Монгол Улсын Соёлын яам болон Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулсан “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадам өчигдөр (2021.11.22) болж, шилдгүүдээ тодруулав.
Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, зохиолч П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” богино өгүүллэг шалгарлаа.
Дэд байранд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджавын “Хийлч” өгүүллэг, гутгаар байранд Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа” өгүүллэг, дөтгөөр байранд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Ах” өгүүллэг, удаах байранд МЗЭ-ийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнгийн “Шаазгай үр” өгүүллэг тус тус шалгарлаа.
Тус наадмын дөрөвдүгээр байрт шалгарсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджавын “АХ” өгүүллэгийг толилуулж байна.
АХ
Шар цэцэг битүү дэвссэн зөөлхөн ногоон ширэгнээс усны үнэр, нарны амт нэвт ханхалж, алсад сүүмэлзэх цэнхэр зэрэглээн дундаас Эрчимийн нурууны ноён оргил холдож ойртож харагдана. Тэрээр уудам цэлгэр хөндийд зээглэж буусан айлуудыг ажин удаан суув. “Шууд давхиад очиход нэг л эвгүй юм даа. Урьд өмнө нь ямар нүүр тулж уулзаж явсан биш” хэмээх бодол түүнийг хойш татавч “Үгүй, нэг нутгийн улс байна. Яваад ороход хөөхгүй нь л лавтай” гэсэн бодол урагш түлхсээр... Батааг ийнхүү эргэлзэж байгааг мэдсэн бололтой жолооч нь аяны хайрцаг гаргаж, идэж уух зүйл ирийтэл өрөв. Батаа:
-Алив, тэр цүнхэнд нэг шил юм байгаа байх аа гэхэд архи дарс уудаггүй, авир ааш гаргадаггүй захирал руугаа гайхан харсаар жолооч нь архи авчирч өглөө. Батаа шилтэй архийг задлах гэж ёсорохсон ч үгүй. Жижиг мөнгөн аяганд цэлэлзтэл дүүргэн Баянзүрх хайрхан өөд өргөөд, өөртөө ч мөн дүүргэж хийгээд нэг амьсгаагаар хөнтөрч орхив. “Сайн явах санааных” гэдэг үгэнд тэр итгэдэг. Эцэг өвгөдийн буян, энэ насны хөдөлмөрийн үр шимээр тэр бусдаас дор орохооргүй амьдарч иржээ. Өндөр албан тушаал, бусдын хүндлэл магтаал, шагнал урамшуулал, бас хайр халамжаар тэр хэзээ ч дутаж явсангүй. Харин бүтэлгүй нь дэндсэн ганц дүүгээ бурхны орон руу чимээгүйхэн мордсноос сэтгэл нь эзгүйрэх болжээ. Нэг эхийн хэвлийгээс зулайгаа гишгэн төрж, нэг эцгийн гэрт тоглож, хамтдаа уйлж дуулж өссөн ганц дүү нь үнэндээ ахынхаа сэтгэлийг багагүй шаналгадаг нэгэн болж өсчээ. Сургууль соёлд ч олигтой сурсангүй, ажил төрөл ч гавьтай хийсэнгүй. Гэр бүл ч зохиосонгүй. Гэсэн хэдий ч Батаа түүнээс сэтгэл буруулсан нь үгүй. Амьхандаа л тус дэм болох гэж хэдэн төгрөг илүүчилж, хэрэндээ л сэтгэл тавьдаг байж... Муу дүүгээ хар залуугаараа энэ хорвоогоос буцаад явчихна гэж төсөөлөө ч үгүй явснаа санахаар самсаа нь шархираад ирлээ. Гашуун бодол, ганц хундага архи түүний эргэлзээг тайлж, бас зоригийг нь чангалав бололтой. -Алив, хөдөлцгөөе... гээд огцомхон босов. Үдийн цай уухаар зэхэж суусан жолооч эр ч түүнийг дагаж ухасхийн, хайрцаг савтай юмаа хам хум хамж аваад машин хөдөллөө.
