Хүнсээ цуглуулан явах хүмүүс ногооны тасагт очин хэсэгхэн санаа алдан зогсоно. Ногоо авахыг хүссэн ч тэдний хайсан ногоо байгаагүй бололтой. Хүнсний ногооны тасагт ногооны байрыг жимс болон бусад бүтээгдэхүүнээр орлуулжээ.
БНХАУ-ын Эрээн хотод өнгөрсөн сарын 15-нд хил хаасан билээ. Үүнээс хойш 24 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд манай улсад нарийн ногоо ховордсон байсан юм. Сүлжээ дэлгүүр болон захууд нөөцтэй үлдсэн эсэхийг судлахаар өнөөдрийн сурвалжилгыг бэлтгэв.
Өдрийн 12:00 цагт "Бөмбөгөр" худалдааны төвийг зорилоо. Гэвч ногооны худалдаачид тоотой хэдэн төрлийн ногоо өмнөө өрсөн байв.
Тэд “Нарийн ногооны ямар ч нөөц байхгүй. Хэзээ ирэх нь ч тодорхойгүй байгаа. Ногоо худалдан авахаар ирсэн хүмүүс үргэлж л хэзээ ирэхийг нь лавлаж асуудаг. Хил хаалттай учраас ямар ч нарийн ногоо оруулж ирээгүй. Ер нь хэзээ нарийн ногоо худалдаалахаа ч мэдэхгүй байна. Байгаа хэдэн ногоогоо л зарж байна даа” хэмээн тал талаас ам уралдан ярилаа.
Нарийн ногоо тасарснаар тэдний орлого багассанаас гадна бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буйд ундууцаж байв. Зөвхөн Бөмбөгөр худалдааны төв гэлтгүй бусад захуудаар ч нарийн ногооны нөөц байхгүй байлаа. Баянзүрх худалдааны төвд ч өргөн хэрэглээний хэдхэн төрлийн ногоо зарж байв. Тус худалдааны төвийн худалдагч Д.Г “Нарийн ногоо захуудаар тасарсны дараа фэйсбүүкээр үнэ хүргэж худалдаалах хүмүүс байсан. Хэсэгтээ л нарийн ногоо хэрэглэхгүй байх” хэмээв.
СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН НАРИЙН НОГООНЫ ЛАНГУУГ БУСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ДҮҮРГЭСЭН БАЙЛАА
Томоохон худалдааны сүлжээ дэлгүүрүүд лангуугаа хоосон байлгаж болохгүй. Тиймээс ч хамгийн нөөц сайтай бүтээгдэхүүнээр орлуулан тавьдаг юм. Энэхүү дүр зураг "Имарт" сүлжээ дэлгүүрт ажиглагдлаа.
"Имарт" сүлжээ дэлгүүрийн "Чингис" болон Хан-Уул дахь салбарт нарийн ногооны тасгаа төрөл бүрийн далайн байцайгаар дүүргэсэн байв.
Чинжүү, саримсны гол, бууцай, юуцай, салатны навч, яншуй, цэцэгт байцай, ногоон сонгино, бор мөөг, улаан лооль, хаш гэх мэт нарийн ногоонууд төрөл бүрээрээ алагладаг байсан лангуунууд алга болжээ. Харин төмс, байцай, манжин, лууван, сонгино, саримс зэргийг уул овоо шиг өрсөн байв. Үлдсэн лангуунуудыг нь алим, гадил, жүрж, усан үзмээр дүүргэсэн байлаа. Жимснүүдийг ч ууталж, задгайгаар, граммаар, килограммаар гээд л янз бүрээр өржээ.
Гэвч ийм зураглалыг зөвхөн Имарт сүлжээ дэлгүүрээс харахгүй. Сансар болон Номин супермаркетууд ч яг ижил байдлаар нарийн ногооны тасгаа дүүргэжээ. XI хороололд байрлах Номин худалдааны төвд төмс, сонгино, лууван л лангуун дээр өрөөтэй байлаа. Байцай огт байсангүй. Тухайн дэлгүүрийн худалдааны зөвлөхөөс өөр ногоо байгаа эсэхийг лавлахад байгаагаа л өрсөн хэмээн хариулав. Харин Сансарт байрлах Сансар худалдааны төвд саримс, сонгино, төмс, байцай, лууван байлаа. Нарийн ногооны хэсгээ хараахан өөр бүтээгдэхүүнээр орлуулаагүй ч ууталсан сонгино, саримс зэргийг цухас өржээ.
ТӨМС, МАНЖИНГИЙН ҮНЭ ХОЁР ДАХИН ӨСЖЭЭ
Энэ сарын эхний долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Хүнсний зах, дэлгүүрүүдээр зарагдаж буй төмс, лууван, манжин, байцай болон сонгины үнэ тус бүр нэмэгджээ.
Эдгээр ногоонууд нь бүгд дотооддоо тарьсан ногоо аж. Төмс 789-1500 төгрөгийн ханштай байгаа юм. Ингэхдээ "Номин" худалдааны төвд 789 төгрөгийн ханштай байгаа бол "Таван эрдэнэ" захад 1500 төгрөгөөр борлуулж байна. Харин луувангийн хувьд 1500-3500 төгрөгийн ханштай байгаа юм. "Оргил" худалдааны төвд хамгийн хямд ханштай байгаа бол "Меркури" захад хамгийн өндөр ханштай байна. Байцай 1500-3500 төгрөг, манжин 3000-3500 төгрөг, сонгино 2490-3080 төгрөгөөр худалдаалж байгаа юм.
