Монгол Улсын Соёлын яам болон Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулсан “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадам өчигдөр (2021.11.22) болж, шилдгүүдээ тодруулав.
Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, зохиолч П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” богино өгүүллэг шалгарлаа.
Дэд байранд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджавын “Хийлч” өгүүллэг, гутгаар байранд Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа” өгүүллэг, дөтгөөр байранд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Ах” өгүүллэг, удаах байранд МЗЭ-ийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнгийн “Шаазгай үр” өгүүллэг тус тус шалгарлаа.
Тус наадмын Дэд байрт шалгарсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджавын “Хийлч” өгүүллэгийг толилуулж байна.
ХИЙЛЧ
Цасан цагаан даашинзтай, мушгирсан гил хар үстэй, гантигаар сийлчихсэн шиг зэгзгэр гоолиг бие хаатай, гань залуухан гоо бүсгүй зураасгүй мөлчгөр хүзүү, тэгшхэн мөрөө донжтой хөдөлгөн ганхасхийснээ, гэнэт хийлийнхээ маш нарийхан дээд өнгөнд тулгаснаа, тэгснээ бүр доошоогоо оруулж, ерөөс энэхүү ертөнцөөс ганцаараа тасарсан мэт сүмбэн цагаан хуруунуудаа чавхдасан дээгүүр хараа гүйцэгдэмгүй гүйлгэж байлаа.
-Гайхамшиг...”Энэ чинь юу вэ? Дурын хийлч гар хүрэхийн аргагүй нөгөө Кабалевскийн симфони байна шүү дээ”... Хачинаа... бас... үүнд бас ор байхгүй дорно зүгийн чамин сувд аваачаад шигтгэчихэж гээч... гэж Москвагийн их театрын хамгийн өмнөх эгнээнд суусан оросын хоёр суут хөгжмийн зохиолч аяархан шивнэлдэхийг хийлч бүсгүй яахин сонсох билээ. Хажуудаа суусан нойтон алчуур мушгичихсан шиг үрчлээтсэн гооногор урт хүзүүтэй, дундад зууны хатагтай шиг сийсгэр торон хар малгайныхаа дор гүн бодолд дарагдсан авгай руу хандаж, “Эрхэм ардын жүжигчин гуай минь...Чиний анхи галзуу залуу насыг чинь энэ дорнын цахлай шиг бүсгүй санагдуулахгүй байна уу?” гэхэд, “Дуугүй... чи минь...Урлагийн тэнгэр бурхан шилээ харуулна шүү, чишш...чимээгүй...юун минийх...надаас өөр өөр..тасархай...тансаг...төгс...хэний ч гаргаагүй аяз түрүүхэнд яс зураад өнгөрөх шиг боллоо...та хоёр маань тохитойхон байгаач...надад битгий саад болоод бай, дараа...дараа” гэж дотносог хэрнээ уцаарлангуй шивнэснээ торгон сиймгэр алчуураар нулимсаа арчлаа.
Савхан нарийхан хуруунууд нь эх биеэсээ салан алдан хийлийн дөрвөн чавхдас дээгүүр гүйснээ гэнэт хийлийн өнгө часхийснээ, нэг утас нь тасарч, гялтганан санжигнахыг их театрын тайз руу тусгасан өдрийнх шиг цэлийлгэх гэрэлд ойрын хүмүүс байтугай арын хүмүүс ч харчихаар байв. “Ээ бурхан минь...хайран охин...хайрхан хөгжим...одоо яанаа” гэж түрүүчийн хөгшин авгай тодоос уулга алдах нь сонсогдлоо. Гэвч бүсгүй дутуу гурван утсан дээр юу ч болоогүй юм шиг дуусгахад, тэр бүсгүйн торомгор хар нүдэнд нулимс сувд шиг гялтганав. Бүсгүйн хасын цагаан хацар улсхийх хийх шиг болсон хэрнээ хашийн шүдээрээ ярсхийн инээмсэглэн мэхийн ёсолчихоод жаахан охин шиг хөнгөн дэгдсээр хөшигний цаагуур оров.
Ялаа ниссэн ч тод сонсогдмоор амьсгал даран сонсч байсан хүмүүс гэнэт ухаан орох шиг дүнгэнэлдэн нижигнэтэл алга ташсаар...”Браво” гэж хашгиралдсаар... тал шиг цэлийх тайз руу бөөн бөөн сарнайг ар араас нь шидсээр байв. Галуун хүзүүт мөнөөх авгай, “Гайхамшиг...яана гэнээ гуравхан утсан дээр байхгүй өнгөө тааруулж шигтгэж тогтооно” гэдэг чинь миний байтугайн зүүдэнд ч ороогүй... Парижийн чих ч сонсоогүй...Энэ чинь нөгөөх “Паганины шулмасын” үл үзэгдэх гар байна шүү дээ. Аяа..бас дутуу утаст хийл ингэж бүтэн дуугардаг юм байж дээ, үзээгүй юмаа ч үзлээ...сонсоогүйгээ ч сонслоо” гэхэд, хажуу дах туранхай өндөр өвгөн хөгжмийн зохиолч, “Хэлэх үг алга...би хаа байгаагаа ч мэдэхээ болиллоо...хаанаас гараад ирсэн хэн гээч вэ?” гэж толгой сэгсрэн, нөгөөдөх рүүгээ хандахад, “Байз хө...түрүүчийнхээсээ гарч чадахгүй байна. Надад бол “Өдрөөр гэрэл бариад ч олдохооргүй хөгжимчин юм гээч” гэж өөрийн эрхгүй дуу алдлаа.
