Монгол Улсын Соёлын яам болон Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулсан “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадам өчигдөр (2021.11.22) болж, шилдгүүдээ тодруулав.
Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, зохиолч П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” богино өгүүллэг шалгарлаа.
Дэд байранд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджавын “Хийлч” өгүүллэг, гутгаар байранд Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа” өгүүллэг, дөтгөөр байранд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Ах” өгүүллэг, удаах байранд МЗЭ-ийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнгийн “Шаазгай үр” өгүүллэг тус тус шалгарлаа.
Тус наадмын тавдугаар байрт шалгарсан МЗЭ-ийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнгийн “Шаазгай үр” өгүүллэгийг толилуулж байна.
ШААЗГАЙ ҮР
Өглөө үдэш, өвөл зунгүй ижийнхээ хормойноос зүүгдэж, энгэрт нь асч өссөн Жаргалыг хөхөө өвлийн хүйтэн хөр цасны хайрууд хамаг хөрөнгөө ачаалан настай эхийгээ хар буурин дээрээ хаяад нүүхэд л “Хүний хүү хүрэн бөөртэй гэж үнэн юмдаа” гэсэн хачин жигтэй үг ам дамжин тараад, удалгүй мартагдав.
...Олоон жилийн өмнөсөн. Ханш нээгдэх хаврын дунд сарын нар ээсэн гүлгэндүү өдөр амар болоочоо нутаглуулсан газрыг эргэж, ганц цөгц зул өргөхөөр манцуйтай хүүгээ тэврэн ирсэн Шаалуу, нулимстай нүдээр орчлонг тэмтчин зогсох үед хажуухан талын жижигхэн булшны хажууд гуч гаранхан насны нэгэн бүсгүй өвдөг сөгдөн суугаад, мөр нь чичигнэн уйлж байсан билээ.
Салхинд цохиулж бөхсөн зулаа дахин мандаах санаатай чүндэнзээ хавирч суухад хүү нь сэрээд, часхийн уйлав. Өглөө өвөртлөөд гарсан угжтай сүүг нь амандаа балган бүлээсгэж, хүүдээ асгаж цутган өгч суутал
-Та нааш нь хүүгээ өг дөө гэсэн зөөлөн эерүү дуу гарч, түүнээс овгосхийн цочиж, эргэн харвал дөнгөж түрүүхэн уйлж суусан бүсгүй зогсож байлаа.
Бөлцийтөл уйлсан бүсгүй хүүг нь тэврэн буруу харан сууж, хөхөө гарган хөхүүлэхэд л чинэсэн сүүндээ энгэр нь дарайсан, зовлонт ижий байсныг мэдэв. Төрүүлсэн үрээ алдсан хөөрхий бүсгүй өдөр бүр хүүгийнхээ шарилын дэргэд ирж хөхөө саан сүүгээ өргөдөг ажээ. Охин үрийнх нь булшинд арц унгатган суугаа Шаалууг уяралтайхан харж, бувар бувар хөхөх нялх хүүг тас тэврэн суухдаа эгээ л өөртэй нь ижилхэн энэ хоёроос холдож саламгүй байлаа.
Энэ өдрөөс хагацал тэднийг холбож, өнчин нялх хүү төөрөлдсөн ижийгээ олжээ. Цагийн цагт саарал гяруузан дээл өмсөж, донхогор бүрх духдуулж явдаг Шаалуу атгасан шороогоо эрдэнэд хувилгах, суусан газраасаа сувд түүчих овсгоо самбаагаар нойр хоолгүй зүтгэж, эхнэр хүүхэд хоёроо хайр, гоёл хоёроор хулдаж амьдарсаар жаргах насны босгонд амьдрал мөнх бусын үнэнийг ганцхан өглөө үзүүлэв.
Ааваа санан уйлагнаж, ижийдээ эрхлэн гүйдэг хүү нь өсөн торниж, жавхалзсан шар бүсгүйг дагуулан нааш цааш дэгдсээр нэг л өглөө эхнэр авлаа гэж хэлээд хайрцагтай хувцас тэвэрч ирэв. Өрцнөөсөө унагаж өврөөсөө төрүүлснээс ялгалгүй эрхлүүлж өсгөсөн хүү нь эхнэр авсан болохоор бага залуухан бэрээ өглөө үдэшгүй загнаж, хоол ундыг нь голж, хатуу хадмын хавыг үзүүлэх болсоны цаад учиг нь алс хэтдээ хүүгээ өлсөж цангахгүй элбэг дэлбэг явуулах гэсэн эх хүний нандин сэтгэл байлаа. Бэр нь ч хадам ижийнхээ үгнээс зөрөлгүй, хоноцоо хоолтой амрааж, гийчнээ гэгээтэй үдэх, унд устай эзэгтэй болж буйг анзааран сэтгэл тэнэгэр баярлаж байлаа.
Ажин түжин хорвоо алганы ар өвөр шиг нааш цааш эргэцсээр өдөр хоног увуу цувуу өнгөрч байх үед, салхинд гарч явсан авгай өд сөдөө тас цохиулсан шаазгай олж, өрөвдсөндөө нулимс унаган авчиржээ. Өлсөж цангасан хөөрхий шаазгайд өтний дайтай мах зүсч өгөн тэжээж бага багаар гаршуулав. Сар гарангийн дараа шаазгай дасахын хирээр өд сөд нь ургаж ойр зуур нисч буух болсон бөгөөд хадам бэр хоёроос айхаа больж цагийн цагт бараадна.
-Шаазгай шаазгай миний хүү хаана явна гэж авгай асууна. Шаазгай нисч буун шагшина.
-Шаазгай шаазгай манайх хэзээ маамуутай болох уу гэж бэр бүсгүй гунигтайхан асууна. Шаазгай ч нисч буун шагшина.
Хонон өнжин алга болох хүүгээ харуулдан, сэм сэмхэн уйлах бэрээ өрөвдөн сэтгэлдээ шархтай тарчилж явтал, нэг л өглөө бэр нь өмбөө цөмбөө хувцасаа боож аваад, нулимсаа арчин гарахад алаг шаазгай амаа ангалзуулан шагшиж ойж буун нисч байлаа. Харин Жаргал хүү нь тоосон янзгүй хоёр хоноод, тормолзсон хар нүдтэй шаазан цагаан хүүхэн дагуулан ирээд ижийдээ танилцуулав.
-Залуу хүний л амьдрал юмдаа хэмээн уучланхан бодовч, олон жил гарынх нь хоол цайнд дассан бэрээ үгүйлэн санаж, өр өвтгөн үймрэхдээ
-Шаазгай шаазгай миний бэр хаана байна. Шаазгай шаазгай миний охин зүдэрч байна уу гэж сэмхэн асууна. Алаг шаазгай ч нисч буун шагшина.
Хүүгийнхээ дагуулж ирсэн хүүхэнд ганц нэг хатуу үг хэлж загнах санаатай цэхэлзэж үзтэл ганган шаавай охин уйлж унжин нөхрөө айлгаж, эрхлүүлэн өсгөсөн хүү нь ижийгээ загнан гурвалжин дөрвөлжин хэрүүл болов.
-Та миний төрүүлсэн ээж ч биш гэсэн гол гогдом үгийг хүүгээсээ сонссон авгай цээжний мухраас хатуулдан гарах хар шүлсэндээ огиулж, өмөлзөн өмөлзөн уйлсаар салхинд гарч, намрын шаргал наран доорх зэвэргэн салхинд жиндэн, алаг шаазгайтайгаа хамт шагшиж байлаа.
-Шаазгай шаазгай миний бэр хаана явна. Хоёулаа хайж олох уу. Эсвэл би охиноо нутаглуулсан газрыг эргэх үү гэхэд алаг шаазгай нисч буун, дэгдэж баярлан шагшив.
-Төрүүлсэн үрээ нутаглуулсан алга дарамхан газрыг эргэж тойролгүй яасан их удаа вэ би хэмээн өөрийгөө баалан алхсаар, наранд ээвэр энгэрт очиж, үрийнхээ булшийг аргадан аргадан бувтнав. Нар шингэхээс өмнөхөн буцахдаа
- Ижий нь ойр ойрхон ирье ээ хэмээн хэлж, эргэн эргэн харсаар харьж иртэл, орчлон хорвоо хөрвөөчихсөн мэт санагджээ. Жаргал хүү нь хөөрхий ижийдээ дан бүрээстэй жаахан бор гэрээс өөр, өөдөс даавуу өмх мах үлдээлгүй хамж ачаад, хар буурин дээрээ хаяад нүүсэн байв.
