Холливудын жүжигчин Алек Болдуин “Rust” киноны зураг авалтын үеэр санамсаргүй сум алдаж, зургийн дарга болон найруулагчийг шархдуулж, зургийн дарга эмэгтэй эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан харамсалтай явдал болсон.
Тэгвэл киноны зохиолыг хариуцан ажиллаж буй Мэми Митчелл жүжигчин Алек Болдуин болон “Rust” киноны продюсеруудыг шүүхэд өгчээ. Эмэгтэйн ярьж буйгаар тэдний алдаанаас болж эмгэнэлт явдал болсон байна.
Эмгэнэлт явдал өнгөрсөн аравдугаар сарын 21-нд болсон юм. Алек Болдуины буу жинхэнэ сумтай байсны улмаас зураглаач бүсгүй Халина Хатчинс болон найруулагч Жоэл Соуза нар шархдаж, Халина нас барсан бол найруулагч Соузагийн амийг аварч чадсан билээ.
Киноны зохиолч Мэми Митчелл Болдуиныг сум алдах үеэр түүнээс ганцхан метрийн зайд зогсож байжээ. Тэрбээр биеийн болон сэтгэлзүйн гэмтэл авсан гэж гомдол гаргасан байна. Мөн буудах хэсэг зохиолын дагуу төлөвлөгдсөн байгаагүй гэжээ.
Эмэгтэйн ярьж буйгаар Алек Болдуин цэнэглэсэн гар буугаар санаатайгаар буудсан байж магадгүй аж. “Зохиолд буу ашиглах шаардлага байгаагүй” гэж Митчелл Болдуины эсрэг гаргасан өргөдөлдөө өгүүлжээ.
Тэрбээр мөн Алек Болдуин болон “Rust” киноны продюсеруудыг аюулгүй байдлын шаардлагатай арга хэмжээг аваагүй гэж буруутгасан байна.
Мэми Митчеллээс долоо хоногийн өмнө “Rust” киноны гэрлийн оператор Серж Светной мөн ийм гомдол гаргажээ. Тэрбээр золгүй явдал хайхрамжгүй байдлын улмаас болсон гэж үзэж байгаа аж. Серж “Энэ явдал намайг хүчтэй шархлуулсан. Болсон явдлыг насан туршдаа мартаж чадахгүй” гэжээ.
“Rust” киноны зураг авалтын үеэр болсон хэргийг шалгаж байгаа бөгөөд буруутай хүнийг тогтоож, ял оноох талаар эцсийн дүгнэлт гараагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )