Дэлхийд анх удаа саперчин харханд хөшөө босгожээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Камбожийн Сиэмрип хотноо 2016 оноос хойш Камбожийн нутаг дэвсгэрийг минагүйжүүлэх ажиллагаанд оролцож байсан Магава нэртэй уутат хархны чулуун баримлыг босгожээ.
Хүний сайн сайхны төлөө үүрэг гүйцэтгэсэн таван жилийн хугацаанд Магава нийт 100 гаруй мина илрүүлж, 141 мянга гаруй кв метр талбайг минагүйжүүлсэн гавьяатай. Түүнийг Бельгийн АРОРО минагүйжүүлэх буяны байгууллага сургасан бөгөөд 20 минутын дотор теннисийн талбайн чинээний газарт мина хайх чадвартай байжээ. Яг ийм ажлыг хийхэд мина илрүүлэгчтэй хүнд 1-4 хоног шаардагддаг байна.
2020 оны есдүгээр сард Магаваг Их Британийн буяны PDSA байгууллага Алтан медалиар шагнаж байжээ. Эл шагналыг аврах үүрэгтээ үнэнчээр зүтгэсэн амьтдад хүртээдэг “Георгийн загалмай” гэж нэрлэдэг.
2021 онд тэтгэвэртээ гарсан Магава 8 насандаа 2022 онд үхсэн байна.
Камбож улсад мина байрлуулсан бүс нутагт сая гаруй хүн амьдарсан хэвээр байна. HALO Trust байгууллагын мэдээллээр, Камбож улсын 1970-1980-аад оны иргэний дайны үеэр булсан минад дэлбэрсний улмаас 64 мянган хүн амиа алдаж, 25 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй болжээ.
Мэргэжилтнүүд дэлбэрэх төхөөрөмж илрүүлэхэд хархнуудыг сургах нь түгээмэл. Учир нь эдгээр мэрэгч амьтан хөнгөн жинтэйгээс гадна үнэрлэх чадвар нь өндөр хөгжсөн байдаг байна.



Сэтгэгдэл ( 0 )