-Шаазгай шаазгай чи надад түргэхэн дуулгахгүй яагаа вэ гэж арга барагдан хэлэхэд хөөрхий шаазгай гэмших мэт, өд сөдөө сэгсрэн бөөвийж байв. Бор хоног шаргал өдрүүд цагийн эрхээр цуварсаар хатуу хүйтний туйл өвлийн өдрүүд айлчилсан идэр есийн хүйтэнд түлээ түлш хайж өдөржин алхсан авгайн бие нь суларч цээжээ даахгүй ханиаж байлаа.
-Шаазгай шаазгай, миний хүү ижийгээ санаж байгаа болов уу.
-Шаазгай шаазгай миний шувуу намайг үхэхээр миний охиныг л олж очоорой гээд үгээ дуусгаж чадалгүй дуу нь цаашилахад, сүрхийн ниссэн шувуу тооноор гараад алга болов. Шувуу хүртэл надаас дайжлаадаа хэмээсэн гуниглахуйн шаналан, үймэрсэн бодолд эргэн хурган торолзож байлаа.
...Нарны жавар алгадсан өглөө залуухан бүсгүй цайны дээжээ өргөөд гэртээ орох гэтэл хамаг өд сөд нь салмарсан алаг шаазгай шаг шаг шагшив.-Шаазгай шаазгай ижий минь зүгээр үү гээд гүйж очиход айж сандарсан мэт тойрч нисэн шагшив. Гэнэтийн их харуусал зовинолд автсан бүсгүй гэртээ орж
-Би яваад ирье. Хадмын бие базаахгүй байгаа бололтой гэхэд
-Хөөгдөж ирчихээд гуйж очих гээ юу. Хадамдаа хоргодсон хүүхэн гэж нэг нэр хоёр хоч зүүх чинь дутаа юу гэж үглэх аавынхаа үгийг хагас дутуу сонсоод дуугайхан гарав.
Замын машинд дайгдан, алаг шаазгайгаа тэвэрсээр яаран ирсэн бүсгүй танил дотно гудамжаар дэгдэн харайсаар очиход, нэлмийтэл цас дарсан хашааны буланд, өөвөн бор гэр торойж байлаа. Жавар хургасан гэрийнхээ зүүн хаяанд хөвөнтэй дээл нөмөрч биеэ хураан атирсан авгайн
-Шаазгай охин минь миний хүүг дагуулаад ирээрэй гэж шивнэн гуйх үг цан цохисон уруул дээр нь тас хөлдөж байв.
-Ээж минь дээ, ээж минь гээд энгэртээ тэвэрсэн бэрийнхээ дууг хагас дутуу сонсоод, их амгаланд шингэхдээ
-Ангир уургаа цадтал хөхөж чадаагүй хөөрхий охин минь, амь тасрахын цагт толгойг минь түших ерөөлтэй байждээ гэсэн дэн дун бодол там тум ухаанд нь орж гаран байлаа.
Горь тасартал хүүгээ хүлээсэн ижийн шанааг даган хөлдсөн нулимсыг бэрийнх нь халуун нулимс хайлан урсгана...
...Үйлийн хорвоог нэгэн сэжмээр аргамжиж байсан зэрэгцээ гурван булшинд сүү өргөх бүсгүй дэргэд нь өөвийх алаг шаазгайг харж,
- “Шаазгай шаазгай чи надтай явах уу” гэж асуухад, нисч буун шагшсаар холдож буув.
-“Шаазгай шаазгай чи өлсөнө шүү дээ. Надтай хамт яваарай” гэж гуйхад,
-Би ижийгээ сахисаар энд л үлдэнэ” гэх шиг цэхэр хүрээтэй саарал нүдээр аргадангуй ширтэж байлаа.
Алтан заадал салгаж, аминаасаа амь үрслүүлж төрүүлсэн, нялх үрээ улаан нялзрайгаар алдчихаад, саамшиж асгарсан сүүгээ сааж, булшинд нь өргөж байхад цацсан будаанд дуссан уураг сүүнээс нь санаандгүй амсчихсан жигүүртэн, ижийнхээ шарилыг орхихгүй гэдгийг бэр бүсгүйн зөн шивнээд байлаа.
Сэтгэгдэл ( 0 )