Алек Болдуины дуу оруулсан киноны нээлтийг хойшлуулав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Холливудын нэрт жүжигчин Алек Болдуины дуу оруулсан баримтат киноны нээлтийг хойшлуулжээ.

АНУ-ын Флинт хотын экологийн асуудлыг хөндсөн баримтат киноны нээлтийг хойшлуулах болсон шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт тус жүжигчин зураг авалтын үеэр сум алдаж, хүний амь хохирсонтой холбоотой.

“Саяхан болсон эмгэнэлт хэргийг хүндэтгэх үүднээс “Флинт: Хэнд итгэж болох вэ” баримтат киноны нээлтийг хойшлууллаа. Тус хотын оршин суугчдын түүхийг хүмүүст хүргэх нь маш чухал тул баримтат кино заавал үзэгчдийн хүртээл болгоно” гэж киноны продюсер Энтони Бакстер жиргэжээ.

Тус киноны нээлт энэ сарын 29-нд болох ёстой байжээ.

Флинт хот төсвөө хэмнэх үүднээс 2014 оны дөрөвдүгээр сард Детройт хотын усан хангамжийн системээс гарч, Флинт голын усыг хэрэглэж эхэлсэн байна.

Хотын оршин суугчид усны үнэр, өнгөний талаар гомдол мэдүүлсэн ч эрх баригчид хариу арга хэмжээ аваагүй байна. Үүнээс хойш нэг жил хагасын дараа хотын хүүхдүүдийн биед дэх хар тугалгын хэмжээ нэмэгдсэн нь тогтоогдож, энэ асуудал тус улсын анхаарлын төвд оржээ. Шалгалтын явцад Мичиган мужийн Эрүүл мэндийн департаментын тэргүүн Ник Лайонд санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэрэг үүсгэжээ.

Мөрдөн шалгалт гурван жил үргэлжилсэн бөгөөд 2019 онд мужийн прокурорын газар яллагчдын шинэ баг томилсон байна. Тус баг шалгалтын явцад алдаа гарсан гэж үзэн өмнөх хэргийг хааж, шинээр хэрэг үүсгэхэд хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top