"УТГЫН ЧИМЭГ" наадмын тусгай байрын өгүүллэг - ТЭНГЭР ДУУГАРГАДАГ ХҮН

2021 оны 11 сарын 23

Монгол Улсын Соёлын яам болон Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулсан “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадам өчигдөр (2021.11.22) болж, шилдгүүдээ тодруулав.

Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, зохиолч П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” богино өгүүллэг шалгарлаа.

Дэд байранд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджавын “Хийлч” өгүүллэг, гутгаар байранд Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа” өгүүллэг, дөтгөөр байранд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Ах” өгүүллэг, удаах байранд МЗЭ-ийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнгийн  “Шаазгай үр” өгүүллэг тус тус шалгарлаа.

Тус наадмын тусгай байрт шалгарсан Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Т.Дарханхөвсгөлийн “Тэнгэр дуугаргадаг хүн” өгүүллэгийг толилуулж байна.

ТЭНГЭР ДУУГАРГАДАГ ХҮН

Цаад эмгэн чинь тэнгэрээ дуугаргаад эхэллээ, мөд болих янзгүй ээ гэсээр Гончиг зун цагийн агаар салхи босго давуулан орж ирэв.

-Таниас л болж байгаа юм. Дэмий юман дээр настай хүнийг уурлуулаад, одоо ямар тавь дээр тавь, жар дээр жар наслах биш хэмээн эхнэр нь дурамжгүйхэн хариу барив. Өглөө Гончиг үнээн зэлэн дээр “Энэ муу даргай эвэртээр энэ жил тогоо тосолвол таарна” гэснээс болж хамаг юм эхэлжээ. Дууяа эмгэний ганц хайртай даргай эвэртэй хүрэн хайнагийн шар нүүж суух, ус түлээ авах гээд бүх зүйлд нуруу үл амраах ч бусдыгаа мөргөж хөөгөөд амар заяа эс үзүүлэх учраас Гончиг өөрийн эрхгүй ийн хэлчихсэн хэрэг. Харин эмгэн түүний хэлснийг санаандгүй унагаасан үг гэж огтхон ч бодоогүй бололтой. Хүний сэтгэлээ дэвтээх, хайрлах шалтгаан мал адгууст байтугай эд хөрөнгөнд хүртэл байдаг хойно доо.

Даргай эвэртийг тугал байхаас нь өөрийн гараар тэжээж өдий зэрэгтэй мал болгоод зогсохгүй идэрхэн багаасаа өврөө хуваасан өвгөнөө энэ л шараар Хонин өндөрийн өвөр бэлд нутаглуулсан учиртай. Нэгэн биеийнхээ талыг эцсийн замд үдэхэд алтан шарилыг нь газар хөндийлж өргөсөн энэ амьтныг бараг хэн хүнээс илүүд үзнэ. Эмгэнийг ингэж нэг тэнгэр дуугаргаад эхлэхээр бэр, ач охид, тэр бүү хэл ганц хүү Гончигийнх нь хүртэл хулхи ёстой нэг бууна. Хий дэмий л хоёр гэрийн хооронд холхиж, ээжийгээ аргадах аргаа олж ядах нь бас чиг амар зүйл биш. Бэрийгээ орж ирэхэд Дууяа эмгэн дөнгөж зул өргөөд элэгдэж элсэн муу эрхиэ хорвоогийн учир шалтгаантай нь томон эргүүлж суулаа.

-Яасан урд, хойдохоо бодохоо байчихсан тархи вэ. Үгүй ээ ядахдаа муу эцгийг нь эцсийн замд нь хүргэж өгсөн гэж боддоггүй юм байх даа. Би ч яахав, тэнгэр дуугаргахаас өөрийг чадахаа байсан хөгшин хонины насгүй хүн. Намайг нүд анитал чимээгүй байж болно доо гэх гомдлын үгсийг сэтгэлийн угаас шидэж байгааг сонсож суусан Чимгээ

-Ээж минь, та цаадахыгаа ямар мэдэхгүй биш. Хамар дор хагархай гэсэн шиг юу дуртайгаа сийгүүлж байдаг хойно. Яалаа гэж даргай эвэртээр тогоо тослох билээ дээ. Та одоо тайвшир, наад даралт тань хөдөллөө хэмээн аргадлаа. Эмгэн түүний аягалан барьсан хужиртай өтгөн шаргал цайнаас нэг сайн балгаад чимээгүйхэн эрхиэ эргүүлсээр сууна. Насны хярд гарсан эхийнхээ сэтгэлд сүүдэр тусгачихав уу яав хэмээн дөлж явсаар Гончиг оройхон хэрд ээжийнхээ гэрт ороход эмгэн хүүдээ том мөнгөн аяганд гурилтай шөл аягалан барив. Хэдийгээр тавь хүрсэн ч аавынхаа аяганаас хоол идэх хэчнээн сайхан, “Тэнгэр дуугаргадаг” ээжтэйдээ өөрийгөө азтайд тооцон, элдвийг эргэцүүлж суулаа. Муу ижийгээ гомдоох үг хэлсэндээ харамсан, чухам хаанаас эхлэхээ мэдэхгүй суугааг эхийн зөнгөөр анзаарсан эмгэн

-Хөгшин зөнөг заримдаа муу хүүгээ үргэлж нялхаар чинь санаж, энэ айл хотлын өрхийн тэргүүн, ноён нуруу болсныг мартчихаад байх юм. Аавыг чинь гэсээр энэ насыг элээж яваа болохоор хэцүү л... хэмээн зангирах үгээ цааш залгин, миний хүү санасан бодсоноо өөрийнхөөрөө хийж яваарай. Ээж нь юу гэхэв. Эхийн сэтгэл үрдээ хэзээ ч гомддоггүй юм.

Түүнээс хойш үнэхээр ч Дууяа эмгэн юм бүхэнд хүүгийнхээ үгийг хүлээн, үйлдлийг ажин азнаж суух болов. Өдөр хоног өнгөрсөөр нэгэнтээ оны дараа Дархадын хотгорт халуун намраар нэг л өглөө нэвсийтэл цас дарав. Нөмгөн дээлтэй гэрээс гарч, бие зассан Гончиг Хорьдол Сарьдагийн Хар зүрх өөд саравчилан хараад нуруу ачих шарнуудаа барьж хоёр, гурав хоног сойх цаг иржээ хэмээн ганцаараа ярьсаар гэр рүүгээ эргэвэл үүрийн гэгээтэй уралдан босдог ээжийнх нь гэрийн яндангаас утаа гарч харагдсангүй. Гончиг ээжийнхээ гэрт ороод шүүрс алдсаар буцан гарч ирсэнийхээ дараа ганцхан даргай эвэртийг барьж уяад бусад үхэр сүргээ бэлчээрт нь гаргалаа. Тийнхүү Гончиг “Тэнгэр дуугаргадаг хүн”-ийг сүүлчийн нутагт нь хүргэсэнийхээ дараа сүргийн манлай болсон даргай эвэртээ сэтэрлэхээр сэтгэл шулууджээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хха(192.82.76.146) 2022 оны 01 сарын 19

Ip hayg chn haragddg yumshdee malaa

0  |  0
зочин(64.119.21.20) 2024 оны 02 сарын 03

Үхсэн, ийм өгүүллэгэнцэр бичээд байр эзэлж болдог бол хэн ч бичнэ. Онигооны наадам байна. \n

1  |  1
Top