Германы Канцлер Ангела Меркелийн 16 жилийн дараа албан тушаалаа өгөх гэж байна.
Бундестагийн сонгуульд байгуулсан дөрвөн удаагийн ялалт, хямрал ба гамшиг, амжилт ба бүтэлгүйтэл, чин сэтгэлийн хайр ба үзэн ядалтаар дүүрэн бүхэл бүтэн эрин үе төгсөж байна.
“Forbes” сэтгүүлийн нэг бус удаа нэрлэж байсан “Төмөр фрау" (Герман хэлээр хатагтай) 2005 оноос хойш ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүнийг албыг тасралтгүй хашсан юм. Түүнийг “The Guardian” хэвлэл ийн тодорхойлсныг хөрвүүлэн хүргэж байна.
Германы улс төрийн ноён оргилд өнгөрүүлсэн 16 жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд Ангела Меркель өнө удаан үргэлжлэх өвөө олон салбарт үлдээж байна. Гэхдээ нэг л салбар хоосон хоцорно. Тэр нь улс төрийн илтгэх урлаг юм.
Олон нийтэд хандан үг хэлэхдээ хатагтай Канцлер уран, гоё үг хэрэглэх нь ховор. Тэрбээр уран үгээр удирдана гэдэгт итгэдэггүй хэмээн нэгэнтээ үнэнээ өчсөн нь бий. “Хувь хүн үгээр бусдын сэтгэлийн утсыг хөндөж, санаагаа өөрчлөхөд нь хүргэдэг гэх үзэлтэй би санал нэгдэхгүй. Гэхдээ энэ бол сайхан л санаа юм” гэж Меркель 2016 онд “Der Spiegel” сонинд ярьж байв.
Гэсэн хэдий ч өнгөрсөн ням /2021.09.26/ болсон парламентын сонгуулиар дуусгавар болж буй 16 жилийн бүрэн эрхийн хугацаанд Герман хэлний толь бичигт түүний засаглалыг дүгнэх өөрийнх хэрэглэсэн үг хэллэг ч тэр түүний манлайлан удирдсан өөрчлөлтүүдийг тодорхойлж, бусдын хэлсэн үг ч тэр, багагүй нэмэлт орсон.
Die Merkel-Raute / Меркелийн ромбо
Аливаа дээд хэмжээний уулзалт эсвэл төрийн айлчлалын үеэр камеруудын өмнө гараараа ромбо дүрс үүсгэн зогсох нь хэлбэр бус, харин санамсаргүй байдлаар бий болсон нэрийн хуудас. “Гараа хааш хийх вэ гэсэн асуулт хэзээд байсан” гэж тэрбээр “Brigitte” сэтгүүлд нэгэнтээ ярьж байжээ. “Миний энэ үйлдэл ингэж л бий болсон. Меркелийн ромбо тэгш хэмд дуртайг илтгэдэг байх” гэж Меркель тайлбарлажээ. 2013 оны сонгуулийн өмнө Меркелийн Христийн Ардчилсан Холбоо нам түүний засаглалын бэлэг тэмдэг болгон Меркелийн ромбыг дүрсэлсэн, “Германы ирээдүй сайн гарт байна” хэмээх бичиг бүхий зураг самбарыг Берлиний төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа байрлуулж байсан удаатай. Түүний халааг авах магадлал өндөр Олаф Шольц “Süddeutsche Zeitung” сонины ням гарагийн нэмэлт дугаарын нүүр хуудсанд Меркелийн ромбыг дүрслэн авахуулж, өөрийн амбицаа нуух гэж төвдсөнгүй.
Ertüchtigen / Бялдаржих
Меркелийн үгийн сан дахь эртний Прусс улсаар амьсгалсан энэ үг биеийн тамираар бялдаржин, хүчирхэгжих утгыг илэрхийлнэ. Германы Канцлер энэ хэллэгийг байнга, ялангуяа Евро бүсийн хямралын үед хэрэглэсэн. Үүгээрээ тэрбээр хөгшин тив БНХАУ, АНУ-тай өрсөлдөх чадвартай болохын тулд эдийн засгийн реформ хийх замаар шинэчлэгдэх шаардлага буйг илэрхийлдэг.
Das Public Viewing / Нийтээрээ үзэх
Германжсан англи үгний сонгодог жишээ болсон энэ хэллэг /англи хэллэгийн өмнө герман хэлний ялгац гишүүн залгасан/ 2006 онд Герман улс Дэлхийн хөлбөмбөгийн цомын тэмцээнийг зохион байгуулах үед герман хэлэнд орж иржээ. Энэ хэлц нь Берлиний Бранденбургийн хаалга зэрэг олон нийтийн талбайд том дэлгэцээр үндэсний баг нь орсон тэмцээнүүдийн нийтээрээ үзэхийг илэрхийлнэ. Меркелийн эрин үед Германы талыг дэмжих нь урьд өмнө байгаагүйгээр олныг хамарсан мода болж дэлгэрсэн юм.
