Уул уурхайн баялаг ихтэй орнуудад сүүлийн жилүүдэд үндсэрхэг үзэл идэвхжиж, түүнээс үүдэлтэй эрсдэл нэмэгдэж байгааг “Fitch” агентлаг тайландаа дурджээ. Тус агентлаг “Үндсэрхэг үзэл нь урьд өмнө Африк тивийн орнууд болоод Индонез зэрэг улсад хамгийн идэвхтэй байсан бол сүүлийн жилүүдэд дэлхий даяар тархаж Мали, Зимбабве, Өмнөд Африк, Гвиней, Мексик, Перу, Чили, Индонез, Монголд газар авч байна” гэжээ.
Уул уурхайн салбар дахь нөөцийн үндсэрхэг үзэл цаашид ч улам хүрээгээ тэлэхээр байгааг шинжээчид онцолж байгаа юм. Түүнчлэн “Fitch” агентлаг цар тахлын дараа дэлхийн хэмжээнд уул уурхайн баялгийн үндсэрхэг үзэл улам нэмэгдэх магадлалтай гэдгийг онцолсон байна. Баялгийн үндсэрхэг үзэл нь илүү сайн нөхцөлтэй болгохын тулд одоо байгаа уул уурхайн гэрээг дахин хэлэлцэх (одоогийн байдлаар БНАКУ болон Монголд ажиглагдаж байна), уул уурхайн салбарт ногдуулах татвар, нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх (Чили, Перу, Оросод өрнөж буй), хувьцааг албадан шилжүүлэх зэрэг хэд хэдэн хэлбэртэй байдаг.
Баялгийн үндсэрхэг үзлийн өдөөгч хүчнүүд ирэх онд ч гэсэн хүчтэй нөлөө үзүүлнэ
“Fitch” агентлаг “Үндсэрхэг үзлийг өдөөгч олон хүчин зүйл Засгийн газруудыг уул уурхайн салбарт оролцож, уул уурхайн зохицуулалтыг чангатгах талаар бодоход түлхэц болно” гэжээ. 2020-2021 онд ашигт малтмал, металлын үнэ өссөн нь уул уурхайн салбарыг сэргээж, Засгийн газрын татвар, нөөц ашигласны төлбөрийн өгөөжийг нэмэгдүүлсэн билээ. Түүнчлэн 2022 онд уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ улам өсөх хандлагатай байгаа юм.
Ногоон эрчим хүчинд ашиглагдах зэс, никель, литий, кобальт зэрэг ашигт малтмалын хэтийн төлөвийг шинжээчид өөдрөгөөр харж байгаа юм. Энэ нь эдгээр металлд чиглэсэн хөрөнгө оруулалт огцом өсөхөд нөлөөлж байгаа билээ. Нөгөөтээгөөр баялгийн үндсэрхэг үзлийн өөр нэг гол хөдөлгөгч хүчин зүйл бол сонгуультай холбоотой улс төрийн эрсдэл гэдгийг “Fitch” агентлаг онцолжээ. Сүүлийн үед зарим оронд болсон Засгийн газрын гэнэтийн өөрчлөлт нь уул уурхайн гэрээг дахин хэлэлцэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж. Жишээлбэл, Мали 2020-2021 онд хоёр удаа төрийн эргэлт хийжээ. Энэ нь тус улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудад хүндхэн тусаж байгаа юм. Сонгуулиас гадна эдийн засгийн хүндрэл, тэгш бус байдлаас үүдэлтэй нийгмийн хурцадмал байдал нь нөөцийн үндсэрхэг үзлийг нэмэгдүүлэх хамгийн том эрсдэл гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )