Японд аварга том бах мэлхий үржиж байгаад эрдэмтэд түгшиж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Японы Маккүори их сургуулийн эрдэмтэд хулсны хорт бах мэлхий хэмжээний хувьд томорч, биеийн хэлбэр нь өөрчлөгдсөн болохыг тогтоожээ.

“Royal Society Open Science” сэтгүүлд бичсэнээр, Японы өмнөд хэсгийн Ишигаки аралд амьдардаг бах мэлхийнүүд бусад бүс нутгийн ижил төрөл зүйлээсээ биеэр хамаагүй том болохыг судалгаа харуулжээ. Японы мэлхийн жин дунджаар 190 гр байгаа бол Австралийнх 135 гр татдаг байна.

Нэг зуу хүрэхгүй жилийн дотор хулсны бах мэлхийнүүд хоорондын хэмжээ, биеийн бүтцийн ялгаа бий болсныг эрдэмтэд онцолжээ. Тэдний үзэж буйгаар, хувьслын явцын хурдны тухай уламжлалт ойлголтыг бодвол энэ нь илүү хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгааг харуулж байгаа аж.

Хортойгоороо алдартай хулсны бах мэлхийг хөдөө аж ахуйн хортон шавжтай тэмцэх зорилгоор ХХ зуунаас эхлэн дэлхийн олон улс орон Өмнөд Америкаас авч, нутагшуулж эхэлжээ.

Хулсны бах мэлхийн хурдацтай явагдаж байгаа хувьслын шалтгааныг эрдэмтэд одоогоор тогтоогоогүй байгаа ч Японы арлын таатай уур амьсгал, араатан амьтдын зүгээс ирэх аюул бурсантай холбоотой байж магадгүй гэж таамаглаж байна. Энэхүү судалгаа нь хувьслын өөрчлөлт удаан явагддаг гэсэн ойлголтыг үгүйсгэж байгаа бөгөөд амьдрах орчин огцом өөрчлөгдөхөд төрөл зүйлүүд илүү хурдан дасан зохицдог болохыг харуулж байна гэж эрдэмтэд дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top