Ангелын ээж, Аквамены гэргий Лиза Бонегийн тухай 10 баримт

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Өнөөдөр Америкийн жүжигчин Лиза Боне 54 нас хүрч байна. Лиза сайхан бүсгүй, халамжтай ээж төдийгүй учирсан бүх саадыг өөрийн арга замаар туулдаг хиппи эмэгтэй. Энэ занд нь эрх чөлөөг эрхэмлэгч, хавай залуу Жейсон Момоа шууд дурласан гэдэг. Момоа эхнэрээсээ 13 насаар дүү ч тэд 14 жил хамтдаа эв түнжинтэй, аз жаргалтай амьдарч байна. Гэр бүл байгуулаад ч Лиза бие даасан эрэмгий зангаа орхиогүй, дайчин хэвээр.

Лиза чонотой нөхөрлөдөг

Лиза Момоа хоёр хүүхдүүдтэйгээ Лос-Анжелес хотоос машинаар нэг цаг явах газарт эдлэндээ амьдардаг. Газар нь Лизагийнх. 25 жилийн өмнө энэ газрыг худалдаж аваад тэр өөрийн үзэмжээр засч тохижуулжээ. Энд Амба, Сион гэх хоёр чоно, Фрей хэмээх илжиг чөлөөтэй сэлгүүцэн явж байдаг. Лиза илжгээ унаад зугаалах дуртай. Ойрын хотод ирсэн жуулчид аз нь таарвал тэднийг тоос шороо болсон ковбой хувцастай явж байхыг харж чадна.

Анхны нөхөр Ленни, ууган охин Зои нарын хамт. Зои Икс хүн кинонд Ангелийн дүрийг бүтээсэн.

Тэр нүүхийг хүсдэггүй

Боне эндээ 25 жил амьдарч байгааг бид дурдсан. Түүний хаант улсад стресс гэсэн үг зохицохгүй. Хаалган дээр нь Төвөдийн шашны хийморь далбаа хийсэж, замын хажуугаар мандал өргөсөн байх нь харагдана. Энд тэр анх 5 настай Зои охинтойгоо ирж байжээ. Зои бол түүний анхны нөхөр хөгжимчин Ленни Кравицийн охин бөгөөд тусдаа гарсан. Эдлэн газартаа одоо тэд 11 настай охин Лола, 10 натай хүү Накоа-Вулфын хамт амьдардаг.

Лиза өнчин өссөн

Лиза 1967 онд Сан-Францискод буюу хиппи хөдөлгөөний төвд төржээ. Ээж нь еврей хөгжмийн багш, аав нь хар арьст дуурийн дуучин. Түүнийг төрсний дараахан аав нь салж явсан тул Боне ааваа бараг санадаггүй. Ээж нь охиноо аваад Лос-Анжелесийн ойролцоох Сан-Фернандо хөндийд ганцаараа өсгөжээ.

Багадаа супер од байсан

16 настайдаа Лиза 1980-аад оны гол хоёр хит болох цувралд шазруун зантай ахлах ангийн охины дүрийг бүтээснээр од болсон юм. Энэ төсөлд таван жил болохдоо тэр Эмми шагналд нэр дэвшиж, хүүхэд төрүүлэн, шоундаа эргэн ирж, харин 1991 онд санал зөрөлдсөн “хэргээр” халагдсан юм. Дараа нь хэд хэдэн жижиг дүр бүтээснээс өөрөөр замнал нь ахисангүй.

Алдарт рок хөгжимчинд дурласан

Алдар нэрд гарсан таван жил дотроо Лиза өсөж яваа рок од Ленни Кравицад дурласан юм. Тэдний дурлал яг л ёслолын буудлага мэт хурц, сайхан, богино хугацаанд өрнөсөн. Тэд нэг нэгэндээ яг таарсан хосууд байлаа. Хэн хэн нь еврей, хар арвстны цус холилдсон, залуу царайлаг, авьяаслаг. Ленни 23, Лиза 20-той. Ленни түүнд Let Love Rule цомгоо зориулсан нь тухайн үедээ платин цомог болж байлаа. Зургаан жилийн дараа тэд салахад Лиза Кои гэдэг охинтой үлдсэн бол Ленни дэлхийн хэмжээний од болсон байв. Гэхдээ Лиза салахдаа гомдол тавьж, чангааж зүүгдээгүй. Тэд одоо ч найзууд хэвээр.

Хавайн арлын залуу жүжигчинтэй аз жаргалаа олсон

2004 онд Лиза Лос-Анжелесийн нэгэн жааз бааранд Жейсонтой таарсан юм. “Анхны харцаар дурласан гэж хэлж болохгүй. Гэхдээ тэр өдрөөс хойш бид хамтдаа байгаа. Тэр үдэш Жейсон намайг гэрт хүргээд өгөөч гэж гуйлаа. Замаараа пааб орж, шар айраг ууж, ярилцлаа. Тэр үед л дурлал ирсэн дээ. Жинхэнэ дурлал хайр. Жейсон бусад эрчүүд шиг зугтаагүй. Тэр намайг өргөж, мөрөн дээрээ тавиад л агуйн хүний амьдралдаа оруулчихсан” гэж Лиза дурсаж байна. Одоо тэд өв тэгш гэрбүлийн бэлгэ тэмдэг.

Тэр нөхрөө шүтдэг

“Анх уулзахад тэр од биш байсан. Гэхдээ тэр бол гэрбүлээ хайрлаж, хамгаалж чаддаг эр хүн. Жейсон бол харизмтай, удирдагч, хүчирхэг биетэй, хариуцлагатай, үнэнч шударга хүн. Сайн чанарыг нь үргэлжлүүлээд байвал хэзээ ч дуусахгүй”

Хүүхдүүдээ байгальд хайртай болгон өсгөдөг

Момоа, Боне хоёрын гэрт телевиз байхгүй, ганц компьютертэй. Лиза хүүхдүүддээ гар утас хэрэггүй гэдгийг ойлгуулахын тулд утсаа ч шалгаж үздэггүй. Байнга гадаа тогло гэж зөвлөнө. “Нэг хүн хүүгээс минь “Амьдрал юунд хэрэгтэй вэ” гэж асуухад миний хүү бодолгүй “Мэдээж эх дэлхийгээ хайрлахад хэрэгтэй” гэж хариулж билээ. Би хүүгээрээ их бахархаж, нэмж заах зүйл үгүй болжээ гэдгийг ойлгосон” гэж Лиза ярилаа.

Ирээдүйн том төлөвлөгөө бий

Момоа одоо алдар хүндийн оргилдоо байгаа болохоор дэлхий тойрон их аялдаг. Ажил ихтэй. Харин Боне жүжигчний мэргэжлээ орхихыг бодож байна. Найруулагч болох, магадгүй зохиол бичих хүсэлтэй” гэж тэр нэгэнтээ хэлсэн юм.

Нүүх цаг болсон уу?

Момоа аялах дуртай. Гэргийгээ Хавай, Шинэ Зеландад аваачих гэж оролдоод бүтээгүй. Лиза “Би бэлэн биш байна” гэж татгалзсаар өдий хүрсэн. Гэхдээ сүүлийн үед Коста-Рика улсыг сонирхон, “Арми, цэрэггүй улс гэнэ лээ. Цэргийн зардлаа боловсролд оруулсан гэсэн” гэж ярьдаг болоод байгаа гэнэ. Магадгүй нүүх цаг иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top