийн ан амьтны амьд орших үндэс суурь ч ганхахгүй гэх баталгаа алга. Цаашлаад тухайн бүс нутагт тоологдсон есөн төрлийн шувуу, 11 төрлийн мэрэгч, найман төрлийн хэвлээр явагч амьтад ч уул уурхайн дуу чимээ, тоос шроонд дарагдаж, дүрвэн дайжих аюул нүүрлэж ч болох юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийд үлдсэн хамгийн сүүлчийн онгон дагшин газар нутгаар Хүрмэн сумын бүс нутгийг хэдэн жилийн өмнө нэрлэж байсныг санаж буй биз ээ. Өмнөговьд хөндөгдөөгүй, ухагдаагүй газар нутаг тун ховор. Ганцхан үлдсэн энэ бүс нутагтаа гар хүрэхгүй, байгалийн онгон дагшин байдлаар нь аваад үлдэхэд яагаад болохгүй гэж.
 


БООМТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ ИЛ БОЛОВ
 

Харамсалтай нь Өмнөговь аймгийн үе, үеийн зарим удирдлага болон Монгол төрийн өндөр албан тушаалтнууд гуравдагч боомтыг нээхээр улайран зүтгэсээр иржээ. Өнгөрсөн хугацаанд нутгийн иргэд энэ асуудлыг үе, үе дэлгэж, үнэнийг өчдөг ч албан тушаалтнууд “Гуравдагч боомтын асуудал гэж байхгүй” хэмээн мэдэн будилсаар ирсэн. Гэвч өнөөдөр үнэнд гүйцэгдэж, хэн хэн гэдэг эрх мэдэлтнүүд Өмнөговь аймагт шинээр хилийн боомт нээхээр санаархаж явсан, явж байгаа баримтуудыг манай сонин дэлгэж байна.

“Цагаандэл уул-Өлзий” боомтын асуудал аль 2010 оноос эхлэлтэй байж. Тухайн үеийн Аймгийн удирдлагууд удаа дараа хил залгаа аймгуудын удирдлагуудыг урин залж, боомт нээхээр идэвхийлж байсан баримтыг дэлгэе. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Түвшинбаяр 2010 оны долоодугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн захиргааны Засаг дарга Бао Чан Чинд хариу хүргүүлж, байжээ. Үүнээс хойш 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 46 дугаар тогтоол гарч, “Цагаандэл уул-Өлзий” боомт шинээр байгуулахыг зөвшөөрсөн байдаг.

Үүнээс хойш аймаг, сум төдийгүй Засгийн газрын хэмжээнд боомт байгуулахтай холбоотой баримт бичгүүд үйлдэгдсээр иржээ. Өдгөө тэдгээр баримтыг багцлаад харах юм бол хэсэг бүлэг нөхдүүд шинэ боомт нээхээр тууштай зүтгэсээр ирснийг илчлэх юм. Үүний нэгэн илрэл бол Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 километр автозамын төгсгөлөөс “Цагаандэл уул-Өлзий” боомт хүртэлх 270 километр авто замын төслийн ажил юм. Тус замын ажлыг хэрэгжүүлэхээр “Ундрах говь” ХХК орж ирсэн ч, тэдний үйл ажиллагааг дэмжихгүй тухай Хүрмэн, Номгон Ханхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол удаа дараа гарч байжээ. Гэвч зам тавих нэрээр зам дагаж олгосон лицензүүдийг “амилуулах” ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд сүүлийн үед улаан цагаандаа гарчээ.
 

Тэд төрийн өндөр албан тушаалтнуудаар албан тоот үйлдүүлж, аймаг орон нутаг, Засгийн газрын түвшинд цаас шидэлцэх болжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы гарын үсэгтэй “Хүсэлт уламжлах тухай” албан тоот саяхан ирүүлжээ. Харин Шадар сайдад “Дэмжлэг хүсэх тухай” албан тоотыг “Ундрах говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батсуурь явуулсан байдаг. Улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Сангийн яаманд энэ сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны  тэмдэглэлийг хүргүүлсэн байдаг. Уг тэмдэглэлд “Цагаандэл-Өлзий” боомтын  бүтээн байгуулалтын ажлын хүрээнд БНХАУ-ын Өлзий боомтоос шаардлагатай тоног төхөөрөмж, зөөврийн орон сууц, бараа материал татан авах зорилгоор хилийн түр гарцыг 2021 оны 10 дугаар сарын 20-25-ны өдөр нээх асуудлаар зохих арга хэмжээ авч, шуурхай удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхланд тус тус даалгав” гэжээ.

Дээрх бүгдээс үзэхэд “Цагаандэл уул-Өлзий” боомт нээгдэх нь цаг хугацааны асуудал болсон. Өнгөрсөн хугацаанд боомт нээхийг эсэргүүцсэн малчдынхаа төлөө тэднийг төлөөлж төрд суусан Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар ганц үг ч ган хийлгүй  өдийг хүрсэн нь үнэхээр харамсалтай. Гэвч сэтгэл байвал сонгогчдынхоо эрх ашгийн төлөө ажиллах цаг хугацаа бий. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн тарчлаанд гацсан өмнөговьчуудынхаа төлөө эрхэм гишүүд юу хийхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Говийн хүн(202.9.40.49) 2021 оны 10 сарын 27

Өмнөговийн уурхайн эзэд-улс төрчдийн шуналыг гүйцээх гэж Засгийн газар ажиллаж болохгүй. Ус нутаг, байгальгүй бол хэн бугай ч амьд үлдэхгүй.

0  |  0
Зочин(150.129.140.209) 2021 оны 10 сарын 27

Хатуу хучилттай замаа тавиаддараа нь боомтоо нээгээрэй.Шороон зам бол NO шүү

0  |  0
Top