"Утгын чимэг" богино өгүүллэгийн наадам өчигдөр /2020.01.09/ болж, өндөрлөлөө. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Утгын чимэг" наадмын хошой тэргүүн шагналт Д.Намсрайгийн нэрэмжит "Утгын чимэг-2019" богино өгүүллэгийн наадамд 65 өгүүллэг ирснээс хоёрын даваанд шигшигдэж үлдсэн 10 өгүүллэгийг уран уншигчид уншлаа. Наадмын Тэргүүн байрт Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын "Хэрээний нулимс" өгүүллэг шалгарав. Дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуягийн "Цаггүй газар" өгүүллэг, гуравт Соёрхын Пүрэвсүрэнгийн "Аав, хүү хоёр" өгүүллэг нэрлэгдлээ. "Утгын чимэг-2019" наадмын "Шилдэг уран уншигч"-аар дэд байрын бүтээлийг уншсан Соёлын тэргүүний ажилтан А.Даваа тодорсон бол тэргүүн байрын өгүүллэгийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ө.Мөнхтулга уншиж, гутгаар байрын бүтээлийг Гавьяат жүжигчин У.Батбаатар уншиж үзэгч олноо сонордууллаа.
"Утгын чимэг" наадмын тэргүүн өгүүллэгийг толилуулж байна.
ХЭРЭЭНИЙ НУЛИМС
Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн НОРОВ
Хөөе та минь ээ, доройтсон нүдэнд юу сайныг та нар дуулсан уу? гэж яншаа ёнгинуур дуугаар орилсоор Баярт гуай ирж явна. Халуун зун үстэй дотортой зузаан ултай гутал, хөвөнтэй торгон өмд цамц өмсөөд, нэг гартаа зөөлөвчтэй сандлаа барин нөгөө гараар таягаа тулсан, тас хар шил зүүсэн майцгар өвгөн тийн дуугарсаар ойртон ирэхэд сэхээвчинд суугаа хөгшчүүд тоглоомдоо улайраад хариу дуугарсангүй, шуугилдана. Хэзээ хойно,
Тэгвэл наад хоёр улцнаа эмчлээч гэх тохуутай дуун гарав. Тэгтэл тэр дуугарагчтай өрсөлдөх мэт
Хүүе, Баярт гуай, Баярт аа, нааш ир, энд суугаад сайхан ярь гэж тоглоомын талбайн нөгөө захаас хоёр эмгэн зэрэг зэрэг дуудахад өвгөн тэдэн рүү хазганасхийн зүглэв.
Энэ бол манай хорооллын "орилоо шар" өвгөдтэй нийлж даалуудаж хөзөрдөхгүй атлаа өдөржин энэ талбайгаар сандлаа чирэн холхиж, хөгшин залуу, таних танихгүй хэнийг ч болов "хөөе хө, сайн уу. Чи дуулсан уу" хэмээн тэртээ холоос дуудан ямар нэг сонин содон юм хэлнэ. Улс төр, хүүхдийн сахилга, тамхины хор, телевизийн шинэ мэдээ, ер ярихгүй сэдэв байхгүй. Харин эндхийнхэн бүгд түүнээс дайжин холдоно. Тэгэвч өвгөн гомдоно гэж үгүй. Заримын нь хойноос даган гэлдэрч, мөнөөхөө ярин залхаана. Түүний жонгиносон шингэн дуу талбайн хаана ч тод сонсогдоно. "орилоо шар" гэх хогийн ерийн нэршлээс илүү нэг л зэвүүн хүйтэн өнгө сонсогдоно.
Учир нь “энэ орилоо шар чинь насаараа эмнэлгийн хүүр задалдаг ажил хийсэн юм гэнэ лээ” гэсэн яриа тархсанаас хойш хүмүүс түүнээс дайжих болсон юм. Өвгөн ч үүнийг нь анзаардаг бололтой, цэцэрлэгт талбайн сандлуудад налайж суугаа хүмүүстэй суудал булаалдахгүй, өөрийн сандлаа чирч ирээд ойролцоохон суугаад жонгинон ярьж гарах. Бүсгүйчүүд хүүхдэдээ /энэ өвгөнд битгий ойрт. Чихэр өгвөл сэмхэн хаячихаж бай. Идэж болохгүй шүү. Муухай хүн байгаа юм/ гэхчилэн захиж, өөрсдөө холуур дөлж явна. Тэгсэн атлаа чихэр өгөхөд нь авахгүй байж чадахгүй. Ярвайсхийн авч баярлаж гялайснаа хэлэх мөртлөө холдмогц хогийн сав руу чихрийг нь хаяад гараа арчин "тфү тфү, муу юм цаагуур" гэх. Авахгүй байхаас айна. Авсан хойно айна. Чихрээс айж байгаа нь тэр.
