Б.Жавхлан: Төмөр замын солбицлын цэгийг шийдэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.17/ боллоо. Хуралдаанаар хилийн боомт тэр дундаа Гашуунсухайт, Замын-Үүд, Шивээхүрэн боомт дээр очиж ажилласан сайд нар танилцуулга хийсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гашуунсухайт боомтын хувьд 2021 оны аравдугаар сард журам батлагдсан. Гашуунсухайт, Ганцмод боомтоор тээвэр хийх жолооч нар бөмбөлөг зохицуулалтад орох журам гаргасан. Ингэснээр харьцангуй хэвийн байдалдаа орсон. Өнгөрсөн 7,8 жилийн турш хөөцөлдөж байсан нэг асуудал бол улсын хилээр дайран өнгөрөх төмөр замын солбицлын цэгийг манайхаас Хятадын тал руу явуулахаар боллоо. Ингэснээр эдийн засгийн экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах боломж бүрдэнэ гэсэн үг юм.

Замын-Үүд боомтын хувьд төмөр замын тээвэр асуудалгүй явж байна. Гагцхүү газрын тээвэрлэлт зогссон. Иймд Хятадын талаас тавьж буй саналыг бид авч үзээд, аль болох жолооч нарыг харилцаанд оролцуулахгүй шинэ горимд шилжихээр боллоо.

Шивээхүрэн боомтод чингэлэг терминалын бүтээн байгуулалт 80 хувьтай явж байна. Ашиглалтад ормогц чингэлгээр тээвэрлэлт хийх боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top