Хариуцлагаас зугтсан Х.Хэрлэн бусдаар "туг тахиж", АЛБАН ТУШААЛД очихоор боллоо

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн даргын суудал эзэнгүй байгаа билээ. Уг суудалд Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг томилно гэх мэдээлэл гарах болсон.

Тэгвэл дээрх мэдээлэл үнэн гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдлээ. Тэрбээр Х.Хэрлэнгийн нэрийг Засгийн газраас санал болгосон гэх тайлбарыг хэвлэлд өгсөн байна.

Хэрэв уншигчид санаж байгаа бол өнгөрсөн аравдугаар сард шатахууны хомсдол бий болсон. Үүний хариуцлагыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар үүрэх ёстой гэж олон нийт үзэж, тэр хэрээр хэвлэлүүд ч онцолж бичиж байлаа. Гэвч шатахууны хомсдол үүсгэсэн хариуцлагыг Г.Ёндон сайд битгий хэл Х.Хэрлэн дарга ч үүрээгүй, хүлээгээгүй.

Тэд өөрсдийнхөө өмнөөс Ашигт малтмал газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяраар "туг тахиж", тэр ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Ингэснээр шатахууны хомсдол үүсгэсэн хариуцлагыг нэхэж байсан олон нийтийн хүч суларч, уг дуулиан намжсан гэхэд болно.

Тэгвэл шатахууны хомсдол үүсэхэд "хамраа ч цухуйлгаагүй", нэг ч хэвлэлд тайлбар өгөөгүй, уучлалт гуйгаагүй Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн "Улаанбаатар төмөр зам"-ын даргаар очих нь. Түүнийг томилох нь нэгэнт тодорхой болжээ. Нэг үгээр, хариуцлагаас зугтсан Х.Хэрлэн дэд даргаараа ажиллаж байсан Ц.Эрдэнэбаяраар "туг тахин" байж, албан тушаалд очих гэж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ме(192.82.74.229) 2021 оны 11 сарын 18

Эрдэнэбаяр нь хамаагүй илүү бсан юм,Хэрлэнгээс.

0  |  0
Top