ХБНГУ-ын шинэ Канцлер Олаф Шольц лхагва гарагт /2021.12.08/ тангараг өргөж, албан ёсоор ажилдаа орлоо. Тэрбээр тангараг өргөхдөө бурхны нэрийг дурдаагүй Германы түүхэн дэх хоёр дахь канцлер болж байна. Тус улсын түүхэнд тангараг өргөхдөө бурхны нэрийг дурдаагүй анхны канцлер нь Герхард Шрёдер юм. Тэрбээр шүтлэгтэй ч энэ үгийг хэлээгүйн шалтгааныг “шашин шүтлэг нь хувийн хэрэг” хэмээн тайлбарласан байдаг. Харин шашны номлогчийн охин, физикч эрдэмтэн Ангела Меркель энэ үгийг байнга хэлдэг байв.
Өөрийгөө шашингүй үзэлтэн гэж тодорхойлдог Шольц /63 настай/ загалмайлуулж байсан ч тангараг өргөхдөө “Бурхан надад туслаг” гэсэн үгийг хэлэхгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Энэхүү үг нь Германы Үндсэн хуульд заасан тангаргийн үгний төгсгөлд байдаг ч хэлэх эсэхийг тангараг өргөж буй хүн өөрөө шийддэг байна.
Тангараг өргөх ёслолын ажиллагааны дараа Ангела Меркель Германы шинэ Канцлер Олаф Шольцод ажлаа хүлээлгэн өглөө.
Ангела Меркель түүнд баяр хүргэж, Канцлерын ажил, үүрэг сонирхолтой, сэтгэлийн таашаал өгдөг ч маш өндөр шаардлага тавьсан ажил гэж тодорхойлов. Гэхдээ энэ бол боломж, хамгийн сайхан үүргийн нэг нь энэ улсын төлөө хариуцлага хүлээх явдал юм гэж Меркель онцолжээ.
Шольц Ангела Меркельд талархал илэрхийлж, Меркелийг Канцлер байх үе агуу үе байсан юм гэж онцолсон байна.
Ангела Меркельд ХБНГУ-ын Канцлерын албан тушаалд хамгийн удаан хугацаанд хашсан дээд амжилтыг эвдэхэд хэдхэн хоног дутав. Өдгөө энэ дээд амжилтыг 5870 хоног Канцлерын албан тушаалыг хашсан Хельмут Коль эзэмшдэг. Ангела Меркель энэ сарын 19-ний өдөр хүртэл албан тушаалдаа үлдсэн бол дээд амжилтыг эвдэх байжээ.
Сэтгэгдэл ( 0 )