Die Muttivation / Үндэстний эхийн дэмжлэг
Үндэсний баг нь зургаан олон улсын тэмцээн дараалан хагас шигшээ, шигшээд шалгарсан нь хөлбөмбөгийн тэмцээний үеэр Германыг дэмжих нь Канцлерын дуртай зүйлийн нэг болсон. Энэ хайрын түүх гэрэл зурагт мөнхлөгдөн үлдсэн.
2016 онд үндэсний шигшээ багтай зэрэгцэн зогсох, 2010 онд тэмцээний дараа хувцас солих өрөөгөөр гэнэт зочлох, 2014 онд Бразилын Дэлхийн цомын тэмцээний үеэр багийн албан бус бэлгэдэл болсон Меркел гэрэл зурагт түүх болон үлдсэн. Оновчтой бөгөөд хүчтэй цохилтоороо алдартай Лукас Подольск Меркелийн өөрийн биеэр хүрэлцэн ирснийг “Muttivation” хэмээн “үндэстний эх” гэсэн утгыг хошигнон илэрхийлсэн түүхтэй.
Der Stresstest / Стрессийн түвшинг тогтоох тест
Анагаах ухаанд биеийн тамираар хичээллэх үеэр зүрхний ачааллыг хэмжихийн тулд стрессийн түвшинг тодорхойлох тестийг ашигладаг. Эдийн засаг, геополитикийн хямралын шуурга дундуур өнгөрсөн Меркелийн эрин үед энэхүү ойлголт нь банк, засаг захиргаа эсвэл атомын цахилгаан станц зэрэг бүхий л бүтцийн туулах ёстой тэр зүйлийг энэ үүгээр илэрхийлэх болсон. 2011 онд Канцлер 2023 он гэхэд Германы бүх атомын цахилгаан станцуудыг аажмаар зогсоох шийдвэр гаргахад энэ хэллэг Германы хэлний ассоциацаас Оны үг, хэллэгээр тодорч байсан юм.
Energiewende / Эрчим хүчний шийдвэрлэх мөч
Германчууд 1989 оны намрын үйл явдлыг “Die Wende” буюу шийдвэрлэх мөч хэмээн тодорхойлдог. Тухайн үед БНАГУ-ын иргэд социалист дэглэмийг эсэргүүцэн тайван жагсаал өрнүүлж байв. Харин “Energiewende” гэх нэр томьёо нь улс төрийн тогтолцооны шилжилт бус харин нөхөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих шилжилтийг илэрхийлэх юм. “Die Wende” хэдхэн сар үргэлжилсэн бол “Energiewende” Меркелийн бүрэн эрхийн хугацаанаас өмнө эхэлж, өнөөг хүртэл үргэлжилсээр. Герман улс 2045 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх үүрэг хүлээгээд байна.
Alternativlos / Сонголтгүй
“Alternativlos” буюу сонголтгүй байх нь Ангела Меркелийн бодлогынх нь хувилбар байв. Энэ үг нь Маргарет Тетчерийн “Өөр сонголт үгүй” гэсэн хэллэг холбоотой. Тетчер зах зээлийн эдийн засгийн хувилбаруудын талаарх хэлэлцүүлгийг хаахдаа ингэх мэдэгдэж байсан бол Меркелийн Засгийн газар дэлхийн санхүүгийн хямралын эсрэг банкны хариу арга хэмжээ, Афганистан дахь цэргийн ажиллагаа, улсын өрийн бууруулах зэрэг улс төрийн шинжтэй аливаа шийдвэрийг “сонголтгүй” хэмээн зарладаг.
Die Döner-Morde / Кебабын алуурчин
2000-2007 оны хооронд “Үндэсний социалист нууц бүлэг” гэх нео нацист террорист бүлэглэл Герман дахь Турк болон Курд гаралтай эзэнтэй жижиг бизнест халдлага үйлдсэний улмаас 10 хүн амиа алдсан.
Халдлагын зургаа дахь хохирогч нь Туркийн кебаб хаус ажиллуулдаг байсан ба Германы хэвлэлүүд арьс өнгөний үзлээс үүдэлтэй эдгээр аллагыг “Döner-Morde” буюу “кебабын алуурчин” хэмээн онцлон, бичиж байв. Энэ хэллэгээр хүмүүсийг зүгээр л “мах” адил хөнөөсөн балмад, хэрцгий үйлдлийг илэрхийлэх болжээ.
Das Neuland / Атар газар
“Атар газар” гэж Меркель 2013 онд интернетийг тодорхойлсон байдаг. “Интернет нь бид бүгдийн хувьд атар газар юм” гэжээ.
