ХБНГУ-ын Бундестаг (парламент) ээлжит бусаар хуралдаж, Канцлер Олаф Шольцод итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулах юм байна.
Тус улсын засгийн газрын тэргүүн парламентад 25 минут үг хэлж, дараа нь парламентын бүлгүүдийн мэтгэлцээн хоёр цаг орчим өрнөх бөгөөд төгсгөлд нь санал хураалт явуулах ажээ. Шольц Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн дагуу өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудал хэлэлцүүлэх хүсэлтээ арванхоёрдугаар сарын 11-нд парламентад бичгээр хүргүүлсэн юм. Тэрээр парламентад үг хэлэхдээ, ийм хүсэлт гаргасан үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж, улс орны цаашдын хөгжлийн замыг тодорхойлох ажээ. Парламент дахь хүчний харьцаанд үндэслэн шинжээчдийн таамаглаж байгаачлан депутатууд Шольцод итгэл үзүүлэхгүй гэж шийдвэл канцлерын гаргасан саналын дагуу Германы ерөнхийлөгч 21 хоногийн дотор парламентыг тараах үүрэг хүлээдэг. Германы төрийн тэргүүн Франк-Вальтер Штайнмайерт ийм санал гаргана гэж Шольц урьд нь мэдээлж байжээ. Бундестагийг тарааснаас хойш 60 хоногийн дотор шинэ сонгууль явуулах ёстой.
Хугацаанаас нь өмнө явуулж болзошгүй парламентын сонгуулийг 2025 оны хоёрдугаар сарын 23-нд зохион байгуулахаар товлохыг Германы ерөнхийлөгч зөвшөөрч байгаа ажээ. Германы эрх баригч эвслийн намууд хооронд төсөв, санхүү, эдийн засгийн асуудлаар ноцтой санал зөрөлдөөн үүссэнээр тус улсад улс төрийн хурц хямрал үүссэн юм. Канцлер Олаф Шольц арваннэгдүгээр сарын 6-нд эрх баригч эвсэлд багтдаг Чөлөөт ардчилсан намын дарга бөгөөд сангийн сайд Кристиан Линднерийг огцруулснаар эвсэл задарсан юм.
Сэтгэгдэл ( 0 )