С.Амарсайхан: Халдварын тохиолдол 26 хувиар буурсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, худалдан авалт, малын халдварт өвчин, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудал болон цаг үеийн асуудлаар санал солилцож, асуултад хариуллаа.

Нэн тэргүүн Ковидтой холбоотой асуудалд цаг хугацаа алдсан гэх шалтгаан байж болохгүйг аймгийн Засаг дарга нарт анхаарууллаа. Ялангуяа ханиад томуу, хавсарсан хэлбэрээр хүндрэх эрсдэлтэй цаг үед эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдал, бэлтгэл ажлыг хангахад онцгой анхаарч ажиллах ёстой санууллаа.

Төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр шат шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт худалдан авалтын бэлтгэлийг цаг алдалгүй хангах, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг чанар стандартын дагуу хэрэгжүүлэх үүрэг даалгавар Засгийн газраас өгч байгаа. 4 дүгээр сарын 1 гэхэд төрийн болон орон нутгийн худалдан авах ажиллагааны байгууллагууд худалдан авалтаа бүрэн хийж дууссан байхаар ажлууд төлөвлөгдсөн. Анхаарч ажиллах хэд хэдэн асуудал байгааг энэ үеэр аймгийн удирдлагуудад хэллээ. Тухайлбал: Зураг төсөвгүй, газаргүй төсөв тавигдсан бол орон нутгийн удирдлагууд газрын асуудлаа шийднэ. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг он дамнан хийдэг асуудлыг гаргахгүй байх чиглэлд анхаарч ажиллахыг аймаг, орон нутгийн удирдлагуудад чиглэл болголоо.

Өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарах ёстойг санууллаа. ОБЕГ, ХХААХҮЯ-наас өвөлжилтийн эрсдэл, малын гоц халдвар өвчний талаар үнэлгээ хийх баг ажилласан. Дүгнэлтээр 11 аймаг дундаж эрсдэлтэй, 10 аймаг бага эрсдэлтэй гэж гарсан. Хил, гааль хаалттай байгаа нөхцөл байдалд махны нийлүүлэлтийг хангах, малчдын малыг эрүүл байлгах чиглэлд онцгой анхаарах, голомттой бүсүүдээ хумих, мэргэжлийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллах ёстойг санууллаа. Засгийн газраас малын вакцинжуулалтад 5 тэрбум төгрөгийг шийдэн вакцины татан авалтуудыг хийж байна.

Коронавируст халдварын тохиолдол буурч байгаа. Улсын хэмжээнд 22 мянган гаруй хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 50 хувиар буураад байна. Халдварын тохиолдол 26 хувиар буурсан. Иймд аймаг тус бүрт халдварын тохиолдлыг бууруулахад анхаарлаа сулруулалгүй ажиллах хэрэгтэй байна. Гуравдугаар тунгын эрчмийг сулруулахгүй байх, сум, багийн хэмжээнд вакцинжуулалт дутуу, хамрагдалт сул, зохион байгуулалтыг сайжруулахад шат шатандаа анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.196) 2021 оны 11 сарын 17

Пср шинжилгээ хийхгүй бол корона гарахгүй.

0  |  0
и(139.5.218.32) 2021 оны 11 сарын 17

PCR шинжилгээний тоог бууруулчихаар халдвар илрэх тоо буурч байгаа шүүдээ. чи битгий хүн хуурч заваарад бай амарсайхан гуай

0  |  1
Top