Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.03/ боллоо. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон. Уг конвенцийн оролцогч улсын хувьд шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хуульчлах үүрэг хүлээсэн байдаг. Анхдагч хуулийн төслийн гол зорилго нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, цаашлаад хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс сэргийлэхтэй холбогдсон цогц харилцааг зохицуулах юм.
Монгол Улсын иргэн бүр гэмт хэрэг зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагад өгөх үндсэн үүрэгтэй. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг бичгээр болон цахимаар гаргах, цаашлаад нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор хохирол учруулж байгаа мэдээллийг холбогдох байгууллагуудад бичгээр гаргаж мэдээлэх, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа талаарх мэдээллийг тус тус энэ хуулиар зохицуулахаар болж байна" гэв.
Түүнчлэн "Нэг онцлог нь шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг холбогдох байгууллага шалгаж, учруулсан хор хохирлынх нь хэмжээнээс шалтгаалж урамшуулахаар хуульчилж өгч байна. Урамшууллын хэмжээг 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэлх байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Avtocambinat jolooch baisan baasanjav avgai tolgoig zaligsan