"Хүчит шонхор" зах, "Оргил" худалдааны төвд байцайг хамгийн хямд үнээр борлуулж байгаа бол "Барс", "Хархорин", "Хүчит шонхор" захуудад манжин хамгийн хямд ханштай байна. Харин хамгийн хямд сонгиныг "Макс" худалдааны төвд худалдаалж байлаа.
Энэ дундаа төмс болон манжин хамгийн өндөр буюу 5-6 хувиар өсжээ. Луувангийн үнэ 3.2 хувиар, байцай 2.0 хувиар, сонгино 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Долоо хоногийн хугацаанд ногооны үнэ дээрх үзүүлэлтээр өсжээ. Ургац хураалтын дараа буюу наймдугаар сарын сүүл үеэс эхлэн арванхоёрдугаар сар хүртэлх ногооны үнэ тогтвортой байдаг ч энэ жилийн хувьд долоо хоног бүр өссөөр байна. Ногооны үнийн өсөлт нь нарийн ногоо тасарч, өргөн хэрэглээний ногооны эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. Ингэснээр есдүгээр сараас хойш өргөн хэрэглээний ногооны үнэ буурахгүйгээр эрчимтэй өсөж байна.
НОГООЧИД ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН БОРЛУУЛАЛТАА ӨСГӨЖЭЭ
“Хүнсний ногоо зарж байна. Хүргэлт үнэгүй” гэх зарыг цахим орчинд ядаж нэг удаа уншсан гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл сүлжээ дэлгүүр, захаар ногооны үнэ өссөнөөр ногоог их хэмжээгээр, хямд ханштайгаар зарах хүмүүс олширсон.
Нарийн ногоо худалдаалахаа больж, өргөн хэрэглээний ногооны үнэ гадуур өссөнтэй холбоотойгоор ногоочид цахим орчинг бизнес орчноо болгох нь ихэсжээ.
Ногоочид зах зээлийн хэмнэл, хотын хэрэглэгчдийн хүслийг мэдэрснээр хүргэлтийн ногооны эрин үе ирэв үү гэлтэй байна. Их хэмжээний ногоо бөөндөж авсан нөхцөлд хүргэлт хийх нь борлуулалтыг ч өсгөдөг ажээ.
Энэ талаар дуудлагаар ногоогоо борлуулдаг худалдаачин С.Ганзориг “Хүмүүс хөл хорионоос хойш хүргэлтээр ногоо авахыг хүсдэг болсон. Орлого ч сайн олдог. Гэхдээ багадаа л таван килограммаас дээш худалдан авалт хийсэн хүмүүст хүргэлтээр хүргэж өгөхгүй бол алдагдалтай. Бид худалдаагаа хийж, тэд цагаа хэмнэдэг” хэмээв.
Ченжийн гар харалгүй тарьсан ургацаа ийн худалдаалах хүмүүс байна. Ногоочид ногоогоо хэрэглэгчдэд хямдаар хүргэж буй нь авууштай. Нэг талаас цахим орчинд ийн ногоо худалдаалж болох ч хяналтаа алдвал ногооныхоо үнийг ч барьж дийлэхгүйд хүрэх вий.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Монгол улсыг Ченжийн эдийн засагтай улс болгосон хүмүүс бол хөдөө орон нутгаас Улаанбаатарт шилжин ирэгсэд бөгөөд тэдгээр ченжүүд наймаачид Монгол улсыг хорт хавдраар дэлхийд тэргүүлэгч улс болгоход голлон нөлөөлөгчид мөн. Хэдийгээр өөрсдөдөө ажлын байр бий болгож орлого олж байгаа сайн талтай ч бүхнийг зоосний нүхээр харсан ирээдүйн иргэдийг эх орон, төрсөн нутаг ус гэх ямарч сэтгэл зүрхгүй зөвхөн мөнгө зүүдлэгчидийг үе үеэр нь бэлтгэж байгаа муу хүмүүс. Улс төрчдөөс илүү аюултай хүмүүс бол ченжүүд, эдгээр ченжүүдийг сольж болдоггүй нь хамгийн гачлантай, харин улс төрчдийг сольж болно.....
ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙДАГ БОЛ ЗАХУУДЫН ДЭЭД ҮНИЙГ БАРИХ ХЭРЭГТЭЙ.Жнь: Хононы мах 8500,үхэр 7500 гээд төмс 900,сонгино 600 гэх мэтчилэн үнэ тогтоогоод дээш гаргаж зарвал зах худалдааны төв буюу хүнсний дэлгүүрийг хаах хэрэгтэй. НАЙМААЧИД МАХЫГ ЁСТОЙ МАШ ХЯМД АВДАГ .МАЛЧДААС БОЛ 3500 гаар бодож авахд 10., гаргаад зардаг жинхэнэ ЛУЙВАРЧИНГУУД
Өмхий наймаачид далимдуулаад бүх ногооны үнээ нэмсэн шүүдээ.Наймаачид ер нь ард иргэдийн амжиргааг доройтуулаж баяждаг балиар хүмүүс чинь зах ,хүнсний дэлгүүрийн наймаачид шүүдээ НАЙМААЧИД ЗАСАГ ТӨРДӨӨ ХЭЛЭЭД ЯАДАГ ЮМ ТА НАР ХИЧНЭЭН ҮНЭТЭЙ БАЙЛАА Ч АВАХГҮЙ ГЭЭД ЯАДАГ ЮМ ТА НАР МУУСАЙНУУД ГЭЭЛИНЭЭЛДЭЭД БАЙЖ БАЙДАГ ЛУЙВАРЧИД ШҮҮДЭЭ.
Max gurilaa id.