Ерөнхийлөгчийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулганыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан байна.
Уг чуулганаар “Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл”, “Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага”, “Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт”, “Ойн салбарын технологи, инновацын шийдэл”, “Ногоон санхүүжилт-Таны боломж” сэдвээр илтгэж сонсож, хэлэлцсэн юм. Улмаар Ойн салбарын үндэсний чуулганд оролцогчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжихээ илэрхийлж, чуулганаар хэлэлцсэн илтгэл, салбар хуралдаануудаас дэвшүүлсэн саналыг нэгтгэн зөвлөмж гаргажээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “НҮБ-ийн индэр дээрээс дэлхийн нийтэд хандан Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлээд байгаагаа мэдэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг амжилттай ханган хэрэгжүүлэх үүднээс тусгайлан зарлиг гарган Засгийн газарт хүргүүлээд байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах” үндэсний хороо байгуулагдлаа. Монгол Улсын хөгжлийн суурь нь тогтвортой хөгжлийн үзэл санаа юм. Тогтвортой хөгжлийн үндэс суурь бол байгаль эхээ хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах юм. “Тэрбум мод” тарьж ургуулах нь зөвхөн дан ганц байгаль орчны салбарын ажил биш ээ. Энэ бол монгол хүн болгон сэтгэл зүрхээрээ оролцох ёстой ажил юм” гэсэн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Хүүрмодоо өөр хийх юм алга уу танай нам 100 жил ийм болтол газар усаа доройтуулсан чи засаж барахгүйшдээ
Эргүүтээрэй