БНХАУ-ын эрх баригчид Тайванийн салан тусгаарлагчдад шийдэмгий цохилт өгнө гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр чуулганы илтгэлд онцолжээ.
Хятад улс нь Тайваний тусгаар тогтнолын төлөөх салан тусгаарлах хүчнүүдэд шийдэмгийн цохилт өгөх, гаднын хүчний хөндлөнгийн оролцоог эсэргүүцэн, Тайванийн хоолойн хоёр эргийн хоорондын харилцааг энхийн замаар хөгжүүлэх, эх орноо нэгтгэх их үйлийг урагшлуулна гэж баримт бичигт дурдсан байна.
Чуулганы илтгэлд мөн Хятад улс нь их гүрний дээрэнгүй үзэл, хүчний бодлогын эсрэг хатуу зогсож, олон улсын шударга харилцааг дэмжинэ гэж мэдэгджээ.
Хятад улс нь олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран эрх тэгш, дэг журамтай олон туйлт дэлхийн ертөнц, оролцоотой эдийн засгийн даяаршлын төлөө зогсохоо илэрхийлжээ.
Түүнчлэн, илтгэлд дурдсанаар, Хятад улс нь 2026 онд батлан хамгаалах салбарын төсвийг долоон хувиар өсгөж, 1 909,561 тэрбум юаньд хүргэхээр төлөвлөж байна. Ингэхдээ батлан хамгаалахын төсвийг гадаад бодлогын үйл ажиллагаа, үндэсний батлах хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, техник зэрэгт голлон төвлөрүүлэхээр зорьж байна.
Нийгмийн аюулгүй байдлыг хангахад зориулж энэ онд 258.27 тэрбум юань төсөвлөсөн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 5.9 хувиар нэмэгджээ.
Тус улс мөн хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалах чиглэлд түлхүү анхаарал хандуулахаар төлөвлөж байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр чуулганы нээлтийн үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цяны танилцуулсан илтгэлд бүс нутгийн болон хил дамнасан үйлдвэрлэлийн шинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжин, хилийн чанадад цогц үйлчилгээ үзүүлэх системийг боловсронгуй болгох, Хятадын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэж онцолжээ.
Энэ онд Хятад улс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулахад анхаарлаа төвлөрүүлэхээр зорьж байгааг илтгэлд мөн тодорхойлжээ. Хятадын Статистикийн газрын мэдээллээр, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт 2025 онд 17.2 хувиар буурч, 8.27 их наяд юань болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )