Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.10/ боллоо.
Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан яг одоо Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Ж.Жавхлан, Хотын дарга Д.Сумъяабазар нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "ОХУ-аас Монгол Улсаар дамжуулж БНХАУ-руу татах байгалийн хийн хоолойн төслийн явцын талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулж хийн хоолой татах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Ингээд 2020 оны наймдугаар сард тусгай зориулалтын компанийг байгуулж, төслийн ТЭЗҮ-г хийх ажлын явц эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтарсан Ажлын хэсгийн ажил нь төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байна. Өөрөөр хэлбэл, амжилттай урагшилж байна гэж ойлгож болно" гэв.
Түүнчлэн "Манай улсын Ерөнхий сайд, ОХУ-ын Ерөнхий сайдтай өчигдөр утсаар ярилцаж, мэдээлэл солилцсон. Зарим бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг холбогдох сайд нар өгөгдсөн. Төлөвлөгөөний дагуу ТЭЗҮ хийгдэж, хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон. БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд боомт хүртэлх 960.5 км хийн хоолой татагдана. Сэлэнгийн Сүхбаатар Хиагтын хилээр орж ирнэ гэсэн үг. Энэ ондоо багтаж, ТЭЗҮ хийгдэж дуусна. Ирэх 2024 оноос төсөл хэрэгжиж эхлэх юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
БЯДНУУСД ГАЗ АШИГЛАХ КРАНТ НЭЭЖ ӨГӨХ ЮМУУ?