Энэ жил Монголд төдийгүй Америк, Европт хүйтний эрч чангарч, хотын зам цас мөсөнд дарагдаад байна. Энд тэндгүй халтирч унан, Гэмтлийн эмнэлэг пиг дүүрчээ. Нэгэнт цас мөс орохыг зогсоож чадахгүй хойно, гэмтэж бэртэхгүйн тулд хүн бүр өөрсдөө хичээх хэрэгтэй. Халтирч унаж байгаа гол шалтгаан бол таны алхах, гишгэх арга барил гэж хэлж болно. Халтираад байвал арга барил чинь буруу гэсэн үг. Японы эрдэмтдийн судалгаагаар пингвин шиг алхах нь хамгийн аюулгүй арга гэдэг нь батлагджээ. Тэгэхээр гэмтэж бэртэхгүй, эсэн мэнд энэ өвлийг давахыг хүсэж байгаа бол пингвин алхааг сурцгаая. Насаараа цас мөсөнд амьдарсан оцон шувуудыг дууриахгүй бол өөр хэнээс суралцах билээ дээ.
Пингвин алхаа 1
Хүн алхахад хөлөнд нь биеийн жин ачаалал үүсгэдэг. Нэг хөлөө өргөхөд нөгөө хөлөнд энэ ачаалал ирнэ гэсэн үг. Энэ үед халтирахаар тэнцвэрээ алдаад унадаг. Тэгвэл оцон шувуу өрөөсөн хөлөнд ачаалал буухаар алхдаггүй. Хөлөө өндөр өргөн эрсдэлд оролгүй маш бага хэмжээгээр өргөж, бага багаар алхана.
Пингвин алхаа 2
Хөлөө газарт тавихдаа өсгий, өлмий аль нэгнээр биш хөлний улаа тэр чигээр нь зэрэг газарт буулгана. Ингэснээр халтирах эрсдэл багасна. Тэгээд яаралгүй, сандралгүй бага багаар урагшлан алхана. Ингэж алхаж чадаж байгаа эсэхээ цасан дээрх мөрөө эргэн харж нягтал. Хөлөө чирч болохгүй.
Пингвин алхаа 3
Биеэ бага зэрэг бөхийлгөн, хүндийн төвөө урагш авчирна. Дээр дурдсан ёсоор хөлөө жаахан өргөөд, бүтэн улаар нь газарт буулгаад, урагш бөхийгөөд жижиг жижиг алхаад явахад та аюул осолд өртөх аюулгүй. Гол нь битгий яар.
Сэтгэгдэл ( 0 )