Меркельд бүрэн эрх нь дуусгавар болсон тухай мэдэгдэл гардуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Ангела Меркельд Канцлерын бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон тухай мэдэгдэл гардуулжээ.

Германы төрийн тэргүүний Бельвю өргөөнд болсон арга хэмжээнд цар тахлын улмаас цөөн тооны зочид, сэтгүүлчид оролцжээ. Мөн ижил утгатай мэдэгдлийг дэд канцлер Олаф Шольц, Меркелийн танхимын гишүүд болон Канцлерын хэрэг эрхлэг газрын тэргүүн Хельга Браунд гардуулжээ.

Хорь дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан ХБНГУ-ын Бундестаг /парламент/ анхны хуралдаанаа хийж, Бундестагийн шинэ ерөнхийлөгчөөр 53 настай Бербель Басыг сонгожээ. Үүнээс өмнө Ерөнхийлөгч Штайнмайер Меркелийг шинэ Канцлер сонгогдох хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байхыг хүссэн байна. Германы Үндсэн хуулийн 69 дүгээр заалтын дагуу Германы Канцлер болон танхимын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентын анхны хуралдаанаар дуусгавар болдог байна.

“Өнөөдөр энэ улсын түүхэн дэх хамгийн агуу гэж тооцогдох Канцлерын засаглал төгсөж байна. Хүндэт Ангела Меркель таны хувьд засаглалын 16 жил дуусгавар болж байна. Хэдийгээр энэ нь төрийн эрхийг жолоодсон дахин давтагдашгүй урт хугацаа биш ч өнгөрсөн он жилүүд дахин давтагдашгүй байсан. Хатагтай канцлер танд энэ 16 жилийн турш манай улсыг хямрал, бэрхшээлийн дундуур жолоодож байсанд талархал илэрхийлье. Та эдгээр жилүүдэд Европт төдийгүй дэлхий дахинд хүндэтгэл, нэр хүнд хүртэхээс гадна юуны өмнө манай улсын ард иргэдийн итгэлийг олж авсан” гэж Штайнмайер хүндэтгэлийн арга хэмжээн дээр Ангела Меркельд хандан онцолжээ.

Тэрбээр мөн Ангела Меркель болон түүний танхимын гишүүдэд коронавирусний халдварын тархалтын эсрэг Герман болон Европын Холбоонд хийж буй тэмцэлд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, талархал илэрхийлэв.

“Цар тахал дэлхий дахиныг орвонгоор өөрчилсөн. Цар тахал таны болон манай улсын асар том сорилт болсон. Нөхцөл байдал та бүгдээс асар их хүч, зориг шаардсан бөгөөд та бүгд энэ үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн” гэж Штайнмайер онцолжээ. Тэрбээр мөн Меркелийн танхим нийгмийн сайн сайхны төлөө 600 орчим хууль батлуулсан тухай дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top