Гоо сайхны ажилбар хийлгэсэн 40 тэмээ тэмцээнээс хасагджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

 

Саудын Арабт болж буй сайхан тэмээ шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид 40 гаруй тэмээг хасжээ. Шалтгаан нь ботокс болон гоо сайхны ажилбарын тусламжтай гаднах төрхөө төгөлдөр болгосон гэнэ.

“Гоо тэмээ” тэмцээн нь Абдул Азиз хааны нэрэмжит тэмээний наадмын гол арга хэмжээнүүдийн нэг бөгөөд шагналын сан нь 66 сая ам.доллар байдаг байна.
Саудын Арабд унжсан урт уруул, том хамар, жигд гоё хэлбэртэй бөхтэй тэмээг сайханд тооцдог байна.

Тэмцээнд оролцох тэмээнүүдийн толгой, хүзүү, цээж, бөхийг рентген туяа болон хэт авиан сканер машинаар шалгадаг аж. Үзлэгээр нэр хүндтэй “мажахим” үүлдрийн 27 тэмээг эзэд нь бие эрхтнийг нь сунгаж янзалсан тул хассан бол 16 тэмээ ботокс, коллаген шахуулсан тул хасагджээ. Өмнөх жилүүдэд ийм тохиолдлууд гардаг байсан ч энэ жил гоо сайхны ажилбар хийлгэсэн тэмээний тоо дээд амжилтыг тогтоогоод байна.

Тэмцээний шүүгчдийн мэдээлснээр, тэмээний уруул, эрүү зэрэгт ботокс шахаж, булчинг нь сулладаг бол уруулыг томруулах зорилгоор коллаген шахдаг байна. Зарим тэмээний булчинг нэмэгдүүлэх зорилгоор дааврын бэлдмэл хүртэл өгч байсан бол энгийн хэрнээ эрүүл мэндэд хортой технологи ашиглах нь ч бий гэнэ. Тухайлбал, амьтны тодорхой эд, эрхтнийг резинэн олсоор сунгаж, татах тохиолдол ч гардаг байна.

Абдул Азизын нэрэмжит тэмээний баярыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилд наадамд АНУ, Франц, ОХУ зэрэг дэлхийн олон улс орноос ирсэн 33 мянган тэмээ оролцжээ. Энэ сарын 1-нд эхэлсэн баяр 40 хоног үргэлжилнэ.

Эр Рияд хотоос холгүй зохион байгуулагдаж буй арга хэмжээг өдөрт 100 мянга орчим жуулчин үзэж, сонирхдог байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.185.191) 2021 оны 12 сарын 10

Амьтныг хүртэл байгалаар нь байлгахгүй балайрсан лал ууд

0  |  0
Top