Хийлч бүсгүй тайзны ард дахь өрөөнд оронгуутаа гоо мөрөө чичигнүүлэн нулимс унагаснаа, ”Ийм ёрын юм тохиох гэж...яагаад..яагаад...ямар чөтгөр нь хаанаасаа гарч ирээд утсыг минь тасалчихав аа? Золтой л тайзан дээр ухаан алдаад уначихсангүй...Ёох...Зүрх амаар сугарах шахлаа. Хөлгүй юм шиг агаарт дүүжлэгдэх шиг боллоо” гэхэд, буржгар халимагтай өндөр гоё залуу,
-Афродита минь...хөшигний араас сэм харахад, зарим хүний чих дахиад ургах шиг, зарим хүний толгойд алтан эвэр ургах шиг надад санагдлаа, тайвшир...хонгорхон минь... биеэ барь...зүрхээ дар...гарынхаа алга руу үлээ...би чамайгаа чанга тэвэрье. Цаана чинь хүмүүс театрын цонхонд цав суутал хашгиралдсаар, алга нижигнүүлсээр байна. Май...хайр минь... энэ хамгийн сүүлийн үеийн хийлийг аваад гарч үз...чи минь одоохон...цаана чинь сүйд боллоо“ гэхэд бүсгүй ёгхийх зүрхээ дарснаа, гэнэт огцом биеэ тэгшлэн эрсхнээр, “Үгүй ээ...хонгор минь... би наадахыг чинь авахгүй...харж байгаарай зүрхнийхээ судсаар хийлийнхээ гурван утсыг дөрөв болгоно. Азийгаа...энэ монголоо бүхлээр нь энэ санжигнасан утастан дээрээ үүрчихээд гараад ирнэ” гэж толгойгоо бардам өргөхөд, дэвүүр сормууст хархан нүд нь цог шиг асч гялалзав.
-Үгүй ээ...хонгор минь...энхрий минь...ийм юм хаа ч байхгүй...Ганц утас гэдэг чинь энэ дэлхийг бүхлээр нь багтаах хөг. Долоон өнгө доголон болно.
-“Хөггүй хөг гэж байдгийг харуулнаа”, санаа зоволтгүй. Харин хайрт минь миний бяцхан зүрхийг гар дээрээ тавиад тэврээд зогсч байгаарай, зүрх хатгаад байх шиг...
-Зөрүүдхэн минь дээ...миний үгэнд ор...май энэ хийлээр...
-Үгүй ээ...би өөрийнхөөрөө...
-Энэ олны шуугиан...алга ташилт...хашгираан...исгэрээ...тэр хойно хойноосоо цахлай шиг дүүлэн ирж байгаа сарнай...үзэгчид суудал дээрээ тогтож ядаж байна, одоохон гаралгүй болохгүй...за би тэвэрье...үнсье...
-Чи миний дотор луу өнгийдөг болоосой...энэ их дуу чимээ...тасарсан утас...юу ч харагдахгүй их гэрэлэнд угийн эмзэг зүрх яаж цовхчихыг хардаг ч болоосой...Чихээ бөглөөд зугтмаар байна...хоёр хөлийг минь тушчих шиг болж байна. Гэхдээ чинийхээ хэлснээр гарнаа...хоёулаа шүү... үзүүлээд өгнө гэхэд,
Хуримаа хийгээд удаагүй найруулагч залуу, “Афродита минь...хайрт хонгор минь...”Хэнтийн өндөр ууланд” шүү” гэж араас нь чанга хашгирснаа сая л анзаарч амаа барив.
Бүсгүй юу ч болоогүй юм шиг яралзтал инээмсэглэж, мэхэсхийн ёсолсноо, тасарсан утсаа дээшээ барьж харуулахад, сүлд модны чимэглэл шиг санжигнан гялтагнаж байлаа. Үзэгчид “ӨӨӨ...ӨӨӨ” гэсэн аялгыг нэгэн зэрэг амнаасаа гаргах шиг болсноо дахиад л эргэн тойронд чихээ бөглөчихсөн мэт дүлий дүмбэ... чив чимээгүй нөмөрлөө. Гагцхүү их гэрлийн бүрхүүл дотор л ямар нэг үл үзэгдэх шумуулын далавч шиг тааварлашгүй юм чичигнэн сэрвэгнэх шиг болсноос өөр хөдөлгөөн хааны ордоос хавьгүй тансаг илүү цул алтан чимэгтлэлт эртний буурал бадрангуй театр хоосорсон юм шиг чимээ алдарчээ.
Уулын хормойг ороосон манан будан алгуур дээшээ хөөрсөн хосгүй үзэсгэлэнт ой хөвч...гол горхины боргио, сэнгэнэсэн агаар салхины хөөмий исгэрээ...тэртээд хөхөө ч донгодох шиг... Төгсгөлийн аязыг аадар бороо шаагих шиг хийснээ хийлч бүсгүй далайн усанд хөл алдах шиг ганхасхийсэн ч согоо шиг гоо биеэ цэгцлэн барьж чадав.
-Ай урлагийн бурхан тэнгэр минь, харж байна уу? энэ чинь хаанахын, аль орны бүсгүй вэ? “Буурал үсийг минь шүргээд өнгөрөх галт шувуу” шиг яасан хачин юмс болоод өнгөрөв өө??? гэж түрүүчийн гурван алдартан бие бие рүүгээ гайхширан харлаа. Ахин дахин нижигнэтэл алга таших нь хэдэн зуунаар гайхамшигийн дор толгой бөхийхөө больсон өвгөн европын алтан тайз дорнын аугаа их хийлч, дорнын гоо үзэсгэлэнт дагинаас салж ядаж байх шиг байлаа.
Алга ташсаар...Чамгүй хугацаа өнгөрөхөд, өндөр хадан хясаанаас хүрхэрээ нүржигнэн буух шиг бүүр ч хүчтэй нижигнүүлэв. Энэ агшныг дарах мэт тайзан дээр тас хар богино хормойт хувцастай цав цагаан цамцан дээр эрвээхэй зангиа зүүсэн өндөр гоолиг залуу цээжин дээрээ гурван утастай хийлээ барьмаг болсон, мушгиа торгон үс нь задгайран доошоо асгарч, зүүн гар нь доош унжсан хун шиг бүсгүйг өргөсөөр гарч ирэхэд, театрынхан тэр чигээрээ дуу алдан “Юу вэ? яанаа... ...ухаан алдчихав уу?... амь тавьчихав уу?” гэж шивэр авирхийн хиртхийлээ.
Царай нь барайж хөхөрсөн залуу эмгэнэн өршөөл эрэх мэт ёсолсноо, нулимсаа тогтоож ядан уруул ам нь өмөлзсөөр бие нь чулуу шиг хөшсөн түүнийгээ тэвэрсээр тайзны араар ороход том хүрэн хөшиг зугуухан хаагдав.
-Тэр тасарсан утсанд учир байна. Утас ч биш, энэ бүсгүйн зүрхнийх нь судас юм байж...тэр нь тасарчихлаа...зүүдний цагаан мананд толгой эргэн зогсох шиг боллоо” гэж шивнэлдэн айдас хүйдэс, бахархал гуниг хүн бүхний нүүр царайд илрэхэд, агуу их театрын асар том болор унжлагат гэрлийг гурвантаа унтрааж, гурвантаа асаахад, “Ай хөөрхий энэ их театр хэдэн зуун жилийн түүхэндээ хоёрхон удаа гэрлээ ингэж гурвантаа унтрааж ёсолсон гэдэг.
Дорнын суут хийлчийн өмнө их театр маань өвдөг сөхөрлөө. Тэртээх таньж мэдэхгүй оронд байтугай, дорнод Азид хийл хөгжим байхгүй гэж боддог байсансан. Морины дэл хийсгэн, нүцгэн талаар л нэг их давхилдсан айхтар ширүүн дориун нүүдэлчид л амьдардаг орон гэсэн...тэнд ийм торгон сонгодог уянга...ийм хосгүй хөг аялгуу байдаг байжээ...бидний нүд сохорчээ... энэ хийлч бүсгүй сүүлчийн мөчид эх орныхоо тугийг мандуулчхаад тэнгэрт заларлаа даа, хөгжмийнхөө хэлээр диваажингийн орны охин шүү гэдгээ хэлчихлээ. Хумсны толионы чинээ жижигт л очир алмааз илүү гялалздаг юм шүү дээ, тэр орон жижиг байж болно...гэхдээ том орон байна... хоёр суутан минь” гэхэд үг дуугүй дүмбийсэн хоёр сонгодог хөгжмийн суутан санаа алдсанаа үг дуугүй толгой дохив.
Охин хонгор насандаа гоо үзэсгэлэнгээ гайхуулж, өвгөн өрнө дахиныг тэр чигээр нь шагшруулж, өвдөгөндөө мөргүүлж бишрүүлж явсан бөнжигнөсөн галуун хүзүүт цуутай хийлч авгай толгойгоо бөнжигнүүлэн, “За боллоо...боллоо.. жинхэнэ их урлаг ийм хувь тавилантай ...би ч бас ингэж алтан тайзан дээрээ сөхрөхийг мөрөөдөж, бодож явсан юм шүү. Одоо бол газрын эмгэн хумс шиг болчих нь чинээ санасангүй... Миний өмнө арай л эзэн хаан сөгдөөгүй юмсан...тэр бүхэн худал байж... “Хун шувуу нуурандаа жигүүрээ хумьдаг даа” гэж өөртөө шивнээд, ганган хийцийн зандан таягаа тулан, их театрынхаа аварга том болор унжлагат бүрхүүл өөд харсаар байвай.
2О21 он
Сэтгэгдэл ( 0 )