Би өвдсөн нүдэнд юу сайныг сонсох санаатай тэрүүхэнд саатан суутал өндөр туранхай өвгөн бас ирж зэрэгцэн суух зуур,
Энэ бол бас манай хорооллын “зангиа”. Өдөр шөнө, өвөл зунгүй зангианаас салдаггүй хүн. Тиймээс эндхийн авгай нар түүнийг зангиатайгаа унтдаг гэж баталцгаадаг юм.
- Одоо л сонсъё гэж би товч хариулав
-Энэ хэрээ мөд үхэхгүй, олон жил гуаглах байх шүү гээд “зангиа” шүлсээ годхийлгэн хаяв.
Энэ өвгөн олон үггүй юм шиг атлаа дандаа тэр энэ хүн болон үйл хэргийн сүүдрийг гоочилсон зэвүүн үг хэлдэг болохоор нь эндхийнхэн бас түүнд дургүй. Гэвч нэг их айж дайжаад байдаггүй юм. Харин "зангиа"- т нь "орилоо шар"-ыгаа бол дандаа үзэн ядсан нэг юм хэлж явдаг ажээ.
За тэгээд юу сайн гэнэ. Хаанаас мэдэв хэмээн хоёр эмгэн зэрэг зэрэг асуун дэргэдээ суудал зайчлан саймшрах нь энэ удаад өвгөнөөс зэнзийлэх цээрийг нь сонсох хүсэл нь дийлэв бололтой.
Гэвч Баярт гуай өмнөхөн нь сандлаа тавин сууж тухлаад хэлж байна.
- Хэрээний нулимс... Хэрээний нулимс нүдний ямар ч өвчнийг хойш урагшгүй нам болгодог гэнэ шүү хө. Хэрээ нөгөө дандаа нүд иддэг амьтан болохоор тэр гэнэ ээ.
- Тэр олон нүднээс чинь аль хэрэгтэйг нь сороод залгичихдаг болохоор нулимс нь тунгаасан эм бололгүй яахав.
- Хүүе ер, нээрэн тийм ш дээ. Үгүй тэгээд тэр хэрээний чинь нулимсыг яаж олдог байна.
- Амархан гэнэ ээ. Согтоож байгаад авчихдаг юм гэнэ.
согтоож ий. Нүгэл байгаа даа, тэгээд хар хэрээтэй архи уух хэрэг үү?
- Уусан ч яадаг юм. Зах дээрээс хонины толгой худалдаж аваад хоёр нүдэнд нь шприцээр архи шахаад гадаа хаячихгүй юу даа.
- Өө хөөрхий тэгээд тэрийг нь тоншоод нөгөөх нь согтчихдог байх нь.
- Тэгэлгүй дээ. Тэгээд нисэж чадахаа байчихаад, хэдэн зуун жил улай зовлон үзсэн амьтан болохоороо тэрийгээ санадаг биз. Уйлаад бөмбөрөөд байдаг юм байх аа.
- Ээ чааваас гэж. Үгүй тэгээд үнэн л байдаг байгаа даа, айн. Тэгж үзсэн хүн байна гэнэ үү? Байна аа байна. Хаа сайгүй л.
- Ишш баярт минь. Чи эрх биш эр юм байна даа, нэг арга бодооч. Хоёулаа дуран шиг нүдтэй болчихъё л доо гэцгээж биесээ нудралцан инээлдэв.
Энэ өдрөөс хойш хэдхэн хоногийн дараа "хэнгэрэг хагарна" гэгч болов. Орой ажил тараад иртэл манай байрны өмнөх ганц аварга том улиасны орчимд эхнэр хүүхэн голцуу хоёр гурваараа зогсоод шивэр авир гэлцэж мод өөд заацгааж, хар хэрээд бархиралдан, мод тойрон нисэж заримдаа газар шүргэн алдан доош шунган дайрч, хүүхдүүд тэдэнрүү чулуу шидлэн "яваач, зайлаач" гэж хашгиралдан байв.
Есөн давхар байшинтай чацуу энэ аварга улиас бол манайхны ганц бахархал юм. Навчис дундаа шувууны нэг лут сайхан үүртэй юм. Би юу болсныг сониучирхан мөнөөх горзгор "зангиат"-д ойртон очвол тэр толгой дохин мэндлээд
- Одоо нөгөө хөгшин "хэрээ" хэрэгтэй байна санж гэж дуугарав. Би гайхасхийн асууж харвал
- Энэ хавьд явдаг нэг муу шар муур дээш авирч очоод үүрэнд байсан хэдэн ангайхайг нь бариад ирчихсэн л дээ. Тэгээд л энэ хоёр хэрээ галзуурч өдөржин бархирч модонд ойртсон бүхэн рүү дайрч байгаа юм гэв.
