Маршал Мошер гэгч бизнесмен, адал явдал эрэлхийлэгч залуу хөдөлгүүрт шүхрээр Гиза пирамидын дээгүүр нисэж байхдаа Гизагийн орой дээр 4 хөлтэй амьтан байгааг харуулсан дүрс бичлэгээ Инстаграмдаа оруулжээ.
“Нохой Гизагийн агуу пирамидын оройд хүрчээ” гэсэн гарчигтай түүний бичлэгийг 23 сая хүн үзээд байна. Зарим инстаграмын хэрэглэгч “Энэ бол нохой биш үхлийн бурхан Анубис. “Түүнийг нас барагсдын хөтөч, булшны хамгаалагч гэж үздэг. Тийм учраас пирамидын дээр нь байгаа юм” гэсэн коммент үлдээжээ.
Сонирхолтой нь Гизагийн пирамид руу нохой авирах нь тийм ч хачирхалтай үзэгдэл биш аж. Ойр орчимд олон ноход амьдардаг бөгөөд тэд Хуфу фараоны бунханд авирч, бууж байгаа нь элбэг гэнэ.
Хуфу хааны бунхан болох Гизагийн пирамид нь МЭӨ 2600 онд баригдаж байжээ. Дэлхийн долоон гайхамшгийн хамгийн эртнийх нь болох Гизагийн агуу пирамид нь анх 146.6 метр өндөртэй байсан бол олон мянган жилийн турш элэгдсээр 138.5 метр болжээ. Жил бүр дунджаар 14 сая жуулчин энэ байгууламжийг харахаар ирдэг аж.
Х.Энхболд
Сэтгэгдэл ( 0 )