Өөр өөр сүлжээний компьютер хоорондоо мэдээлэл дамжуулах TCP/IP протокол бий болоод 30 жил өнгөрсний дараа Канцлер сая сэрлээ гэж хүмүүс хошигнож байв. Гэхдээ түүний хэлсэн энэ үг чухал агуулгатай. Тэрбээр АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзан, үндэсний аюулгүй байдлын агентлаг түүний утасны яриаг чагнаж байсан асуудлыг хэлэлцсэний дараа ийн мэдэгдэж байв. Хэдийгээр 2013 онд интернет өргөн хэрэглээ болсон ч олон нийтийг чагнаж, цагдан хянах, цахим тагнуулын үйл ажиллагааг хуульчлах нь эзэмшээгүй атар газар хэвээр юм хэмээн зүйрлэж байжээ.
Die Willkommenskultur / Угтах соёл
2015 оны зун Ангела Меркель Сирийн дайны голдуу нэг сая гаруй цагаач, дүрвэгчдэд хилээ нээх үед Германы олон иргэний гадныханд гаргасан хандлагыг ийн нэрийдэх болжээ.
Германы насанд хүрсэн хүн амын 55 орчим хувь тэдэнд сайн дураараа гэртээ байлгах, Герман хэл заах зэрэг төрөл бүрээр тусалсан нь хожим судалгаагаар батлагдсан байна.
Wir schaffen das / Бид үүнийг зохицуулна
“Герман бол хүчтэй улс” гэж Меркель 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр Берлиний төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байв.
Тэр жилийн зун Германд цагаачлах хүсэлтэй хүмүүсийн тоо огцом өссөн асуудлаар мэдээлэл өгч байлаа. Тэрбээр үүгээрээ “Бид маш олон зүйлийг давж гарсан, үүний ч зохицуулж, давж чадна” гэсэн утгыг илэрхийлжээ.
Die Lügenpresse / Худалч хэвлэл
“Худалч хэвлэл” гэсэн үг хэллэг Дэлхийн нэгдүгээр дайны үед германы хэлний өргөн хэрэглээнд орж иржээ. Тухайн үед энэ нэр томьёог Германы эзэн хааны колоничлолын бодлогын талаарх гаднын хэвлэлүүдэд гарсан нийтлэлүүдийг эсэргүүцэн Германы сэхээтнүүд хэрэглэдэг байж. Хожим нь 1930-аад оны үед нацистууд Гитлерийг шүүмжлэгчдийг “Худалч хэвлэлийн аппарат” хэмээн нэрийдэх болжээ. Харин наян жилийн дараа энэ хэллэг Меркелийн дүрвэгсдийн талаар явуулж буй бодлогыг эсэргүүцсэн нийгмийн зарим хэсгийн дунд эргэн иржээ.
Der Putinversteher / Путиныг ойлгодог нэгэн
Меркель нь Германы анхны “Putinversteher” буюу Путиныг ойлгодог нэгэн. Өсвөр насандаа орос хэлний мэдлэгээр Зүүн Германы шилдэг гурван оюутны нэгээр шалгарч байсан Меркель Оросын төрийн тэргүүнтэй орчуулагчийн тусламжгүй ойлголцдог.
Харин ерөнхий утгаар нь үзвэл, “Putinversteher” гэх ойлголт нь Крымийн хойгийг нэгтгэх Оросын байр суурийг дэмжиж, Европын хориг арга хэмжээнээс болгоомжлуулж байсан Меркелийн өмнөх Канцлер Герхард Шрёдер зэрэгт илүү тохирно. Эдийн засаг, геополитикийн шалтгаанаар, Герман улс Британийг бодвол Путины Оросын талаар илүү хоёрдмол байр суурь баримталдаг.
Die Schwerkraft / Хүндийн хүч
Меркелийн квант химичийн “сургалт” түүний улс төрийн үгийн санг тодорхойлох нь элбэг. 2020 оны арванхоёрдугаар сард Германы парламентын өмнө цар тахлын менежментээ танилцуулахдаа Канцлер тодорхой баримтыг үл дагахын аюулын талаар ярьсан. “Би БНАГУ-д физик судлахаар шийдэж байсан. Учир нь БНАГУ-д хүртэл татах хүч, гэрлийн хурднаас бусад бүх зүйлийг зогсоож болдог гэдэгт туйлын итгэлтэй байсан. Эрик Хонекер /БНАГУ-ын удирдагч асан/ үед хүртэл 2х2 тэнцүү дөрөв л байсан” гэж Меркель онцолж байв.
Сэтгүүлч Мориц фон Усларын “Физикийн ямар хууль улс төрд үйлчлэх боломжтой вэ” гэсэн асуултад тэрбээр “Хүндийн хүч эсвэл таталцлын хууль” хэмээн хариулжээ.
Сэтгэгдэл ( 0 )