- Хөөрхийс үрт амьтан гэгч. Энэ хоёр эцэг эх нь байхдаа гэвэл өндөр өвгөн ийш тийш өлөлзөн
- Нөгөө "орилоо шар" хайчив аа. Хэрээний нулимсанд дуртай юм сан. Энэ хоёрыг барьж авбал одоо ч нэг асгаруулж өгнө дөө. Яг хэрэгтэй үед нь алга болчих юм. Бас тэр шар муурыг олж орилоогоор төхөөрүүлмээр байна. Тэрэнд айдас хүйдэс, эрээ цээр гэж байх биш гээд хямсайн инээмхийлэв. Тэгтэл ард зогсож байсан нэг охин "Орилоо өвөө" нулимсаа арчаад зогсож байсан. Харьсан байх аа гэж "зангиат"-руу зэвүүцэнгүй хялбалзан хэлээд эргэн одов.
Миний сэтгэл зэхийрч, дотор хүйт оргиход би гэртээ оров. Гэвч тохитой сууж чадсангүй. Гадаа хэрээ зогсоо чөлөөгүй бархирах, эх хүүхдээ дуудан зандрах, зайлаач яваач гэж багачууд хашгиралдах дуулдсаар бүтэн оройг түгшүүрээр дүүргэж орхив.
Золоор маргааш нь амралтын өдөр тул аажуу босож гадагш гарвал өчигдрийн түгшүүр нэлээд намжсан бололтой. Мөнөөх хоёр хэрээ тамираа барсан, цөхөрсөн ч юм уу, шонгийн модны оройд сууж хааяа «гон гон» хийн гоншигонож байв.
Харин хүүхдээ салхилуулсан, нарласан эхнэр хүүхнүүд бөөгнөрөн нэгэн зүйлийг шогшрон хүүрнэлдэхийг сонсвол "орилоо шар" гуай хөлөө хугалж, хавиргаа гэмтээсэн, эмнэлэгт хүндхэн байгаа гэлцэнэ. Учрыг асуувал ангайхай идсэн муурыг «зангиат» гуай шийтгэхээр шийдэж, хүүхдүүдээр бариулаад ойролцоох траншэйний худагт хийгээд таглачихсан юм санж. Мөнөөх жаалуудаас үүнийг сонссон "орилоо шар" амьтан тамлав гэж ихэд уурсан мөнөөх худгаас муурыг гаргах гэж байгаад дотогшоо унаж тийн хэмхэрсэн ажээ.
Худагт орж муурыг гаргах зоригтой жаалууд олон байсан боловч өвгөн тэднийг хавьтуулаагүй гэнэ. Нөгөө хэрээний нулимс авах ч хаа байхав. Хэн нь хэрээ, хэн нь муур юм бэ дээ гэмээр юм болоод дотор зэгийлгэсээр өнгөрөв. Бид ч мартагнав. Гэтэл сар гаруйн дараа эхэн намрын нэгэн налгар сайхан өдөр хүүхдийн талбай дунд тэргэнцэрт суусан «орилоо шар» гэх Баярт гуайтай тааралдав. Хөл муут хүний тэргэнцэр дээр суугаад дугуйг гараар өнхрүүлэн
"Хөөе сайн уу хө, өнөөдөр чинь ялалтын өдөр, баярын мэнд хүргэе" гээд улам цээл болсон жонгинуур дуугаар холоос мэндлэв. Ойртон очвол давхар эмжээртэй морин хүрэмнийхээ энгэрт "Халхин гол 1939" гэж латинаар бичсэн "дайнд оролцсон ахмад дайчин" гэсэн хоёр тэмдэг зүүжээ. Би өвгөнтэй мэндлээд тэсэлгүй мөнөөх хэрээний нулимсыг асууж орхив. Өвгөн инээж,
Надад хэрэггүй ээ хө. Тэр авгайчуулын нүдэнд л гээд хар шилээ авбал ухархайдаа цийгээд цайчихсан хоёр нүд хөдөлгөөнгүй бүлтийж харагдав. Харин чихний нүхнээс сонсголын жижиг хэрэгсэл хар нүд мэт бултайж байлаа. Өвгөн
«Хөөе та минь ээ. Өнөөдөр чинь Халхын голын ялалтын өдөр. Та нар мартаагүй биз дээ» гэж жонгинон орилсоор сэхээвчинд суугаад даалууны гуншин уянгалуулж байгаа хөгшдийн зүг дугуйгаа өнхрүүлсээр одов.
Харин мөнөөх аварга улиасны мөчир дээр нулимсаа ширгээсэн хоёр хэрээ таг дуугүй нэвсийн суугаад доор нь нүүр буруулан зогсоод талхны булан дээр архи цутган, хүн харчих вий хэмээн ийш тийш хялалзан, тэднээс нулимс авах аргаа хийж байгаа "зангиат" өвгөнийг уйтгартайяа ширтэн байлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Hello mrs and lord We are a financial structure that offers loans between individuals to enable them to realize their dreams. If you have a personal project; Or need financing. If you are interested, contact us directly and tell us the amount you want to borrow and the repayment term. Contact us by email: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37
хэрээний нулмасыг өөр аргаар авдаг гэхдээ би хэлэхгүй