-Урд талын гэр шүү. Намуухан яваад, зөөлхөн шиг буучих юм шүү гээд Батаа санаа алдав. Гэрийн хаяанд үүрэглэж хэвтсэн хөгшин хар банхар хэд хуцсанаа залхуу нь хүрч төвөгшөөсөн бололтой буцаад хэвтлээ. Хаалга нь дэлгээтэй, хаяа нь шуулттай гэрээс гарч ирсэн бүсгүй нохой хорин тэдний зүг хараа бэлчээнэ. Айл, зам асуух гэж байгаа юм болов уу гэсэн байдалтай зогсох бүсгүйг харснаа Батаа машинаасаа сандран бууж
-За, сайхан зусч байна уу... гэсээр гэр рүү алхлаа. Бүсгүй нохой хорьж өгөн гэрт орж ирээд цай аягалж, шинэ өрөм эвхэж таваг дүүргэн барьлаа. Батаа цаг агаар, зун зуншлага асуунгаа гэрийн доторхыг тойруулан ажив. Цомхон хэрнээ нэг л цэмцгэр. Цэмбийтэл арчиж өнгөлсөн данх сав, аяга таваг нь эзэгтэйн ажилсаг, чамбайг илтгэх аж. Удсан ч үгүй нар голлон хонины хүүхэд ирж, уяан дээр буухыг хараад бүсгүй цай зэлгээн хөргөж, -Манай хүү хонио ус руу оруулаад ирж байна. Би жаахан хоол хийгээд орхие. Та яараагүй биз дээ гээд инээмсэглэн борц гарган, нүдэж эхлэв. Гаднаас орж ирсэн дэлчгэр чихтэй, чөргөр хүүг хараад Батаа босон харайх шахав. Тэрээр чичирхийлсэн хоолойгоор
-Алив, золгоё хүү минь гэхэд нөгөөх дэлчгэр чихт түүн рүү гайхшрангуй харж, гилжийсээр аажуухан дөхлөө. Турьхан гооногор хүзүү, данхар зууван толгой, давхраа нимгэн том нүд, таруу өтгөн хөмсгийг хараад “Яах аргагүй л манай удам байна даа” хэмээн бодох зуур нулимс цийлгэнээд ирлээ. Батаа нулимсаа сэмхэн шудраад, хүүгийн духыг шунаг гэгч нь сорон үнэрлэхэд нэг л танил дотно үнэр сэнхийх шиг санагдав. Хүү ч түүн рүү гайхан харсаар...
Батаа хэсэг чимээгүй сууж тайвширсны дараа, ах нь танай нутгийн хүн байгаа юм. Далий Дорлиг гэж даалуучин эрийн тухай сонссон л байлгүй. Тэр хүн миний өвөө. Би нутгаасаа их багадаа гарсан хүн. Нутаг орондоо хэд хоног амарна. Явахаасаа өмнө танайхаар ирнээ гэв. “Далий Дорлиг”, “Танайхаар дахиад ирнэ” гэсэн үгийг сонсоод бүсгүйг хэрхэх бол гэдгийг тэр ажиглаж байлаа. Үнэхээр ч түүний төсөөлж байсанчлан бүсгүй сандарч байгаа нь илт.
-Хоол удахгүй болно. Та хоол идээд яв гэснээ яах ийхын зуургүй гал дээр тогоо тавин хоол үйв. Хоол хийх зуураа тэр бүсгүй Батааг үе үе нүд буландах аж. Батаа жолоочоо дуудан ээж, хүү хоёрт зориулж авчирсан бэлэг сэлтээ гаргаж өгөөд
-Ах нь дахиад ирнээ. Алив нэг үнсье хэмээн хүүгийн духан дээр үнэрлэхэд бүсгүйн нүдэнд нулимс мэлмэрч ирснээ аньсага давалгүй шингэхийг хараад Батаа ч мөн санаа алдав. Муу дүү чинь нутагтаа өөрөөсөө нилээд хэдэн насаар дүү бүсгүйтэй учиртай байсан. Талийгаач болсных нь дараахан бүсгүй амаржиж хүү төрүүлсэн гэдгийг олон жилийн дараа бусдаас сонсож билээ. Үнэн худлын учгийг тайлах гэж эрэл сурал болж баймааж нь ээж хүү хоёрыг олсон аж. Энэ талаар сонссон найз нөхөд нь түүнийг хориглож “Одооны хүүхнүүд айхтар болсон. Чамаас баахан мөнгө төгрөг нэхээд зовлон болно” гэж хориглож байхад “Одоо чинь юм хөгжсөн цаг. Эсийн шинжилгээ хийлгэ. Тэрний дараа л уулзаж учир” гэж ятгасан нь ч бий. Гэвч тэр зориг гарган нутагтаа ирж, ээж, хүү хоёрыг өөрийн нүдээр харахаар шийдсэн нь энэ. Тэд талийгаачийг эс дурсаж ганц үг сольсонгүй. Гэхдээ л нүд, сэтгэлээрээ бүгдийг ойлголцож чаджээ. Батаа машиндаа суусан хойноо
-Хүний уг удам гэдэг аргагүй өөр байдаг юм байна. Харцанд нь, төрхөнд нь, бүүр хөдөлж сууж байгаа нь хүртэл андашгүй юм гээч. Аав нь үгүй ч ахтай хүн шүү дээ, миний дүү хэмээн бодох зуур үд дундын их нарыг халхлаад байсан том цагаан үүл сүүдрээ чирсээр Баянзүрх хайрхныг давж байлаа.
2021 он
Сэтгэгдэл ( 3 )
Үржинбадамаа яарч болно. Ардаагаа шалгаж бай. Дөрөвдүгээр байрын өгүүллэгийн зохиолчийн нэрийг залруулаарай.
Хөөрхөн л өгүүллэг байна.
тийм гойд ч биш юм