Израил Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явсан флотыг саатуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

Израилын цэргүүд палестинчуудад хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилгоор Газын зурвас руу эрэгт дөхөж явсан есөн хөлөг онгоцыг саатуулаад байна. Израилын хүчин “Сумуд” флотын.хөлгүүдийн эсрэг даралттай ус ашиглан, идэвхтнүүдтэй харгис харьцаж байна гэж Al Mayadeen дамжуулжээ.

“Сумуд” флот есдүгээр сарын дунд үед Тунисээс гарчээ. Флотын бүрэлдэхүүнд олон орны 40 гаруй хөлөг онгоц багтаж байгаа бөгөөд нэгт нь Шведийн идэвхтэн Грета Тунберг явж байжээ. Флотын зорилго нь зурвасын бүслэлтийг сэтэлж, палестинчуудад хүмүүнлэгийн тусламж хүргэх явдал байв. Израилын эрх баригчид хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст хамгийн ойр Израилын боомтод үлдээхийг санал болгосон ч идэвхтнүүд татгалзсан байна. Израилын гадаад хэргийн яамны мэдэгдэлд Грета Тунберг нөхдийн хамтаар аюулгүй байгаа аж.

Тус хэргийг Туркийн гадаад хэргийн яам алан хядах ажиллагаа хэмээжээ. Мэдэгдэлд тус флот зурвасын хүн амд зориулсан хүмүүнлэгийн тусламж тээвэрлэж байсан бөгөөд Израилын талын үйлдэл нь олон улсын эрх зүйг зөрчиж, гэм буруугүй энгийн иргэдийн амь насанд заналхийлж байна. Эл халдлага нь Нетаньяхугийн засгийн газрын явуулж буй эзлэн түрэмгийлэх фашист бодлого зөвхөн палестинчуудаар үл хязгаарлагдан Израилын зүгээс явуулж буй бодлогын эсрэг тэмцэж буй хүн бүрийн эсрэг чиглэгдсэнийг илтгэж байна гэжээ. Туркийн гадаад хэргийн саатуулагдсан идэвхтнүүдийг аль болох ойрын хугацаанд суллахын тулд арга хэмжээ авч байна гээд НҮБ болон олон улсын байгууллагуудад хандан Газын зурвасын хууль бус бүслэлтийг таслан зогсоох чиглэлд арга хэмжээ авахыг уриалжээ.

Колумбын ерөнхийлөгч Густаво Петро Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байсан “Сумуд” флот руу халдсан хэргийн дараа Израилтай байгуулсан худалдааны хэлэлцээрээ цуцалжээ. Тэрбээр “Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Нетаньяху гэмт хэрэг үйлдэж байгаа нь харагдаж байна. Олон улсын усан хилийн бүсэд явж байсан флотын хөлөгт Колумбын хоёр иргэн байсан” гэж Петро тодруулжээ. Тэрбээр Израилын бүх дипломатчид тус улсыг орхин гарна гэж мэдэгдсэн байна.

Аравдугаар сарын 1-ий орой Израилын тэнгисийн цэргийн 20 гаруй хөлөг онгоц “Сумуд” флотыг бүсэлж, чиглэлээ өөрчлөх, цэргийн ажиллагаа явж буй бүсэд ойртохгүй байхыг шаардсан байна. Удалгүй флоттой холбоо тасарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top